| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0125/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/149 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/149
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат,
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт Б.Цд холбогдох эрүүгийн 2018001390099 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Б.Ц /РД:/, Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ““.............................”” ХК-нд Техник үйлчилгээ, засварын албанд моторчин засварчин, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Наран хотхоны 1 дүгээр байрны 29 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Эыг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нуруу, хүзүү хоолойн зүүн хэсэг, баруун гуя, зүүн гуя дахь цус хуралт, баруун тохой өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Цын өгсөн: ...гэртээ харихад хаалгаа онгойлгоогүй, хаалгаа дэрлээд унтаж байтал, эхнэр намайг сэрээсэн. Тэгээд “яагаад сар болж байхад утсаа аваагүй юм бэ?” гээд хүзүү нь улаан болсон байснаас болж маргалдсан. Э бид хоёр хамтран амьдраад 1 жил болж байгаа. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй, Э жирэмсэн 7 сартай. Эы толгой руу 2-3 удаа алгадсан гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч С.Эы өгсөн: ...Цтай 2019 оны 9 дүгээр сард танилцаад хамтран амьдарч байна. Ц нь “би сар болоод ирж байхад гэдэс чинь яагаад томроогүй байгаа юм бэ? хүүхэд гэдсэндээ байгаа юм уу?” гэхээр нь би “ганцаараа байсан болохоор хоол унд муутай байлаа” гэж хэлсэн. Тэгэхэд намайг шалан дээр унагаагаад миний бүх хувцсыг тайлчхаад дээр гарч суугаад хүзүү, хөхийг сорж хазаад байхаар нь “болиоч” гээд орилоход болихгүй байсан. Тэгээд намайг угаалгын өрөө рүү оруулаад ванн дотор суулгаад миний дээрээс хүйтэн ус гоожуулаад хэл амаар доромжилсон. Тэгээд намайг ор руу чирээд орон дээр гаргаад 2 шанаа руу ээлжлээд хэд хэдэн удаа алгадахаар нь би орилоход “битгий орилоод бай” гэж хэлээд хамар руу гараараа цохисон. Надад гомдол санал байхгүй. Эмчилгээтэй холбоотой баримт гаргаж өгнө гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Гэрч Ж.Бийн өгсөн: ...2019 оны 9 дүгээр сард нэг эмэгтэйтэй хамт амьдарч байгаа гээд манайд дагуулж ирээд бид нартай танилцуулаад явсан. Сая Цаас өөрөөс нь сонсоход хамт амьдарч байгаа эмэгтэйгээ цохиж зодсон сураг гараад “та цагдаатай уулз” гэхээр нь ирж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
С.Эы хамар хавдаж хөхөрсөн, хүзүүний зүүн урд хэсэгт 3х1 сантиметр хэртэй зулгарч улайсан, өвдөг 1х1 сантиметр зулгарсан... гэх амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 16/,
С.Эы хамар хөхөрсөн, зүүн гуяны гадна хэсэг эмзэг, зүүн хөхөнд бүдэг хөхөрсөн, хүзүүний зүүн талд хазагдаж улайсан оромтой... гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17-18/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 159 дугаартай “С.Эы биед тархи доргилт, хамрын нуруу, хүзүү хоолойн зүүн хэсэг, баруун гуя, зүүн гуя дахь цус хуралт, баруун тохой, өвдөгний зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. С.Э нь 18 долоо хоногтой буюу 4 сартай жирэмсэн байх ба одоогоор урагт нөлөөлсөн зүйлгүй. С.Эы биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Цолмондоржийн “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 6 оноо буюу бага түвшин” гэх үнэлгээ /хх-ийн 32-33/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Ц, хохирогч С.Э нар нь хамтран амьдрагч, С.Э нь жирэмсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч С.Э, гэрч Ж.Б болон шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Цын 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Наран хотхоны 1 дүгээр байрны 29 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Эыг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нуруу, хүзүү хоолойн зүүн хэсэг, баруун гуя, зүүн гуя дахь цус хуралт, баруун тохой өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Б.Цыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Эы эрүүл мэндэд тархи доргилт, хамрын нуруу, хүзүү хоолойн зүүн хэсэг, баруун гуя, зүүн гуя дахь цус хуралт, баруун тохой, өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...гомдол санал байхгүй. Эмчилгээтэй холбоотой баримтаа гаргаж өгнө...” гэж мэдүүлсэн боловч шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь харгалзаж 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч Б.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “.............................” ХК-нд Техник үйлчилгээ, засварын албанд моторчин засварчин ажилтай, сарын 920.000 төгрөгийн үндсэн цалинтай болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, “.............................” ХК-ийн 202 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 3-2/299 дугаартай албан тоот /хх-ийн 37/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 42/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Цын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Цын цалин хөлс, цалингийн зээл, ам бүлийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Цыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Цд оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР