Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 119/2021/0012/з |
Дугаар | 221/МА2021/0448 |
Огноо | 2021-08-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2021/0448
З.Ж-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, цахимаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор З.Ж-ы нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 48 дугаар зүйлийн 48.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дүгээр зүйлийн 38.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг баримтлан З.Ж-ы нэхэмжлэлийг хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаар захирамжаар Цагаанчулуут баг 7-р хороололд худалдаа үйлчилгээний зориулалтаар 100 м.кв газрыг эзэмшүүлсэн боловч гэрээнд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэрийг хүчингүй болгосон. Дээрх шийдвэрийг гаргахын өмнө иргэн З.Ж-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь зааснаар “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах болсныг Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх" гэсний дагуу албан бичгээр мэдэгдэж хариу тайлбар, саналаа ирүүлэх боломжоор хангасан бөгөөд З.Ж нь мэдэгдлийг хүлээн авсаны дараа өөрөө ирж уулзсан бөгөөд хариу тайлбараа албан бичгээр ирүүлнэ гэж хэлээд мэдэгдэл хүргүүлснээс хойш нэг сар гаруй хугацаа өнгөрөхөд ирүүлээгүй болно. Иймд сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэж Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дугаар захирамжийг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, оролцогчийг тайлбар, санал гаргах боломжоор хангасан боловч иргэн З.Ж нь санал тайлбараа ирүүлээгүй нь сонсох ажиллагааг бүрэн хийгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Ковид 19 цар тахлын үеийн хөл хорио, халдвар хамгааллын журмын хүрээнд сонсох ажиллагааг биечлэн зохион байгуулах боломжгүй байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу сонсох ажиллагааг саналыг бичгээр авах хэлбэрээр явуулсан. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс сонсох ажиллагааг бүрэн хийгээгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд дээрх Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 22- ны өдрийн А/221 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай" захирамж нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тул иргэн З.Ж-ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч З.Ж нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” А/221 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “2019 оны 10 дугаар сарын 03-нд газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж, энэ өдрөөс хойш 15 жилийн хугацаатай гэрээ байгуулсан, Газрын тухай хуульд заасан 2 жилийн хугацаагүй дуусаагүй” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “2018 онд Газрын тухай хуульд орсон өөрчлөлтийн хүрээнд нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн авсан” гэж маргажээ.
Маргаан бүхий аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/221 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 40.3 дахь заалтуудыг тус тус баримтлан “эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр З.Жаргалсайханд анх газар эзэмших эрх олгосон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаар захирамжийн хавсралтын 7 дугаар мөрийн “...З.Ж-д Цагаанчулуут баг, 7 дугаар хороололд 100 м.кв газрыг худалдааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй” гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч З.Ж нь Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг, 7 дугаар хороололд 100 м.кв газрыг иргэн Х.Б-О-с шилжүүлэн авч худалдааны зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшиж эхэлсэн, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж 000633755 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон, улмаар Газрын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дахин Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгож, Газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”: 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн газраа Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/502 дугаар захирамж болон гэрээнд заасан “худалдааны” зориулалтаар ашиглаагүй, барилга, байгууламж бариагүй болох нь нотлогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Дээрх хуулиар тодорхойлсон 2 жилийн хугацааг “гэрээ байгуулагдсан” өдрөөс буюу 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс тоолох бөгөөд гэрчилгээ болон гэрээний маягт өөрчлөгдөж шинээр олгосоныг захиргааны гэрээний гол нөхцөл болох “хугацаа” өөрчлөгдсөн гэж үзэхгүй.
Ийнхүү Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байхад анхан шатны шүүх “...З.Ж-ы газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зорилго бүхий захиргааны акт гаргах захиргааны байгууллагын хүсэл зориг илэрхийлэгдэж байна...” гэж зөв дүгнэсэн атлаа маргаан бүхий захирамжийн техникийн шинжтэй үг зүйн алдаанд хөтлөгдөн “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлаа шийдвэрлэлгүй орхигдуулсан” гэх үндэслэлээр захиргааны шийдвэрийг зорилгодоо нийцээгүй, бодит байдалд тохироогүй гэж хүчингүй болгосон нь буруу болжээ.
Хэдийгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”, “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох” гэсэн ойлголтууд нь өөр өөр агуулгатай, ялгаатай ойлголт болох талаар шүүх зөв дүгнэлт хийсэн ч маргаан бүхий захирамжийн Тэргүү хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээ,... хүчингүй болгох тухай” гэж тодорхойлсон, захирамжид баримталсан Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон, захиргааны байгууллагын “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” хүсэл зориг илэрхийлэгдэж байгаа энэ тохиолдолд анх газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон алдаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үгүйсгэх зөрчил болж чадахгүй.
Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нэг үндэслэлээ “...нэхэмжлэгчийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй, хүчингүй болгох нөхцөл бий болсон нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг сонсох, нотлох баримт цуглуулах зэрэг шаардлагатай ажиллагааг захиргааны байгууллагын зүгээс хийгээгүй, улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон байхад зөвхөн мэдэгдэл хүргүүлсэн, хариу ирүүлээгүй тул шийдвэр гаргасан” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байж болохоор ч нэхэмжлэгч нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохоо нотлож чадаагүй, Зэст багийн нутаг дэвсгэрт “Мэлмий” худалдаа үйлчилгээний төв барьсан үйл баримт, Бэлэг дурсгалын дэлгүүрийн загвар зураг зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаан болж чадахгүй тул дээрх дүгнэлт нь маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Ж-ы Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” А/221 дүгээр захирамжийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн
хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.Баатархүү
ШҮҮГЧ О.НОМУУЛИН