Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 09

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би Н.Б-ын Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/109 захирамжийг хүчингүй болгож ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, мөн энэ хугацааны цалин, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг холбогдорх байгууллага, албан тушаалтнуудаас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн захирамжаар Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байхад надтай Засаг дарга Д.Г үр дүнгийн гэрээ байгуулаагүй, Сургуулийн сантехникийн засвар хийх санхүүжилтийг олохын тулд багш сурагчдын амралтын үеэр 7 дугаар сарын эхээр хэсэг хүмүүсийг сургууль дээр 2 хоног байрлуулж, түрээс авч засвар хийснийг шашны үйл ажиллагааг дэмжлээ гэх зэргээр байнгын дарамт, шахалт үзүүлж байсан.

Мөн Засаг даргын орлогч Ч.У намайг хот руу 5 дугаар сард семинарт явахад: дэмий тэнэлээ, Сонгуулийн ерөнхий хорооноос Аймгийн Сонгуулийн хороонд ажиллахаар томилон ажилласныг сонгуулийн хороогоор гүйлээ гэх мэтээр элдэв үгээр дайрч давшилж байсан зэргээс шалтгаалж аргагүй байдалд орж захирлын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргуулсан. 2017 оны 09 дүгээр сард Аймгийн орлогч дарга Ч.У, 10 дугаар сарын 06-нд Ховд аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын дарга М.П нарт тус тус өргөдөл гаргаж, цаашид багшаар ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны Б/109 дүгээр захирамжаар 12 жилийн 3 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Боловсрол соёл, урлагийн дэд дарга Нарандоржоор ахлуулсан ажлын хэсэг ажил хүлээлцүүлсэн. Миний бие цаашид хэрхэн ажиллах талаар, ажлын байраар хангаж өгөх талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Гантөмөр, Боловсрол соёл, урлагийн газрын дарга М.П, дэд дарга Нарандорж нартай удаа дараа уулзан ярилцсан боловч тодорхой шийдвэр гаргалгүй, ажлаас гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Миний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар хуулийн дагуу хариу мэдэгдэлгүй гэнэт захирамж гаргалаа. Миний бие 2016 оны 07 дугаар сард орон нутгийн сонгуулийг зохион байгуулах Ховд аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр томилогдож, зарим сумдад сонгуулийн маргаантай байдлаас болон Сонгуулийн хороо татан буугдаагүй бүрэн эрх нь хэрэгжиж байгаа юм. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг зөрчсөн байна. Иймд Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/109 захирамжийг хүчингүй болгож ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, мөн энэ хугацааны цалин, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг холбогдорх дээр дурдсан байгууллага, албан тушаалтнуудаас гаргуулахыг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын байгуулсан эвлэлрийн гэрээнд: Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.М бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу дараах нөхцлөөр эвлэрэв. Үүнд:

  1. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Н.Б-г Жаргалант сумын 3 дугаар сургуульд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үндсэн багшийн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцон олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ,
  2. Нэхэмжлэгч Н.Б-ын багшийн ажлын үндсэн цалин, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн мөнгөн урамшуулал зэргийн нэмэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн олгоно,
  3. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/109 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан захирлын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзана.
  4. Энэхүү эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч, хариуцагч нараас захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж, үүссэн маргаан дуугавар болгохоор тохиолцов гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/109 захирамжийг хүчингүй болгож ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, мөн энэ хугацааны цалин, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас гаргуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгч Н.Б-г Жаргалант сумын 3 дугаар сургуульд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үндсэн багшийн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцон олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нэхэмжлэгч Н.Б-ын багшийн ажлын үндсэн цалин, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн мөнгөн урамшуулал зэргийн нэмэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн олгохоор, нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/109 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан захирлын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бичгээр  байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Хариуцагчийн нэхэмжлэгчтэй эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар Н.Б-ын Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/109 захирамжийг хүчингүй болгож ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, мөн энэ хугацааны цалин, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг холбогдорх байгууллага, албан тушаалтнуудаас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.ЯНЖИНДУЛАМ