| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00010/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У холбогдох 1940002270008 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хангай суманд төрсөн, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б.У
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Б.У нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Фрейндс” бааранд тус сумын харьяат иргэн Л.А марган улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж Л.А биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Б.У нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах Фрейндс бааранд иргэн Л.А маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт “Би Б Фрейндс бааранд орсон. Тэгээд хөгжимний хажууд зогсоод дуулж байгаа хүнийг хараад байж байхад аниа ирээд гар гээд миний хажуугаас өшиглөсөн, тэгэхээр нь та яагаад хүн өшиглөж байгаа юм бэ гарлаа ш дээ гэхэд хоёр удаа алгадсан. Тэгэхээр нь зөрүүлээд цохисон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.А “16-ны өдөр Морьтын даваа компанийн шинэ жилээр хөгжмийн багийхан байсан. Тэнд хөтлөгч хийж байсан хоёр хүн над дээр дахин дахин ирээд энэ хүнийг гаргаач ээ, хэцүү байна гээд уурлаад байхаар нь би хөөш чи гараачээ гээд хөлөөрөө жаахан ёворсон юм. Тэгэхэд Б.У гарч явчихаад эргэж орж ирээд та нарыг бүгдийг чинь байгаа газар нь алж дуусгана гэсэн. Тэгэхээр нь чи яагаад ингээд байгаа юм бэ гээд хурдан гаргахын тулд араас нь ёвроод түлхээд гаргасан юм, тэгээд юу болсноо санахгүй байгаа юм. Баримттай үйлчилгээ болох 400.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.
Шүүгдэгч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би бааранд ороод хөгжмийн хэсгийн хажууд зогсож байсан. Тэгтэл баарны зохион байгуулагч эмэгтэй намайг баарнаас гар гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарлаа ш дээ гэж хэлсэн. Тэгэхэд тэр эмэгтэй намайг баарнаас гар гээд түлхсэн, баарны үүдний өрөөнд очоод гарлаа ш дээ гээд дахиад хэлэхэд баарны зохион байгуулагч эмэгтэй чи одоо юу гээд өөдөөс хэрэлдээд байгаа юм бэ гэж хэлээд намайг хоёр удаа алгадахаар нь миний уур хүрээд нүүр лүү нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 39-40 хуу/
Хохирогч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 12 дугаар сарын 16-ны орой манай бааранд Морьтын даваа ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээ 18 цагаас эхэлсэн. Тэгтэл орой 23 цагийн үед манай бааранд шинэ жилийн баярт оролцож урлагийн номер үзүүлэн хөтөлж байсан Соёлын төвийн Энхтайван ах, хөтлөгч М над руу ойртож ирээд нэг согтуу залуу орж ирээд ажил хийлгэхгүй байна гэж хэлэхээр нь тэр залууг баарнаас гар гэж хэлээд хөгжмийн хэсэг рүү ороод суухад тэр залуу эргэж над руу ирээд надтай хэрэлдээд байсан. Тэгэхээр нь тэр залууг баарнаас гаргах гээд гарах үүдний хаалга руу араас нь дагаад явж байтал тэр залуу гэнэт эргэж харах шиг болсон. Би тэрнээс хойш юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 8-9 хуу/
Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 12 дугаар сарын 16-ны орой манай бааранд Морьтын даваа ХХК, Юнител ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээ болж байсан. Би баарны зааланд баярт оролцож байгаа хүмүүст үйлчилж байсан юм. Тэгэхэд Б.У гэдэг залуу гаднаас ороод ирэхээр нь би нэг удаа гаргасан, тэгэхэд над руу агсраад байхаар нь согтуу юм байна гэж ойлгоод юм хэлээгүй гаргасан. Намайг гал тогооны өрөөнд байж байхад зөөгч Сийлэгмаа над руу ирээд Л.А эгч үүдний өрөөнд хүнтэй муудаад байна гэхээр нь харах гээд очтол Л.А үүдний өрөөнд газар уначихсан, ухаан алдсан байсан. Тэгэхээр нь би хэн цохисныг харах гээд баарнаас гарахад нөгөө Б.У гэдэг залуу баарны гадна талын хашаанаас гарч байхаар нь араас нь гүйж очоод куртикнээс нь бариад авсан. Тэгтэл Адъяабилэгт ах миний араас ирээд Ууган-Эрдэнийг бариад явуулахгүй зуураад байсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-18 хуу/
Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Л.А эгч хөгжмийн хажууд нэг эрэгтэй хүнтэй маргалдаад байсан. Тэр залуу улаан өнгийн куртиктэй байсан бөгөөд хөгжмийн хажуу талын шатан дээр гарч зогсоод Л.А эгч рүү гараараа далайгаад байх шиг байсан. Тэгээд Л.А эгч хөгжмийн хэсгээс гарч ирээд тэр залууг баарнаас гаргах гээд байх үед нь би эргэж гал тогооны өрөөнд ороод С эгчид хэлсэн чинь гал тогооны өрөөнөөс гараад явсан. Би гал тогооны өрөөнд үлдээд нэг их удалгүй араас нь гараад үүдний өрөө рүү очтол Л.А эгч ухаан алдаад унасан байхаар нь гараад хартал С эгч баарны хашааны гадна талд улаан куртиктэй залууг явуулахгүй гээд зууралдаад байсан” гэх мэдүүлэг /хх-н 19 хуу/
Гэрч Д.М “...намайг өөрийнхөө ширээн дээр сууж байхад үүдэнд зогсож байсан залуу над руу дохихоор нь би үүдэнд хүн ирсэн юм байна гэж ойлгоод ширээн дээрээс ганцаараа босоод үүд рүү гартал Фрейндс баарны үүдний өрөөнд баарны зохион байгуулагч Л.А эгч нэг улаан куртиктэй залууд цохиулаад газар унасан. Тэгэхээр нь би улаан куртиктэй залуугийн араас гарах гэснээ Л.А эгчийг уначихсан болохоор босгох гээд эргээд орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 20 хуу/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51 хуу/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Фрейндс баарны үүдний өрөөний камерын бичлэгийг хуулсан CD-ийг тоглуулж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан болохоо өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирогч нь зодуулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзэж шийдвэрийн үндэслэл болголоо.
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.А биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.У нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч Л.А биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогч Л.А нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нийт 400.000 төгрөг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан Хаан банкны 190.000 төгрөгийн, Голомт банкны 24.070 төгрөгийн баримтууд нь төлбөрийн баримт биш байна. /пост болон бэлэн мөнгөний машинаас олгосон баримт/ Мөн хоолонд зарцуулсан гэх 65.300 төгрөг нь гэмт хэргийн улмаас хохирогчийг асарч сувилах түүнд нэмэгдэл хоол өгөх зэргээр зайлшгүй гарсан зардал биш бөгөөд гэмт хэргийн хохиролтой шууд холбоогүй байх тул дээрх иргэний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Харин авто зам ашигласны төлбөр 1000 төгрөг, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад зарцуулсан 190.000 төгрөг, шатахуунд зарцуулсан 54.000 төгрөг нийт 245.000 төгрөг нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол байх тул дээрх мөнгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Хохирогч нь цаашид өөрийн биед учирсан гэмтлээ эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж мэдүүлж байх тул цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр тогтов.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх ага хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР