Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа

            Улсын яллагч Б.Ичинхорол

            Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал

Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Насантогтохын Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1940001180061 дугаартай хэргийг 2020 оны 01 сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймаг Хэрлэн суманд оршин суух, урьд нь

-Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 07 сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 4 жил 11 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

-мөн Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

-мөн Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Н.М

              Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.М нь 2019 оны 06 сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг “Улаан толгой” гэх газраас иргэн Т.Э-ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн улбар шар өнгийн мотоцикль, ОХУ-д үйлдвэрлэгдсэн хоёр нүдний дуранг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Т.Эрдэнэбилэгийн 2019 оны 07-р сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн: “Манай ээж Ч.Будаа гэдэг хүн Н.Мөнх-Эрдэнийн ээж болох Пүүжээ гэдэг хүнтэй хэд хоног хонь харах талаар тохиролцож намайг Тахилгат тосгонд наадамд уралдчихаад буцаж явахад ээж над руу залган “хэд хоног хонь харах хүн олчихлоо Хэнтий аймгийн Чингис хотоос Н.М гэдэг хүнийг аваад ирээрэй гээд 98877176 дугаарыг надад өгсөн. Тэгээд би Чингис хотод 2019 оны 06 сарын 22-нд ирээд залгахад “Н.Мөнх-Эрдэнэтэй авч би гүүрний урд гараад байж байя, та манай Хийдийн 12-03 тоот гэрээр дамжаад миний цүнхтэй хувцсыг аваад ирээрэй гэж” хэлэхээр нь би хувцсыг нь аваад гүүрний урд очоод Н.Мөнх-Эрдэнийг суулгахад гүүрний урд хамт байсан нэг залууд өртэй юмаа урьдчилгаа 100.000 төгрөг өгөөч гэхээр нь бэлнээр өгсөн. Тэгээд хөдөө Баянхутаг сумын урд хэсэгт унаач, уяач, Н.М бид дөрвүүлээ морь манаж хоноод маргааш нь буюу 2019 оны 06 сарын 23-ны өдөр Галшар сумын 3 дугаар багт байрлах Овоо нь булаг гэх Овооны тахилгад уралдахаар ирээд наадамдаа уралдаж дуусаад Галшар сумын 3 дугаар баг Улаан толгой гэх газар байх гэртээ бүгдээрээ ирээд хоноцгоосон. Маргааш нь буюу 2019 оны 06 сарын 24-ний өглөө Н.М хониндоо морьтой яваад гэртэй ирээд цай ууж байхад нь эхнэр хүүхдийн хамт аймаг явах ажилтай болчихоод аймаг явсан. Тэгээд аймагт ирээд байж байтал 17 цагийн үед араас манай уяач Д.Батсансар залган “Хонь харж байсан залуу чинь мотоцикль унаад, 2 нүдний дуранг чинь үүрээд яваад өгсөн байна” гэж ярьсан. Тэгээд орой 21 цагийн үед гэртээ ирэхэд ирээгүй байсан. Тэгээд хэд хоног ирэх байх гээд хүлээгээд байтал ирээгүй хэд хоносон. Уг Н.М нь урьд өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсныг нь мэдэж байсан бөгөөд хүн бүлгүй хүн дутуу байсан учир гайгүй байлгүй, хүн засарсан байх гэж бодон хөдөө авчирсан юм. Одоо би тэр Н.Мөнх-Эрдэнээс миний зөвшөөрөлгүй авч явсан мотоцикль, 2 нүдний дурангаа авмаар байна. Тэр Н.Мөнх-Эрдэнийн сураг сонсоход Галшар сумын 3 дугаар баг Шар шороот гэх газар байх худаг дээрээс баруун урагшаа адуунд явна гээд Харцагын Батбаярыг сундаллаад баруун урагшаа давхиж байсан гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/

-Хохирогч Т.Эрдэнэбилэгийн 2019 оны 07-р сарын 30-ны өдөр өгсөн “Н.М нь надтай сарын 300.000 төгрөгөөр цалинжуулж, жил гаран манай гэрт зөвхөн хонь харахаар тохиролцсон бөгөөд мал харахдаа морь унаж хардаг байсан ба ойр зуурын ажилд болон усанд явахдаа мотоцикль унадаг байсан. Мөнх-Эрдэнийг тэнд амьдар гэж гэр заагаагүй байсан ба эхний өдөр манай гэрт хамт хоносон, тэгээд маргааш нь алга болсон. Манай гэрт орох эрхтэй, цай ундаа иддэг байсан. Би явахдаа 2 нүдний дурангаа орон дээр үлдээгээд гарсан ба Мөнх-Эрдэнэ болон манай адуучин Батсансар нар хэрэгтэй үедээ ашигладаг байсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/

- Гэрч Н.Батхуягийн 2019 оны 07-р сарын 07-ны өдөр өгсөн “Би Хэнтий аймгийн Чингис хотод байхдаа Н.Мөнх-Эрдэнийг зүс таньдаг ба мэнд устай явдаг байсан хүүхэд юм. Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Жаргалант гол дээр 2019 оны 07 сарын 03-ны өдөр хонио услаад байж байтал Н.М нь улбар шар өнгийн “Даюун” маркийн мотоцикльтой, дуран үүрч ирээд надад хандан “ах нэг төлөг зохицуулаад өгөөч. Би энэ 2 нүдний дуранг өгье” гэхээр нь өгсөн. 2-3 хоногийн өмнө надтай таараад “энэ дуранг зарна шүү та авахгүй юм уу” гэж байсан удаатай. Орос улсад үйлдвэрлэгдсэн шар өнгийн, хар даавуунд боолттой 2 нүдний дуран байсан. Надад дурангаа зарахдаа “миний дуран, ах авчих” гээд гуйгаад байсан. Хүний дуран гэж байсан бол би авахгүй байсан. Би Мөнх-Эрдэнэ гэж хүнээс дуран авсан төлбөр болох төлгөө авмаар байна. 2019 оны 07 дугаар сарын 03-ны 21 цагийн үед дурангийн эзэн ирээд “миний дуранг хулгайлсан байна. Танд дуран зарсан уу” гэж хэлээд надад Н.Мөнх-Эрдэнийн зарсан байсан дуранг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

- Гэрч Д.Эрдэнэболорын 2019 оны 07-р сарын 07-ны өдөр өгсөн “Би Н.М гэдэг хүнтэй 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянхутаг сумын 1 дүгээр баг Холбоо гэх газарт байх Эрдэнэбат гэх айлын гэрт архи ууж байгаад танилцсан бөгөөд би морь уяж байгаа, байсан мотоциклио аймаг руу явуулаад моринд ажил хийх мотоцикль хэрэгтэй байсан учир Н.Мөнх-Эрдэнэд хандан дүү мотоциклио зарах уу? 1 шүдлэн үхэр, 3 хоньтой өгье гэтэл “тэгье, тэгье. Одоо үхрийг чинь очиж харъя” гээд байхаар нь би яаралгүй, бас согтсон байсан болохоор хоёулаа наймаагаа маргааш хийе гэж хэлээд жоохон архи ууж байгаад харьсан. Маргааш өглөө нь сураг сонсоход цагдаа ирж барьсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/

-Гэрч Д.Эрдэнэбатын 2019 оны 07-р сарын 07-ны өдөр өгсөн “Мөнх-Эрдэнэ гэдэг хүн нь манайд 2019 оны 06 дугаар сарын сүүлээр нэг орой нутгийн залуу Баттулгатай хамт ирээд хоноод маргааш өдрийн 17 цагийн үед цагдаа нар ирээд аваад явсан. Ирэхдээ хул шар өнгийн "Даюун" маркийн улсын дугааргүй мотоцикль унаж ирсэн. Мөнх-Эрдэнэ нь манайд ирэхдээ дурангүй байсан бөгөөд манай гэрт ах Эрдэнэболор нь ирээд байхад унаж яваа мотоциклио зарж борлуулах талаар ярьж байсныг нь би сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

- Гэрч Т.Энхбаатарын 2019 оны 07-р сарын 07-ны өдөр өгсөн “Манай дүү Т.Эрдэнэбилэг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр улбар шар өнгийн том “Даюун” маркийн мотоцикль, шар хуйтай Орос 2 нүдний дурангаа тэдний гэрт мал харж байсан Н.М хулгайлаад явсан гэж байсан ба манай гэрийнхэн бүгд эрэл сурал болоод хайж Баянхутаг сумын 1 дүгээр баг Даваагийн цайны газрын баруун хойд талд айлд архи уугаад байна гэх сураг дуулаад аймгаас цагдаа дуудаж, тухайн айлд очиход Н.М нь хүмүүстэй архи ууж байсан ба тухайн айлын гадаа улбар шар өнгийн “Даюун” маркийн манай дүүгийн мотоцикль байхаар нь авсан. Тэгээд дуранг нь асуутал хуй нь Мөнх-Эрдэнэд байсан ба дуранг нь Давсангийн хойд талын нэг айлд төлгөөр зарсан гэж байхаар нь тухайн айлд очиж аваад би өөрөө мотоциклийг нь унаад дуранг нь үүрээд явсан ба цагдаа Н.Мөнх-Эрдэнийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

- Гэрч Д.Батсансарын 2019 оны 07-р сарын 09-ний өдөр өгсөн “2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрийн эзэн буюу Т.Эрдэнэбилэг эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Чингис хот явсны дараа Н.Мөнх-Эрдэнийн хамт гэрт байж байхад би мориндоо ажил хийхээр явахдаа чи морио унаад хонио услаарай. Би буцаж ирээд дахиж моринд ажил хийхээр мотоцикльтой явна шүү” гэж хэлээд явсан ба гэрийн зүүн талаас морио хөлслөөд буцаж ирж байхад улбар шар өнгийн том “Даюун” маркийн мотоцикль унаад дуран зүүгээд явж байсан ба тухайн үед эргэж ирнэ гэж бодоод тоогоогүй байтал хэд хоног алга болоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байх” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ийн 2019 оны 07 сарын 16-ны өдрийн №165 дугаартай шинжээчийн дүгнэлт /Даюун маркийн мотоцикль 1.900.000 төгрөг, 2 нүдний дуран 250.000 төгрөг/

-Иргэний нэхэмжлэгч Н.Батхуягийн 2019 оны 09-р сарын 05-ны өдөр өгсөн “Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, хөдөө айлын туслах малчин ажилтай. 2019 оны 06 дугаар сард шиг санаж байна cap өдрийг нь сайн санахгүй байна хөдөө гэртээ байж байхад зүс таних Мөнх-Эрдэнэ гэх залуу манай гэрт ирээд 1 төлөг өгөөч гэж гуйгаад байсан. Тэгээд Мөнх-Эрдэнэд 1 төлөг өгсөн чинь Мөнх-Эрдэнэ надад 2 нүдний дуран өгсөн. Тэгээд дараа нь Мөнх-Эрдэнийн надад өгсөн 2 нүдний дуран нь хулгайн дуран байсан. ...би Мөнх-Эрдэнэд өгсөн төлөгний үнийг нэхэмжилж байна. Тэр 2 нүдний дуранг дараа нь цагдаа ирээд хурааж аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/

- Яллагдагч Н.Мөнх-Эрдэнийн 2019 оны 07 сарын 24-ний өдөр өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод гэртээ аав ээжийн хамтаар байж байхад манай ээжийн гар утас руу манай ээжийн найз нь болох Будаа гэх хөгшин залгаж “Мөнх-Эрдэнээр мал харуулах гэсэн юм байна уу” гэж асуусан байсан. Тэгсэн ээж “Будаа эгч чинь залгаж байна, манай хүүгийнд хэд хоног мал хараад өгчих” гэж гуйж байна гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгсэн удалгүй тэр даруй Будаа хөгшиний хүү Эрдэнэбилэг машинтайгаа ирээд намайг аваад Галшар сум руу гэр рүүгээ аваад явсан. Тэгсэн Эрдэнэбилэг ах “Намайг сарын 300.000 төгрөгөөр цалинжуулна, чи хэдий ч хугацаанд ажиллаж болно” гэж байсан. Ингээд бид өдрөө гэрт нь ирээд би Эрдэнэбилэг ахаас “Хонь ямаандаа юутай явж байх уу” гэж асуухад мотоцикль болон морьтой явж болно, чи өөрөө л мэдэхгүй юу гэж байсан. Ингээд би тэр өдрөө малд яваагүй харин маргааш юм. Намайг Эрдэнэбилэг ахынд очиж хонох үед Эрдэнэбилэг ах нь хэдэн адуу алдчихаад байгаа хэрэв эрж хайхаар болвол мотоцикльтой яваарай, ах нь маргааш Хэнтий аймгийн төв рүү яваад удахгүй ирнэ. Тэр болтол зав зайгаараа адууны эрэлд явж байгаарай гэж байсан юм. Мөн Эрдэнэбилэг ах гэрийн баруун талын орон дээр байсан шар гэртэй 2 нүдний дуранг зааж наад дурангаа авч адуу малаа хариулахдаа дурандаж байхгүй юу гэхээр нь би ирсэн өдрөө л тэр дуранг өөртөө авч бүсэндээ хийсэн. Ингээд маргааш нь буюу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өглөө 06 цагийн үед хонинд явахдаа би Эрдэнэбилэгийн зааж өгсөн хонины морьтой явсан. Харин өдөр эргэж гэртээ ирээд цай хоол идчихээд эргэж хониндоо явахдаа би Эрдэнэбилэг ахын гэрийн гадаа байсан шар өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг унаад явсан. Намайг өдөр гэрт цай хоолоо идэхээр ирэхэд Эрдэнэбилэг ах эхнэрийн хамтаар Хэнтий аймгийн Чингис хот руу явчихсан байсан. Харин тухайн үед морийг нь уяж байсан нэг ах үлдсэн. ...худаг дээр хонь ямаа нь дээрээ очиж усалчихаад “Эрдэнэбилэг ахын захиж үлдээж байсан алдсан гэх хэдэн тооны адууг нь цаг нар эрт байгаад дээр дэмий байхын оронд ойр хавиар явж эрж хайчихаад ирье гэж бодоод” адууны эрэлд явсан. Би эхлээд Галшар сумын 2 дугаар баг Цайдам гэх газраар, дараа нь Баянхутаг сумын зүүгээр болон Хэрлэн голын эргээр хайж 7 хоног шахуу явсан боловч олоогүй. Ингэж явж байтал миний унаж явсан мотоцикль бензингүй болчихоор нь “Давсан” гэх гуанзны хойд хэсэгт нутагладаг нэг айлд Эрдэнэбилэг ахын надад адуу мал хариулахдаа ашиглаж байхгүй юу гэж өгсөн дуранг 1 тооны хониор зарж борлуулчихсан, Баянхутаг сумын харьяат байсан. Ингээд би уг хонийг зарж борлуулчихаад мотоцикльдоо бензин хийчихээд буцах гэж байтал Баянхутаг сумын нэг танил ах таарсан. Тэгэхээр нь тэр ахтай мэнд ус мэдэлцээд Давсангийн гуанзнаас 0.75 литрийн Хараа гэх нэртэй архи авч уг ахын гэрт нь очиж уусан. Ингээд тэднийд уугаад сууж байтал гэнэт цагдаа нар орж ирээд намайг баривчлаад Хэнтий аймгийн Цагдаагийн газар руу аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/

Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №228 дугаартай шинжээчийн дүгнэлт /төлөг 90000 төгрөг/ /хх-ийн 81/

-Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 сарын 28-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 84-90/

ум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 07 сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 129-141/

-Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 94-95/

-Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 91-93/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/

-Хохирогч Т.Эрдэнэбилэгийн “Миний бие 2019 оны зун мотоциклио алдсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 149/

- Яллагдагч Н.Мөнх-Эрдэнийн 2019 оны 01 сарын 06-ны өдөр өгсөн: “Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 123/

-Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 06 сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг Улаан толгой гэх газраас Т.Эрдэнэбилэгийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн улбар шар өнгийн мотоцикль, ОХУ-д үйлдвэрлэгдсэн хоёр нүдний дуранг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мотоцикль болон дуранг буцааж өгсөн. Дуран зарсан хүний төлөгний төлбөрийг төлөөгүй байгаа” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Хохирогч Т.Эрдэнэбилэг, гэрч Н.Батхуяг, Д.Эрдэнэболор, Д.Эрдэнэбат, Т.Энхбаатар, Д.Батсансар, иргэний нэхэмжлэгч Н.Батхуяг, шүүгдэгч Н.М нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХK-иас гаргасан үнэлгээ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

              Тухайлбал шүүгдэгч Н.М нь 2019 оны 06 сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг Улаан толгой гэх газраас хохирогч Т.Эрдэнэбилэгийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн улбар шар өнгийн мотоцикль, ОХУ-д үйлдвэрлэгдсэн хоёр нүдний дуранг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч Т.Эрдэнэбилэгт нийт 2.150.000 төгрөгний, иргэний нэхэмжлэгч Н.Батхуягт 90.000 төгрөгний хохирол учирсан нь тогтоогдсон байна.

Хохирогч Т.Эрдэнэбилэг нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Н.М нь хохирогч Т.Эрдэнэбилэгт төлөх төлбөргүй байна. 

Харин иргэний нэхэмжлэгч Н.Батхуягт учруулсан хохирол болох төлөгний үнэ 90.000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнээс 90.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Батхуягт олгох нь зүйтэй байна.         

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Н.М нь  2013 оны 02 сарын 28-ны өдрөөс хойш  нийт 3-н удаа гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байсан буюу 2014 онд 4 жил 11 сарын хорих ялаар, 2017 онд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2018 онд 01 жилийн хорих ялаар шийтгүүлж 2018 онд шийтгүүлсэн 01 жилийн хорих ялыг эдэлж, хугацаа дуусч суллагдсан нь Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийг “Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 сарын 28-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн” гэх лавлагаа нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолоор хуулбараар гарсан боловч энэ шийтгэх тогтоолыг Хэнтий аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 05 сарын 28-ны өдрийн 37 дугаартай магадлалаар хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, 2014 онд тухайн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн болох нь магадлал болон шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно. 

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хорих ялын саналын хүрээнд шүүгдэгчид нэг жилийн хорих ял оногдуулж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэд улсын яллагчийн санал болгосон 01 жил 02 сарын хорих ялыг оногдуулахгүйгээр харин 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 90.000 төгрөгийг төлөөгүй нөхцөл байдал, 2014 онд 4 жил 11 сарын хорих ялаар, 2017 онд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2018 онд 01 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ялаа эдэлж дуусаад гараад удаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж байсан нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээд тухай гэмт хэрэгт оногдуулах ялаас 01 жилийн хорих ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн 2020 оны 01 сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл дээрх гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон нийт 44 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас нь хасах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2

дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь: 

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Насантогтохын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Насантогтохын Мөнх-Эрдэнийг 01 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 44 /дөчин дөрвөн/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

 5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнээс 90000 /ерэн мянган/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Батхуягт олгосугай.

 6.Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

    7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

    8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                     М.ЭНХМАНДАХ