Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/162

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Х.Та,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Е овогт Д.Бд холбогдох эрүүгийн 1918006920490 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Е овогт Д.Б /РД: /, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 1 дүгээр баг, 5 дугаар байр, 36 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Б нь 2019  оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “.........” зочид буудлын 401 тоот өрөөнд Х.Татай маргалдаж улмаар архины шил хагалан зүүн шуунд хатгаж эрүүл мэндэд нь зүүн шууны дотор талын мэдрэлийн судас, шөрмөсний гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Бгийн өгсөн: “.........” зочид буудалд хохирогчийн гарыг архины шилээр цохиж гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Тын өгсөн: ...Зочид буудалд ороод шүүгдэгч нь архины шил хагалаад миний гар луу зоосон. 2 удаа зоох гээд дайрахаар нь би өшиглөөд унагаасан. Найз нь араас нь татсан. Би эмнэлэгт 5 хоног хэвтсэн, түүнээс хойш 2-3 удаа зүү тавиулсан, одоо миний гар сэргэлттэй байгаа. Эмчилгээний төлбөр болох 3.601.864 төгрөгийг нэхэмжилж байна. Гадаад улсад эмчлүүлэх зардлыг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Д.Бгийн өгсөн: ...би гар утсаа оролдоод сууж байхад түр тар хийхээр нь харсан чинь Бгийн хуурай дүү гээд байсан залуугийн зүүн гарын шууны бүдүүн хэсгээс цус гарч байхаар нь би нүүр гарын алчуураар боогоод “яаж байгаа юм бэ?” гэхэд өрөө дотор шил хагарчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

Гэрч Д.Боын өгсөн: ...О ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд Бтай мэндлэхэд Б нь Ог харчхаад “өө яасан өөдгүй юм бэ?” гэснээ ширээн дээр байсан 0.33 литрийн архины шилийг хананд цохиж хагалаад Таагийн гарыг зүссэн үү? хагарсан шилээ зоосон уу? ямар ч байсан гэмтээсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26-29/,

Гэрч Д.Аийн өгсөн: ...унтаж байхад өрөөний үүдэнд хүмүүс шуугилдаад хашхиралдаад байхаар нь сэрээд өндийхөд Бо “зүгээр зүгээр, миний найз унтаж амар” гэхээр нь би унтчихсан. Тэгтэл өглөө нь Таа зүүн гараа боочихсон байдалтай өрөөнд орж ирэхээр нь “наад гараа яасан юм бэ?” гэхэд “өчигдөр гэмтээчихлээ, эмнэлэгт очиж боолт хийлгэсэн” гэж хэлсэн... /хх-ийн 30-31/,

Гэрч Б.Огийн өгсөн: ...би ариун цэврийн өрөөнөөс гараад Бтай мэндэлсэн. Тэгтэл Б намайг харчхаад уурлаад Таа руу “чи яасан хогийн новш вэ?” гэж харааж зүхээд ширээн дээр байсан архины шилийг хагалаад Таагийн гарыг хагарсан шилээр цохисон... гэх  мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Шүүгдэгч Д.Бгийн яллагдагчаар өгсөн: ...би Таад “чи яах гэж танихгүй хүмүүстэй Ог уулзуулаад яваад байгаа юм бэ?” гэж хэлэхэд “яасан сүртэй юм бэ? Танаас айна гэж бодоод байгаа юм биш биз дээ?” гээд над руу босоод ирэхээр нь би ширээн дээр байсан архины шилийг аваад Тын зүүн гар руу цохиход шил хагарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд 00 цаг 45 минутад цайвар өнгийн футболкатай залуу хаалгыг дотроос нь онгойлгон зүүн гараа цээж хэмжээнд дээш өргөж зүүн гартаа зовуурласан байдалтай гарч ирэхэд тухайн залуугийн зүүн гараас доошоо хивсэн дээр бараан өнгийн шингэн зүйл тусав... гэх хэрэг учрал болсон “.........” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18/,

“.........” зочид буудлын хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 856 дугаартай “Х.Тын биед зүүн шууны дотор талын мэдрэл судас, шөрмөс гэмтээсэн шарх, хагалгааны дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/,

Хохирогч Х.Та нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай 11983 дугаартай өвчний түүх /хх-ийн 38-45/,

Х.Тын зүүн тохойн үеийн дотор хэсэгт Г хэлбэрийн 6 сантиметр орчим шархтай, булчин тасарсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 60/,

“.........” зочид буудлын бүртгэл /хх-ийн 71/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1484 дугаартай “2019.10.25-ны өдрийн 856 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Х.Тын биед тухайн үед зүүн шууны мэдрэл судас гэмтээсэн шарх учирчээ. Дээрх гэмтэл нь 2019.09.22-ны хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна. Шууны мэдрэл, судас гэмтээсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тогтоогдсон гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 106-108/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.     

Шүүгдэгч Д.Бгийн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “.........” зочид буудлын 401 тоот өрөөнд Х.Тын зүүн гар луу архины шилээр цохиж, түүний эрүүл мэндэд зүүн шууны дотор талын мэдрэлийн судас, шөрмөсний гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Д.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Тын биед зүүн шууны дотор талын мэдрэлийн судас, шөрмөсний гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь эмчилгээний зардалд 3.601.860 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж, эмчилгээтэй холбоотой баримтыг гаргаж өгсөн байна.

Гэтэл хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээтэй холбоотой баримтыг тооцож үзэхэд 3.253.395 төгрөг байх ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Иймд хохирогчийн 3.601.860 төгрөгийн нэхэмжлэлээс 3.253.395 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, 348.465 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч Х.Та нь цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь түүнд учирсан гэмтэл болон хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирол төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлж байгаа, шүүгдэгчийг торгох ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Д.Б нь ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 87-94/, багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1021 дугаартай тодорхойлолт /хх-ийн 73/ зэргээр тогтоогдож байгаа ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 500.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Е овогт Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Д.Бгаас 3.253.395 /гурван сая хоёр зуун тавин гурван мянга гурван зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б овогт Х.Та /РД:, утас: /-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 348.465 /гурван зуун дөчин найман мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР