Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 06

 

Хас банкны Говь-алтай салбарын нэхэмжлэлтэй 
иргэний хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн
 давж заалдах шатны шүүхийн шүүх
 хуралдааны бүрэлдэхүүнд: 
                                                                         Даргалагч  Ерөнхий шүүгч: Ш.Баттогтох 
                                                                    Шүүгчид: М.Нямбаяр, Т.Жаргалсайхан 
Оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чанцалдарь
 Нарийн бичгийн дарга: О.Дэжидмаа

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнгийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарын төлөөлөгч Г.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, Я.Нарантуул, Б.Ерөөлт нарт холбогдох 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200019388 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 41.548.101.14 төгрөг, хүү 3.416.853,98 төгрөг нийт 44.964.955,12 төгрөг болон зээлийн гэрээ хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсний зардал 108.000 төгрөг нийт 45.072.955,12 төгрөгийг гаргуулж, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 
    
    Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Бадрах овогтой Ерөөлт, Ядмаа овогтой Нарантуул нар нь 12 дугаар сарын 9-ний өдөр Хас банкны Говь-Алтай салбартай 1200019388 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу 41.559.911,70 төгрөгийн зээлийг 46 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт байршилтай, 000529987 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 060709010 дугаартай, 288 м.кв талбай бүхий авто засвар худалдаа үйлчилгээний зориулалттай 13 жилийн хугацаанд эзэмших эрхийн газар, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зүүн талд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн 000241656 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-0518002320 дугаартай үйлчилгээний зориулалттай 288 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь 1200019388 тоот барьцаат зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй төлөхөөс зайлсхийж байгаа болно. Банкны зүгээс зээлдэгч Бадрах овогтой Ерөөлт болон түүний эхнэр Ядмаа овогтой Нарантуул нартай удаа дараа уулзаж зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, банкин дээр ирж уулзах, зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. Зээлдэгч нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 112 хоногийн хугацаа хэтэрсэн. Зээлдэгч нь 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар үндсэн зээл 11.810.56 төгрөг, хүү 4.988.189.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0.04 төгрөг нийт 5.000.000 төгрөг төлсөн ба одоо үлдэгдэл 44.964.955.12 төгрөг байгаа болно. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар  зүйлийн  22.1,  иргэний  хуулийн  221 дүгээр зүйлийн 221.3, 225.2, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дэх хэсэг болон зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4, 5.1.6 дахь заалтын дагуу барьцаа хөрөнгөөр болон бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200019388 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 41548.101.14 төгрөг, хүү 3.416.853.98 төгрөг нийт 44.964.955.12 төгрөг болон зээлийн гэрээ хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсний зардал 108.000 төгрөг нийт 45.072.955.12 төгрөгийг гаргуулж, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.Нарантууул шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр  40.000.000 төгрөгийг зээлийн 2.1 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгөөр зээл авсан. Банктай байгуулсан 12000388 тоот гэрээний дагуу эргэн төлөлтийг хийж байсан. Зээл төлөхдөө 1-3 өдөр хойшилж төлөлт хийгдэж байсан нь үнэн. Банкны зүгээс 112 хоногийн хугацаа хэтэрсэн гэж шүүхэд хандсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. 1-2 хоногийн хугацаа хэтрэлттэй төлж байсан нь үнэн. Мөн бид хоёрыг дуудсан үед нь очихгүй зугтаж байсан тохиолдол гаргаж байгаагүй, шүүхэд өгөх талаар бид хоёрт ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Хас банкны нэхэмжлэлд заасан зарим заалтуудыг бид хоёр эс зөвшөөрч байна. Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэж байна. Бид нар зээлийн төлөлт хийх хугацааг зарим үед хэтрүүлж байсан ч төлөлтөө боломжоороо төлж байсан. 5.1.4-т “Зээлдэгчийн бизнес үйл ажиллагаа зогссон” гэж байна. Манайх 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн Ховд болон Ховдын Булганы зорчигч нарыг хооллохоор гэрээ хийсэн. 7 хоногт дунджаар 3 автобус ирдэг, мөн Алтайн Хүдэр, Цээл сумын ажилчид манайхтай гэрээ хийж хамтран ажиллаж байгаа. 5.1.6-д “Зээлдэгч төлбөр төлөх чадвар буурсан, дампуурсан, татан буугдсан” гэж байна. Манай төлбөрийн чадвар буураагүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж, жигдэрч байгаа. Манай гэр бүлийн хүн машин засварын хөлс, буудлын хөлс олж байгаа. Мөн шүүхэд өгсөн өдрөөс хойшхи хугацаа хэтрэлтийн мөнгийг төлчихсөн одоо сүүлийн 11, 12 сарын мөнгийг төлөөгүй байгаа. Тэр мөнгийг энэ сарын 15-ны өдрөөс өмнө төлчихнө. Сарын дотор 3.062.000 төгрөгийг л олсон гэжээ.
    
Анхан  шатны шүүх: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлйин 204.1-д  заасныг үндэслэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 4 дүгээр гудамж 15 тоотод оршин суух, Бадрахын Ерөөлт, Ядмаагийн Нарантуул нарт холбогдох 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200019388 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 41.548.101.14 төгрөг, хүү 3.416.853.98 төгрөг нийт 44.964.955.12 төгрөг болон зээлийн гэрээ хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсний зардал 108.000 төгрөг нийт 45.072.955,12 төгрөгийг гаргуулж, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай Хас банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383.315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.    
    
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарын төлөөлөгч Г.Жаргалсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 405 дугаартай шийдвэрийг гардан авч танилцаад дараах үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн Шийдвэрт "...хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэдэг. Гэрээнээс татгалзах нь нэг тал биелүүлсэн үүргээ нөгөө талын биелэгдээгүй үүргийн хэмжээнд буцаан шаарддагаараа гэрээг цуцлахаас /гэрээг цуцлахад талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгдөггүй/ ялгаатай тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнээс татгалзах шаардлага гэж тодорхойллоо." гэсэн байна.
Гэтэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" гэж заасан бөгөөд үүнийг Иргэний хуулийн онолын тайлбарт "Нэгэнт байгуулсан зээлийн гэрээ, эд хөрөнгө хөлслөх гэрээ зэрэг удаан хугацааны гэрээний харилцаанд татгалзах эрхийн оронд гэрээг цуцлах асуудал яригддаг. Учир нь гэрээний үүргийн нэг хэсэг нь ихэнхдээ зохих ёсоор хийгдсэн байдаг тул талууд гэрээний биелэлтийг бүхэлд нь буцаахгүй" гэж тайлбарласан байна.
Мөн түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 3 дугаар Зөвлөмжид "Хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ. Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаа байдаг. Гэрээг цуцлах ойлголт ихэвчлэн урт хугацаатай үүргийн харилцаанд, харин гэрээнээс  татгалзах  явдал  хиймэгц  биелэх  буюу  гэрээгээр  олж  авсан  зүйлийг харилцан буцаах боломжтой хэлцэлд хэрэглэгдэнэ" гэж тайлбарласан.
ХасБанкнаас хариуцагчтай 46 сарын хугацаатайгаар Барьцаат зээлийн гэрээ байгуулсан буюу урт хугацаат зээлийн гэрээ байгуулсан. Мөн ХасБанкнаас гаргасан нэхэмжлэлд "Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг болон Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4, 5.1.6 дахь заалтуудын дагуу 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200019388 дугаартай Барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үлдэгдэл үндсэн зээл 41.548.101.14 төгрөг, хүү 3.416.853.98 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэний зардал 108.000 төгрөг, нийт 45.072.955.12 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү." гэж тусгасан бөгөөд үүгээрээ ХасБанк нь хариуцагчтай байгуулсан Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ бүхэлд нь буцаах хүсэл сонирхолтой биш, харин гэрээний үүргийн зохих ёсоор хийгдсэн хэсгийг хасч зээлийн төлбөрийн үлдсэн хэсгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа болохоо илэрхийлсэн болно. Мөн тус нэхэмжлэлээр гэрээг цуцалснаас хойшхи үр дагаврыг буюу үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардаж буй болохыг илэрхийлсэн атал Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, гэрээг цуцлах тохиолдлыг гэрээнээс татгалзах тохиолдол гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Ийнхүү буруу тайлбарлаж хэрэглэснээс шалтгаалан шүүхийн шийдвэрт "Нэхэмжлэгч ХасБанкны Говь-Алтай салбар нь зээлийн гэрээний "...5.1.1 зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, 5.1.4 зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, 5.1.6 зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болсон гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээнээсээ татгалзжээ" гэж буруу дүгнэлт хийсэн байна.
Мөн шүүхийн шийдвэрт "Гэвч гэрээний нэг тал гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг баримталсан байхыг хуульчилжээ." гэсэн талаар
Гэрээг цуцлах асуудлыг шийдвэрлэхэд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл, журмыг зохицуулсан Иргэний хуулийн ерөнхий ангийн 221, 225 дугаар зүйлээс гадна энэ талаар зохицуулсан үүргийн эрх зүйн тусгай ангийн зүйл, заалт нь хэрэглэгдэнэ. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" гэж, 225 дугаар зүйл нь 225.2 дахь хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ" гэж тус тус заасан бөгөөд энэхүү зүйл заалтуудыг хэрэгжүүлэхдээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг баримтлах талаар хуульд заагаагүй байна.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэх талаар урьдчилан сануулсан, удаа дараа шаардах хуудас, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч үүргээ гүйцэтгээгүй тул ХасБанкны хувьд хариуцагчид олгосон төлбөрөө шаардсан, хариуцагчтай харилцан тохиролцож байгуулсан гэрээний 5.1 дэх хэсэгт "Банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг төлөхийг шаардана" гэж заасныг баримтлан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан байхад Иргэний хуульд заасан гэрээнээс татгалзах зохицуулалтыг баримтлаагүй байна гэж байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний эрх зүйн харилцаа нь талуудын эрх тэгш байдлын үндсэн дээр үүсдэг бөгөөд чөлөөт байдлын зарчимд суурилдаг. Үүний дагуу ХасБанк болон хариуцагч нар нь харилцан тохиролцож гэрээг байгуулсан тул аль нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нөгөө тал нь гэрээнд заасан журмаар гэрээг цуцлах эрхтэй байна. Энэ эрхийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 болон 221 дүгээр зүйлийн 221.3 дүгээр зүйлд мөн тусгасан байгаа ба ХасБанк нь эрхийнхээ хүрээнд гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаа болно.
Иймд дээрх үндэслэлээр анхан  шатны  шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн    байх    тул    анхан    шатны    шүүхийн    шийдвэрийг   хүчингүй    болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь хариуцагч Б.Ерөөлт, Я.Нарантуул нараас зээлийн төлбөр болон нотариатын үйлчилгээний хөлс нийт 45.072.955.12 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Хариуцагч Б.Ерөөлт, Я.Нарантуул нар нь 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Хас банкны Говь-Алтай салбараас сарын 2.1 хувийн хүүтэй, 46 сарын хугацаатай 41.559.911.70 төгрөгний зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. 

    Нэхэмжлэгч тал шаардлагаа нотлохоор  шүүхэд №1200019388 дугаартай зээлийн гэрээ, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга зэргийг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд ирүүлсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан бичгийн баримтуудыг ирүүлсэн байна. 

    Хариуцагч Б.Ерөөлт, Я.Нарантуул нар нь 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 41.548.101 төгрөгийг 2.1 хувийн хүүтэй, 46 сарын хугацаатайгаар Хас банкны Говь-Алтай салбараас зээлээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч, хариуцагч Я.Нарантуул шүүхэд өгсөн тайлбартаа “...гэрээний дагуу зээл төлөлтийг хийж байсан, 1-3 өдрөөр хугацаа хэтрэлттэй төлж байсан нь үнэн, нэхэмжлэлд дурдсан зарим зүйлүүдийг эс зөвшөөрч байна...” /х/х-ийн  123 дугаар хуудас/ гэж маргажээ.

    Харин нэхэмжлэгч банк нь зээлдэгч нь барьцаат зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, төлөхөөс зайлсхийж, 112 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа тул төлбөл зохих үндсэн зээл 41.548.101.14 төгрөг, хүү 3.416.853.98 төгрөг нийт 44.964.955.12 төгрөг холбогдох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсний зардлын хамт гаргуулж, зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гэрээний үүргийг хангуулж өгөх шаардлага гаргажээ.

    Хариуцагч Б.Ерөөлт “... зээл төлөх хугацаа хэтэрч байсан, орлого багатай байсан нь үнэн, 11 дүгээр сараас Ховдын хот хоорондын зорчигч тээвэртэй гэрээ хийхээр болсон,...одоо ямар ч хугацаа хэтрэхгүй төлбөрөө төлнө гэж үзэж байна...” гэж тайлбарлаж байгаа ч  /х/х-ийн 117 дугаар хуудас/, 2016 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар 17.192.000 төгрөгийн зээл төлөлт хийгдэх байсны 7.900.000 төгрөгийг төлж, 9.292.000 төгрөг төлөгдөөгүй хугацаа хэтрэлттэй байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5.1.1-д заасан зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нь зээл төлөгч гэрээний үүргийг зөрчсөн байна.

Мөн тэдний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлж байгаа шалтгаан нь байнгын тогтмол орлоготой байх нь зайлшгүй чухал бөгөөд энэ нөхцөл алдагдаж, зээлийн эргэн төлөлтийг хэвийн төлөх боломжгүй байдалд хүрсэн нь нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ бүхэлд нь буцаах биш, гэрээний үүргийн зохих ёсоор хийгдсэн хэсгийг хасч зээлийн төлбөрийн үлдсэн хэсгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгааг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 
    
 Нэхэмжлэгчийн зээлийн гэрээ, хавсралтууд холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсний зардал 108.000 төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаж шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй учир нэхэмжлэгчийн үүргээ биелүүлэхэд гарсан зардлыг хариуцагч төлөх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай”  хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4,5.1.6 дахь заалтуудын дагуу зээлдэгчийн 1200019388 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 41.548.101.14 төгрөг, хүү 3.416.853.98 төгрөг нийт 44.964.955.12 төгрөгийг гаргуулан Хас банкны Говь-Алтай салбарт олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 405 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Б.Ерөөлт, Я.Нарантуул нараас 44.694.955.12 төгрөг гаргуулж, Хас банкны Говь-Алтай салбарт олгож, зээлийн гэрээ хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсний зардал 108.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

    2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383.315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 382.775 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангасугай.

    2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382.775 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

    3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосонхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                       

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ш.БАТТОГТОХ                    
                          ШҮҮГЧИД                                           М.НЯМБАЯР
                                                                                       Т.ЖАРГАЛСАЙХАН