Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/163

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Хохирогч Н.Су,

Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар О овогт Э.Сд холбогдох эрүүгийн 2018001360114 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О овогт Э.С /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд нь шүүгдэгч Э.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.С нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Зурагтын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух иргэн Н.Сугийн 00-00 УНП улсын дугаартай приус-11 загварын авто машины нүүрсэн янданг авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Сын өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Н.Су руу залгаад “машиныг нь найзаараа үзүүлье” гэсэн. Би банкнаас зээл авсан байсан. Зээлээ төлөх хугацаа дөхсөн байсан учраас мөнгөний хэрэг гараад найз Хаар “Н.Сун машины нүүрсэн янданг аваад өгөөч” гэж хэлээд авахуулсан. Нүүрсэн янданг захын ард 150.000 төгрөгөөр худалдсан. Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн. Гэмшиж байна гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Сугийн өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 23-24 орой миний машин сонин дуугараад байхаар нь гараашид авчирч тавьсан. Маргааш нь асахгүй байхаар нь Э.С өмнө нь манай найз машин засдаг гэж хэлж байсныг санаад найз Э.С руу ажлаас ирээд түлхүүр аваад найздаа манай машиныг үзүүлчих гэж ярьсан. Хэд хоногийн дараа машинаа приус засварын газар үзүүлэхэд нүүрсний янданг гагнасан байна гэж хэлсэн. Энэ талаар Э.Саас асуухад Э.С мөнгөний хэрэг гараад хоёр найзаараа авахуулсан юм аа, уучлаарай учрыг нь олно гэсэн. Хохирол төлбөрт 300.000 төгрөг авсан. Одоо 400.000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Д.Хы өгсөн: ...тэгээд гараашид нь яваад ортол цэнхэр өнгийн приус-11 загварын автомашин байсан ба асаах гэж үзтэл асахгүй байсан. Тэгтэл манай найз С нь “надад энэ машины нүүрсэн янданг аваад өг” гэхээр нь би “болох юм уу? эзэн нь мэдэж байгаа юм уу?” гэхэд С нь “би найздаа хэлчихсэн байгаа” гэхээр нь “за тэгвэл асуудалгүй биз? Яг хэлсэн юм уу?” гэхэд “хэлчихсэн, мэдэж байгаа, энэ машиныг мөд асаахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь таслагч багажаар зүсээд нүүрсэн янданг аваад гарааш дотор байсан гагнуурын аппаратаар буцааж гагнаад орхисон... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Гэрч Ч.Цын өгсөн: ...Би нөхөр Э.Сыг гэмт хэрэг үйлдсэнийг мэдэж байгаа. Тэр хүн нь манай дотнын найз байгаа юм. Яагаад тийм гэмт хэрэг үйлдсэн талаар нь сайн мэдэхгүй л байна... гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “иргэн Н.Сун эзэмшлийн Тоёота приус 11 загварын 00-00 УНП улсын дугаартай суудлын автомашины нүүрсэн яндан 700.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.     

Шүүгдэгч Э.Сын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Зурагтын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух иргэн Н.Сугийн 00-00 УНП улсын дугаартай приус-11 загварын авто машины нүүрсэн янданг авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Э.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Суд 700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 300.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх ба хохирогч нь үлдэгдэл 400.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгчээс 400.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор завсарлага авч, хохирогч Н.Суд 400.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчоос ял эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Саас 400.000 төгрөг бэлнээр авсан нь үнэн болно” гэх баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Э.С нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгч Э.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр, 2-4 насны хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/, багийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 437 дугаартай албан бичиг /хх-ийн 44/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 50-51/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Сын эрхэлсэн тодорхой ажилгүй, банкны зээл төлөх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд тэнссэн хугацаанд тодорхой ажил хөдөлмөр эрхлэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Э.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сд тэнссэн хугацаанд тодорхой ажил хөдөлмөр эрхлэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Сд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР