Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 343

 

 

 

 

 

 

2020        04          29                                   2020/ШЦТ/343

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр, 

улсын яллагч С.Энхтуул,

  шүүгдэгч Т.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Т.Б-д холбогдох эрүүгийн 2011 00000 0341 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-270 тоотод оршин суух хаягтай

-урьд 1999 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дархан уул аймгийн сум дундын шүүхийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 916 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овгийн Т.Б, регистрийн дугаар //.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргий 19 дүгээр хороо, Ар согоот 1 дүгээр гудамжны 270 тоотод Д.Ихтамирыг дуудахаар гарч ирсэнгүй гэх шалтгаанаар шилбэ рүү өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, бугалга, хоёр тохойн хонхор, цээжинд цус хуралт, шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Ихтамир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Т.Б над руу залгаад сүүлчийн удаа уулзъя, надад нохойны хоол, тамхи аваад ирээч гээд гуйсаны дагуу өдөр 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоот гэдэг газарт байх гэрт нь очсон юм. Тэгээд гэрт нь Т.Б бид 1 хоол унд хийж идээд 1 шил 0,5 литрийн хараа нэртэй архи уусан. Уг архинаас би нэгээс 2 хундага л уусан. Тэгээд Т.Б гадаа гарч утсаар ярьчихаад буцаж орж ирэхдээ намайг хувцасаа өмсөөд хойд талын гэр лүү орж бай гээд оруулсан. Тэгээд ойролцоогоор 1 цагийн дараа хойд талын гэрээс нь би гараад харахад Т.Б гэрийн хашаанаас нэг үл таних эмэгтэйн хамт гарч явж харагдсан. Тэгээд би Бат-Эрдэний гэр лүү нь ороход араас Т.Б орж ирэнгүүтээ намайг дуудахаар орж ирсэнгүй гээд миний 2 хөлийн шилбэ рүү хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд би Т.Б-с гар утсаа авах гэтэл гар утсыг минь ломбарданд тавина гээд авсан. Тэгээд намайг Т.Б гэрээс манай дүү Тулга, миний хүү Нямбаяр нар ирж авсан. Тухайн үед манай дүү Тулга ирж авахад Т.Б гэрт би гар утсаа үлдээгээд явсан юм. Дараа нь Т.Б миний гар утсыг ломбарданд тавиад 7 хоногийн дараа аваад өгье гэхэд нь зөвшөөрсөн. Тэгээд миний гар утсыг ломбарднаас мөнгөгүй гэх шалтгаанаар авч өгөхгүй байхаар нь би цагдаад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 дүгээр хуудас/

Гэрч Д.Тулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манай эгч Ихтамирын байгаа гэх Чингэлтэй дүүргий 19 дүгээр хороо, Ар согоот 1-270 тоот хаягаар нь очиход Т.Б, манай эгч Ихтамир нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба эгчийг авч явах гэсэн чинь эгч Ихтамирын 2 хөлний шилбэ нь хөхөрч хавдчихсан, хөл дээрээ тогтож чадахгүй, намайг хараад уйлаад байсан. Тэгээд би эгчийн нэг талаас өргөж Т.Б нөгөө талаас нь өргөж эгчийг гэрээс гарахад гэрийн үүднээс эгч Ихтамирын хүү Нямбаяр Т.Б-с авч эгч Ихтамирыг машинд суулгасан. Тэгээд би эгчийг ээжийн гэрт хүргэж өгөөд гэр лүүгээ явсан. Тухайн үед эгчийн 2 хөлний шилбэ нь үнэхээр аймар хөхөрч, хавдсан аймар болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4054 дугаартай “...Д.Ихтамирын биед баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, бугалга, хоёр тохойн хонхор, цээжинд цус хуралт, шилбэнд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ихтамир өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай гэрт ирж бид хоёр Ихтамирын авч ирсэн архийг хуваагаад ууж байтал миний гар утас дуугарч улмаар одоо хамт амьдрах гэж байгаа Цэнд очиж байна гэхэд нь би Ихтамирыг хашаан доторх хойд талын гэр лүү оруулж дуудахаас нааш битгий гарч ирээрэй гэсэн юм. Тэгээд Цэнд гэрт ирээд бид хоёр уулзаж байж байгаад Цэндийг явахад нь би хашаанаас гаргах мөчид Ихтамир хойд талын гэрээс гарч ирсэнийг Цэнд хараад уурлаад явсан. Тэгээд эргээд гэртээ ороход Ихтамир манай гэрт орж ирээд сууж байхаар нь би уурандаа хөлөөрөө шилбэ рүү нь өшиглөж манай гэрээс зайлаач, яваач хүнд дандаа гай болж байх юм гэсэн чинь Ихтамир үгүй би явахгүй танайд хононо гээд надаас зууралдаад байхаар нь би Ихтамирын цээж рүү нь гараараа түлхээд цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 37-44/, Улсын бүртгэлийн шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, цахим үнэмлэх аваагүй тухай албан бичиг /хх 48/, ажлын газрын тодорхойлолт /хх 60/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 98дугаар тогтоол /хх 61/, шүүгдэгч Т.Б, хохирогч Д.Ихтамир нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 57-58/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргий 19 дүгээр хороо, Ар согоот 1 дүгээр гудамжны 270 тоотод Д.Ихтамирыг дуудахаар гарч ирсэнгүй гэх шалтгаанаар шилбэ рүү өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, бугалга, хоёр тохойн хонхор, цээжинд цус хуралт, шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Ихтамирын “...Тэгээд би Т.Б гэр лүү нь ороход араас Т.Б орж ирэнгүүтээ намайг дуудахаар орж ирсэнгүй гээд миний 2 хөлийн шилбэ рүү хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд би Т.Б-с гар утсаа авах гэтэл гар утсыг минь ломбарданд тавина гээд авсан. Тэгээд намайг Т.Б гэрээс манай дүү Тулга, миний хүү Нямбаяр нар ирж авсан. Тухайн үед манай дүү Тулга ирж авахад Т.Б гэрт би гар утсаа үлдээгээд явсан юм. Дараа нь Т.Б миний гар утсыг ломбарданд тавиад 7 хоногийн дараа аваад өгье гэхэд нь зөвшөөрсөн. Тэгээд миний гар утсыг ломбарднаас мөнгөгүй гэх шалтгаанаар авч өгөхгүй байхаар нь би цагдаад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 дүгээр хуудас/, гэрч Д.Тулгын “...манай эгч Ихтамирын байгаа гэх Чингэлтэй дүүргий 19 дүгээр хороо, Ар согоот 1-270 тоот хаягаар нь очиход Т.Б, манай эгч Ихтамир нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба эгчийг авч явах гэсэн чинь эгч Ихтамирын 2 хөлний шилбэ нь хөхөрч хавдчихсан, хөл дээрээ тогтож чадахгүй, намайг хараад уйлаад байсан. Тэгээд би эгчийн нэг талаас өргөж Т.Б нөгөө талаас нь өргөж эгчийг гэрээс гарахад гэрийн үүднээс эгч Ихтамирын хүү Нямбаяр Т.Б-с авч эгч Ихтамирыг машинд суулгасан. Тэгээд би эгчийг ээжийн гэрт хүргэж өгөөд гэр лүүгээ явсан. Тухайн үед эгчийн 2 хөлний шилбэ нь үнэхээр аймар хөхөрч, хавдсан аймар болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4054 дугаартай “...Д.Ихтамирын биед баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, бугалга, хоёр тохойн хонхор, цээжинд цус хуралт, шилбэнд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Б “...би Ихтамирыг хашаан доторх хойд талын гэр лүү оруулж дуудахаас нааш битгий гарч ирээрэй гэсэн юм. Тэгээд Цэнд гэрт ирээд бид хоёр уулзаж байж байгаад Цэндийг явахад нь би хашаанаас гаргах мөчид Ихтамир хойд талын гэрээс гарч ирсэнийг Цэнд хараад уурлаад явсан. Тэгээд эргээд гэртээ ороход Ихтамир манай гэрт орж ирээд сууж байхаар нь би уурандаа хөлөөрөө шилбэ рүү нь өшиглөж манай гэрээс зайлаач, яваач хүнд дандаа гай болж байх юм гэсэн чинь Ихтамир үгүй би явахгүй танайд хононо гээд надаас зууралдаад байхаар нь би Ихтамирын цээж рүү нь гараараа түлхээд цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Д.Ихтамир нь “...Бид хоорондоо эвлэрсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Т.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б.-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ