| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0147/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/172 |
| Огноо | 2020-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/172
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхзул,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Д.Н,
Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С овогт О.Эт холбогдох эрүүгийн 2018000000124 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С овогт О.Э /РД: /, Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 1 дүгээр гудамжны 4 тоотод эхнэр Д.Нг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь цээжний ар хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О.Эын өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр эхнэр маань гэртээ оройтож ирэхээр нь миний уур хүрээд маргалдсан. Тухайн өдөр би архи, айраг уусан халамцуу байсан юм. Тэгээд маргааш өглөө үүр цайж байх үед Д.Н ажилдаа явна гээд байхаар нь бид хоёр дахин маргалдаад эхнэр маань айл руу гүйгээд орчихсон. Би араас нь ороод шүүгээнд байсан хутгыг авч Д.Нн нуруу луу хатгасан гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Д.Нн өгсөн: ...нөхөр Э намайг хардаад хэл амаар доромжилж байгаад унтахаар нь би хажуугаар нь ороод хэвттэл сэрчхээд хувцаснаас заамдаж аваад орилоод ална гээд байсан. Тэгэхээр нь түлхэж босоод хэрүүл хийж байгаад ажил руугаа эртхэн явъя гэж бодоод хувцсаа өмсөөд гарах гэтэл Э хувцаснаас татаж чирээд орон дээр түлхэж унагаад “чамайг алчихъя” гээд гудас сөхсөн. Тэгтэл гудсан доор хутга, отверка байхаар нь би айгаад хажууд байдаг ***** ахынд орсон. Тэгтэл Э араас орж ирээд хоолны шүүгээ татаад дотроос нь хутга аваад над руу ирэхэд би тонгойтол араас хутгалчихсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч ***** өгсөн: 2020 оны 3 дугаар сарын 01-ний өглөө Н нь “намайг алах гээд байна” гээд гүйж орж ирсэн. Тэгтэл Э гүйж орж ирээд “чамайг ална” гэж хэлээд манай гал тогооны шүүгээ дотроос хутга аваад эхнэр Нгээ хутгалах шиг болсон. Тэгээд би Нн хувцсыг тайлаад хартал далны ойролцоогоос цус гарч байх шиг байхаар нь цаасаар арчиж дарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрч О.*****гийн өгсөн: 2020 оны 3 дугаар сарын 01-ний өглөө гэртээ унтаж байхад Н орилоод “ ***** намайг алах гээд байна” гээд орж ирсэн. Тэгтэл манай дүү Э орж ирээд “чамайг ална” гээд манай гал тогооны шүүгээнээс хүрэн иштэй жижиг хутга аваад эхнэр Н рүү дайрахад манай хүү дээрээс нь давхар дараад унахдаа хутгалчих шиг болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 223 дугаартай “Д.Нн биед цээжний ар хэсгийн шарх тогтоогдлоо. Дээрх шарх нь хурц ир үзүүртэй багажийн зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Нн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/,
Д.Нн зүүн далны хэсэгт 2 сантиметр өргөн хутгалагдсан шархтай... гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-29/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бат-Амгалангийн “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 10 оноо буюу дунд түвшин” гэх үнэлгээ /хх-ийн 38-39/,
Шүүгдэгч О.Э нь 1.60 хувийн согтууралтай гэх тэмдэглэл /хх-ийн 40/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч О.Э, хохирогч Д.Н нар нь эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Н, гэрч ***** , О.*****, ***** болон шүүгдэгч нарын мэдүүлэг, О.Э, Д.Н нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58/-аар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч О.Эын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 1 дүгээр гудамжны 4 тоотод хардалтын улмаас эхнэр Д.Нг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь цээжний ар хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул О.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Нн эрүүл мэндэд цээжний ар хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Д.Нн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргажээ.
Шүүгдэгч О.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 414 дугаартай албан бичиг /хх-ийн 56/, О.Э, Д.Н нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа ,хх-ийн 58/, Эын Бин төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Эыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР