Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 71

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

    Шүүгчид                              Ц.Амаржаргал                                       

                                                                             Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                                  Прокурор                            Э.Энхбат

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 131 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Өөлд овогт Наранчимэгийн Оюунжаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718020101 дугаартай, 149/2017/0081/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1997  оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт,  Сэлэнгэ аймгийн Мандал сум 2 дугаар баг Ширхэнцэгийн 05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт Наранчимэгийн Оюунжаргал /Регистрийн дугаар: МИ97051909/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Н.Оюунжаргал нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хайлаастын 182 тоотод 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ц.Аюуш, Д.Нэмэхжаргал нарын байшингийн 90*40 см-ийн харьцааны вакум цонх болон “Бонго Жи” маркийн 37-02 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы шил зэргийг санаатайгаар хагалж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээж 75.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Н.Оюунжаргалд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 131 дугаартай шүүгчийн захирамжаар:

-Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 онд Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй болсон тул шүүгдэгч Н.Оюунжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч Н.Оюунжаргалд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “...Шүүгдэгч Н.Оюунжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” байна.

1.Шүүх хэргийг хянан хэлэлцээд цагаатгах ба шийтгэх тогтоол гаргахаар  хуульчилсан байхад шүүх Н.Оюунжаргалд холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгох захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийг зөрчжээ.

2.Шүүгч хэргийг анхан шатны хурлаар хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Оюунжаргалын үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулиар “гэмт хэрэгт тооцогдохгүй болсон” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж улсын яллагч ... нарт гардуулж өгнө” гэж заасан байхад шүүгч 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 131 дугаартай шүүгчийн захирамжийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гардуулж өгсөн нь дээрх заалтыг зөрчиж 2 сар 20 хоногийн дараа гардуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 131 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно.”  гэжээ.

 

Тодорхойлох нь:

 

  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Н.Оюунжаргал нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хайлаастын 182 тоотод 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ц.Аюуш, Д.Нэмэхжаргал нарын байшингийн 90*40 см-ийн харьцааны вакум цонх болон “Бонго Жи” маркийн 37-02 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы шил зэргийг санаатайгаар хагалж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээж 75.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153  дүгээр зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  131 дугаартай шүүгчийн захирамжаар “гэмт хэргийн шинжгүй” болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлийн дагуу Н.Оюунжаргалд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

 Н.Оюунжаргал нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хайлаастын 182 тоотод 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ц.Аюуш, Д.Нэмэхжаргал нарын байшингийн 90*40 см-ийн харьцааны вакум цонх болон “Бонго Жи” маркийн 37-02 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы шил зэргийг санаатайгаар хагалж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээж 75.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Нэмэхжаргалын мөрдөн  байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, шүүгдэгч Н.Оюунжаргалын сэжигтэн, яллагдагчаар  болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн хэдий ч түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй болжээ.

Зүй нь Н.Оюунжаргалд холбогдох хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Мөн анхан шатны шүүх Н.Оюунжаргалд холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33 дахь хэсэгт  “шүүхийн шийдвэр гэж Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3,   31.4-т заасныг ойлгоно”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Шүүх захиргааны зөрчил, хэрэг, маргааныг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 31.3.1-т “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр гаргана”, 31.4 дэх хэсэгт  “Энэ хуулийн 31.3-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэж заасныг зөрчжээ.

Түүнчлэн шүүх Н.Оюунжаргалд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн хянан шийдвэрлэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэсэн заалтыг зөрчиж, “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ёсчилж, дээрх хуульд заасан хугацааг 66 хоногоор хэтрүүлсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүхээс зөвтгөн хэргийг шийдвэрлэх боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 131 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн  1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн  1.3, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын  шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 131 дугаартай  шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Оюунжаргалд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосныг дурдсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ