| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0296/Э |
| Дугаар | 358 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 358
2020 05 05 2020/ШЦТ/358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж /ҮД0931/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э.Т-т холбогдох эрүүгийн 2011 00420 0211 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх 3 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Хараагүйчүүдийн 48-14в тоотод оршин суудаг, И-март худалдааны төвд худалдагч ажилтай,
-урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32.2, 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 2 сар хорих ял шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 671 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
Боржигон овогт Э.Т, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 2 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө хүн байнга амьдрах орон байр буюу Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо,Чингэлтэйн 6 дугаар гудамжны 134 тоотод байрлах нийтийн байрны 14 тоот өрөөнд нэвтэрч, "Самсунг эс-6" загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлж 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд өмнө тэнсэн өгч байхад дахин хэрэг хийсэндээ гэмшиж байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Т.Мөнх-Оргил нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр намайг гэрт байхад дүү очиж хононо гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрийнхээ хаалгыг түгжилгүй онгорхой үлдээсэн. Тэгээд дүүгээ хүлээж байгаад 00 цаг өнгөрч байхад унтсан. Шөнө 03 цагийн үед хоол идэх гээд боссон чинь гар утсаа алдсанаа мэдсэн юм. Тэгэхээр нь жижүүрийн гар утсыг аваад өөрийнхөө дугаар руу залгасан чинь холбогдогдохгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм...Би өчигдөр буюу 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ажилдаа 08 цагийн үед явсан. Тэгээд тэр орой 19 цаг 30 минутын үед ирээд байж байтал манай дүү болох Дандар би гэртээ орой 00 цагийн үед очно гэж хэлсэн. Тэгэхээр нь би заза тэгвэл хаалгаа онгорхой үлдээчихье гэж хэлээд хаалгаа цоожлоогүй үлдээчихсэн. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад гар утсаа цэнэглээд гудсан доороо хийгээд унтаад өгсөн. Тэгээд шөнө 03 цагийн үед босоод хоол идэх гэж байсан чинь утас байхгүй болчихсон. Тэгээд байрны жижүүр рүү очоод утсаар чинь нэг залгаад өгье гэж хэлсэн чинь хүн унтуулсангүй гэж уурлаад байсан. Тэгээд утсыг нь гуйж аваад утас руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 21 дүгээр хуудас/,
Хяналтын камерийн бичлэгг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15, 16 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 28 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажлаа 18 цаг өнгөрч байхад тараад манай нэг найз намайг дуудаад намайг очиход пиво ууж байхаар нь тэд нартай цуг пиво уугаад тэндээсээ 22 цаг өнгөрч байхад гарч яваад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх нийтийн байранд манай хамаатны ах Г.Отгонтөгс нь өрөө түрээслэн суудаг болохоор тэдний гэр рүү явж байгаад 32-н тойргийн автобусны буудлын орчимд явж байгаад өөрийн хуучин ажиллаж байсан газрын цуг ажил хийдэг байсан эгчтэй таараад тэр эгч 0,75 литрийн архи авсан өөрөө халамцуу явж байхаар нь түүнийг нь хувааж уухаар болоод эгч Улаанаагийн хамтаар ахынхаа нийтийн байранд орж тэдний өрөөнд архиа ууж байгаад дуусаад Улаанаа эгч яваад өгсөн юм. Тэгээд сууж байгаад би гарч тамхи татах гээд 02 цагийн орчимд гал хайгаад явж байгаад уг нийтийн байрны өрөөнүүдийг татаж үзэхэд уг гар утасыг орж авсан өрөөний хаалга онгорхой байхаар нь дотогш явж ороод хаалганы харалдаа гар утасны цэнэглэгчний улаан өнгийн гэрэл асч байгаа харагдахаар нь очиж татаж үзэхэд гар утас цэнэглэж байсан боронзон өнгийн Самсунг эс-6 загварын гар утсыг нь аваад халаасандаа хийгээд эргэж гарч хамаатны ахын гэрт орж унтаж байгаад өглөө нь босоод өөрийнхөө гэр рүү яваад гэртээ очиж гар утсыг нь хадгалж байхад манай хамаатны ах Отгонтөгсийг гэрт нь байхад цагдаа ирээд хяналтын камерын бичлэг үзүүлээд намайг уг айлаас гар утас хулгайлсан талаар мэдээд над руу манай ах залгаж хэлээд би цагдаагийн хэлтэс дээр өөрөө ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 44/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 47/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 50-56/, өрхийн амьжиргааны түвшин доогуур гэх албан бичиг /хх 61/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө хүн байнга амьдрах орон байр буюу Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамжны 134 тоотод байрлах нийтийн байрны 14 тоот өрөөнд нэвтэрч, "Самсунг эс-6" загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлж 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Т.Мөнх-Оргилын “...2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр намайг гэрт байхад дүү очиж хононо гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрийнхээ хаалгыг түгжилгүй онгорхой үлдээсэн. Тэгээд дүүгээ хүлээж байгаад 00 цаг өнгөрч байхад унтсан. Шөнө 03 цагийн үед хоол идэх гээд боссон чинь гар утсаа алдсанаа мэдсэн юм. Тэгэхээр нь жижүүрийн гар утсыг аваад өөрийнхөө дугаар руу залгасан чинь холбогдогдохгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм......” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 21 дүгээр хуудас/, хяналтын камерийн бичлэгг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15, 16 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 28 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Т “...Тэгээд сууж байгаад би гарч тамхи татах гээд 02 цагийн орчимд гал хайгаад явж байгаад уг нийтийн байрны өрөөнүүдийг татаж үзэхэд уг гар утасыг орж авсан өрөөний хаалга онгорхой байхаар нь дотогш явж ороод хаалганы харалдаа гар утасны цэнэглэгчний улаан өнгийн гэрэл асч байгаа харагдахаар нь очиж татаж үзэхэд гар утас цэнэглэж байсан боронзон өнгийн Самсунг эс-6 загварын гар утсыг нь аваад халаасандаа хийгээд эргэж гарч хамаатны ахын гэрт орж унтаж байгаад өглөө нь босоод өөрийнхөө гэр рүү яваад гэртээ очиж гар утсыг нь хадгалж байхад манай хамаатны ах Отгонтөгсийг гэрт нь байхад цагдаа ирээд хяналтын камерын бичлэг үзүүлээд намайг уг айлаас гар утас хулгайлсан талаар мэдээд над руу манай ах залгаж хэлээд би цагдаагийн хэлтэс дээр өөрөө ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, дүгнэлтэндээ:Шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 3 жил хугацаагаар хорих ял оногдуулах, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 671 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэнг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан болно.
Харин хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нь гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй /хөнгөрүүлэх байр сууринаас оролцож гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, гэмшиж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсонг, төлөх төлбөргүйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 2/1 хэтрүүлэхгүйгээр ял шийтгэл оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолын тэнсэнгийн үлдэгдэлийг хасч тооцож өгнө үү/ тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ
Иймд шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Э.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлах зүйтэй байх тул түүнд 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 671 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хохирогч Т.Мөнх-Оргил нь “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би гар утсаа буцаагаад авчихсан миний хохирол барагдсан...” гэх тул шүүгдэгч Э.Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Т-ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 671 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ