Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 28

 

Архангай  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1962 оны 03 сарын 07-нд төрсөн, 55 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын  15-01 тоотод оршин суух Угалз овогт Ойдоврэнчингийн Уртнасангийн /РД:АЮ62030761/   хүсэлттэй

Ойдовцэрэнгийн Уртнасангийн 1983 оны 03 сарын 25-ны өдрийн 557086 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 1994 оны 12 сарын 31-ний өдрийн 251649, 2005 оны 01 сарын 01-ний өдрийн 251649 дүгээр нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч  мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа  нар оролцов.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч О.Уртнасан  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: 557086 тоот хөдөлмөрийн дэвтэр, 251649 тоот болон 0142290 тоот нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч Ойдоврэнчингийн Уртнасан мөн болохыг тогтоож өгнө үү. Би тэтгэвэрт ороход шаардлагатай материалаа нийгмийн даатгалын байцаагчид шалгуулахад дээрх гурван дэвтэрт гурвуулан дээр нь Ойдоврэнчингийн Уртнасан гэдгийг Ойдовцэрэнгийн Уртнасан гэж бичсэн учир дээрх дэвтрүүд нь миний ажиллаж байсан байдлыг тогтооход нотлох баримт болж чадахгүй болоод байна. Миний эцгийг Ойдоврэнчин гэдэг. Би эцэг Ойдоврэнчингээр овоглодог учир 557086 тоот хөдөлмөрийн дэвтэр, 251649 тоот болон 0142290 тоот нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч Ойдоврэнчингийн Уртнасан мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

         

           Хүсэлт гаргагч Угалз овогт Ойдоврэнчингийн Уртнасан Ойдовцэрэнгийн Уртнасангийн 557086 дугаар хөдөлмөрийн  болон 251649 дүгээр  нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч  мөн болох нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

          - Ойдовцэрэнгийн Уртнасангийн 1983 оны 03 сарын 25-ны өдрийн  557086 дугаар хөдөлмөрийн дэвтэр,

          - Ойдовцэрэнгийн Уртнасангийн  1994 оны 12 сарын 31-ний өдрийн 251649 дүгээр нийгмийн даатгалын дэвтэр,

          - Ойдовцэрэнгийн Уртнасангийн  2005 оны 01 сарын 01-ний өдрийн 251649 дүгээр нийгмийн даатгалын дэвтэр,

          - Угалз овогт Ойдоврэнчингийн Уртнасангийн иргэний үнэмлэх зэрэг болно.

            

           Иймд хүсэлт гаргагч О.Уртнасангийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг  тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Ойдовцэрэнгийн Уртнасангийн 1983 оны 03 сарын 25-ны өдрийн 557086 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 1994 оны 12 сарын 31-ний өдрийн 251649, 2005 оны 01 сарын 01-ний өдрийн 251649 дүгээр нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч  нь Угалз овогт Ойдоврэнчингийн  Уртнасан мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч О.Уртнасангийн  улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН