Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 344

 

 

 

 

 

 

 

 

2020        04          29                                   2020/ШЦТ/344

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр, 

улсын яллагч С.Энхтуул,

  шүүгдэгч Г.Г /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гурван тамир овогт Г.Г-д холбогдох эрүүгийн 2011 00512 0353 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мобишоп гар утасны худалдааны төвд гар утас засварчин, ам бүл 1, Баянзүрх дүүргийн Чулуун овоонд амьдардаг гэх /иргэний үнэмлэхний хаяг: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум 5 дугаар баг, Халбан/, урьд ял шийтгэлгүй,

Гурван тамир овгийн Г.Г /РД: /

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Г / / нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Моби шоп" гар утасны худалдааны төв дотор Д.Одонтунгалаг, С.Оюунханд нарыг “манай ах Хөвсгөл аймагт гар утасны лангуу ажиллуулдаг ба зээлээр гар утас авч ахаараа заруулаад мөнгийг нь өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон Д.Одонтунгалагаас 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Самсунг галакси эс-8” гар утас 1 ширхэг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Самсунг галакси эс-8” маркийн гар утас 4 ширхэг, “Самсунг эс-8” актив маркийн гар утас 1 ширхэгийг тус тус залилан авч 1.954.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн С.Оюунхандаас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Самсунг эс-8” гар утас 2 ширхэг, “Самсунг эс-9” гар утас 1 ширхэг, “Самсунг Эс-8 плас” гар утас 2 ширхэгийг тус тус залилан 1.780.000 төгрөгийн хохирол учруулж нийт 3.734.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогч нарт хохиролоо 5.1 гэхэд бүрэн барагдуулна.Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Одонтунгалаг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Монтел худалдааны төвийн хажууд байрлах Моби шоп гар утас худалдааны төвд гар утас зарахаар түрээслэн суудаг юм. Гар утас зарж байх хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сараас хойш манай ажлын дээд давхарын гар утас засварт ажилладаг Г.Г гэх залуу орж ирээд та дүүдээ гар утас өгч байгаач манай ах Хөвсгөл аймагт гар утасны лангуу ажиллуулдаг юм, би өгсөн гар утсыг чинь хэдэн төгрөг нэмж зараад заасан цаг хугацаандаа эргүүлээд мөнгийг нь өгье гэж хэлээд 3-4 удаа авч зараад мөнгийг нь өгөөд яваад байсан. Тэгээд хамгийн сүүлд буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дахин орж ирээд манай ахын гар утас багасаж байна тийм болохоор таниас гар утас аваад зарж өгөөд эргүүлээд мөнгийг нь удаахгүй өгчихнө гэж хэлээд Самсунг эс-8 загварын гар утаснаас 4 ширхэг /зарагдаж байгаа үнэ нь 320.000- 400.000/ төгрөгийн үнэтэй, үүнийг нийтэд нь 1.360.000 төгрөгөөр бодож өгч байсан. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр надаас Самсунг галакси эс-8 маркийн гар утас 4 ширхэг, эс 8 актив маркийн гар утас 1 ширхэг нийт 5 ширхэг гар утас авсан. Тухайн үедээ би зарлагын баримт дээр гарын үсэг зуруулж, өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр гарын үсэг зуруулж өгсөн. Г.Г гар утас авахдаа манай ах Хөвсгөл аймагт гар утас зардаг, ах руугаа явуулаад мөнгө нэмж зараад мөнгийг нь танд өгье гэж хэлсэн юм. Гэхдээ ах гэх хүнтэй нь холбогдсон зүйл байхгүй. Г.Г-д итгээд гар утсаа өгч байсан. Өмнө нь авч байсан гар утасны мөнгөө өгч байсан болохоор итгэсэн. Үүнээс гадна 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Самсунг галакси эс-8 маркийн гар утсыг 320.000 төгрөгөөр тооцож аваад 12 дугаар сарын 23-ны өдөр энэ утасны 80.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 240.000 төгрөг өгөлгүй үлдсэн. Ингэхээр би нийт 1.960.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/,

Хохирогч С.Оюунханд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Моби шоп гар утас худалдааны төвд гар утасны лангуу түрээслэн ажиллуулдаг юм. Манай төвийн дээд давхарт утас засварт ажилладаг Г.Г гэх залуу надаас болон миний хажууд суудаг Одонтунгалаг бид хоёр дээр орж ирээд та хоёр дүүдээ гар утас өгч байгаач манай нэг ах Хөвсгөл аймагт гар утасны дангуу ажиллуулдаг юм. Би өгсөн гар утсыг чинь хэдэн төгрөг нэмж зарчихаад өснө гэсэн хугацаандаа эргүүлээд мөнгийг чинь өгье гэж хэлээд хэд хэдэн удаа гар утас аваад зараад мөнгийг нь эргүүлэн өгөөд яваад байсан. Сүүлд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дахин орж ирээд манай ахын гар утас багасаж байна тийм болохоор танаас гар утас аваад зарж өгөөд эргүүлээд мөнгийг нь удаахгүй өгчихнө гэж хэлээд миний хажуугийн лангууны Одонтунгалагаас самсунг эс-8 загварын гар утас 5 ширхэгийг аваад надаас Самсунг эс-8 гар утас 2 ширхэг, Самсунг эс-9 гар утас 1 ширхэг, Эс-8 плас гар утас 2 ширхэг, нийтдээ 1.900.000 төгрөгийн утас авсан. Тэгээд дараа нь Г.Г-тэй холбогдоод утаснуудыг зарсан уу мөнгөө авмаар байна гэхэд би ганц хоёр л утас зарсан мөнгийг нь удахгүй өгнө гэхээр нь зарагдаагүй утаснуудаа авъя чи аваад ир гэхэд за за гэж хэлээд утсаа ч авахгүй алга болчихсон. Өмнө нь 2019 оны 11 дүгээр сард 3 удаа гар утас авч яваад мөнгийг нь өгч байсан. Надаас сүүлд авсан гар утасны мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Зарагдсан гар утасныхаа мөнгийг ядаж өгөөч гэхээр дансаа явуулчих гэж хэлээд мөнгө шилжүүлэхгүй худал хэлээд залилаад яваад байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 24-25, 27-28 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би Мобишоп гар утасны худалдааны төвд гар утас засварладаг, ингэхдээ цуг ажилладаг гар утас зардаг Одонтунгалаг, Оюунханд нараас гар утсыг нь Хөвсгөл аймагт байдаг ах руугаа өгч явуулаад зараад өгье гэж хэлээд авсан юм. Өмнө нь бол гар утсаараа покер тоглоод мөнгөө алдчихсан болохоор тэр 2 эгчээс авсан мөнгөө покер тоглоод өсгөчихье гэж бодоод тоглоод дуусгачихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 37/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 38/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 39/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 40/, Хаан банкны дансны хуулга /хх 51-60/, хохирогч Д.Одонтунгалаг, С.Оюунханд нартай хийсэн эвлэрлийн гэрээ /хх 65, 69/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 97 дугаар тогтоол /хх 72/, шүүгдэгч Г.Г-ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 68/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Г / / нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Моби шоп" гар утасны худалдааны төв дотор Д.Одонтунгалаг, С.Оюунханд нарыг “манай ах Хөвсгөл аймагт гар утасны лангуу ажиллуулдаг ба зээлээр гар утас авч ахаараа заруулаад мөнгийг нь өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон Д.Одонтунгалагаас 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Самсунг галакси эс-8” гар утас 1 ширхэг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Самсунг галакси эс-8” маркийн гар утас 4 ширхэг, “Самсунг эс-8” актив маркийн гар утас 1 ширхэгийг тус тус залилан авч 1.954.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн С.Оюунхандаас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Самсунг эс-8” гар утас 2 ширхэг, “Самсунг эс-9” гар утас 1 ширхэг, “Самсунг Эс-8 плас” гар утас 2 ширхэгийг тус тус залилан 1.780.000 төгрөгийн хохирол учруулж нийт 3.734.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Одонтунгалагийн “...Өмнө нь авч байсан гар утасны мөнгөө өгч байсан болохоор итгэсэн. Үүнээс гадна 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Самсунг галакси эс-8 маркийн гар утсыг 320.000 төгрөгөөр тооцож аваад 12 дугаар сарын 23-ны өдөр энэ утасны 80.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 240.000 төгрөг өгөлгүй үлдсэн. Ингэхээр би нийт 1.960.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/, хохирогч С.Оюунхандын “...Тэгээд дараа нь Г.Г-тэй холбогдоод утаснуудыг зарсан уу мөнгөө авмаар байна гэхэд би ганц хоёр л утас зарсан мөнгийг нь удахгүй өгнө гэхээр нь зарагдаагүй утаснуудаа авъя чи аваад ир гэхэд за за гэж хэлээд утсаа ч авахгүй алга болчихсон. Өмнө нь 2019 оны 11 дүгээр сард 3 удаа гар утас авч яваад мөнгийг нь өгч байсан. Надаас сүүлд авсан гар утасны мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Зарагдсан гар утасныхаа мөнгийг ядаж өгөөч гэхээр дансаа явуулчих гэж хэлээд мөнгө шилжүүлэхгүй худал хэлээд залилаад яваад байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 24-25, 27-28 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Ггийн “...би Мобишоп гар утасны худалдааны төвд гар утас засварладаг, ингэхдээ цуг ажилладаг гар утас зардаг Одонтунгалаг, Оюунханд нараас гар утсыг нь Хөвсгөл аймагт байдаг ах руугаа өгч явуулаад зараад өгье гэж хэлээд авсан юм. Өмнө нь бол гар утсаараа покер тоглоод мөнгөө алдчихсан болохоор тэр 2 эгчээс авсан мөнгөө покер тоглоод өсгөчихье гэж бодоод тоглоод дуусгачихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Г.Г-гээс хохирогч Д.Одонтунгалагт 1.145.000 төгрөг, С.Оюунхандад 930.000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Г.Г нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ дээрх хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал, түүнийг зөвшөөрч шүүгдэгч нарын гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гурван тамир овогт Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-гээс хохирогч Д.Одонтунгалагт 1.145.000 төгрөг, С.Оюунхандад 930.000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

5. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ