Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01004

 

Б.С, Б.Энарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/00037 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 657 дугаар магадлалтай,

Б.С, Б.Энарын нэхэмжлэлтэй

“Б Т”ХХК-д холбогдох

Оффис менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 290546 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай Б.Эийн нэхэмжлэлтэй,

Нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны дутуу цалин болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 3 348 636 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай  Б.Сгийн нэхэмжлэлтэй,

Илүү олгогдсон цалин хөлсийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргал нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, Б.Эрдэнэсувд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Энь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Б Т”ХХК-д оффис менежерээр ажилд орж ажилласан. 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр жирэмсэн болсноо мэдсэн бөгөөд баяр наадмын амралтын өдөр эхлэх хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 28-ны өдөр хүртэл акттай байсан боловч би 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр биеийн байдал дээрдэж ажилдаа санаа зовоод ажлаа хийхээр очсон. Компанийн гүйцэтгэх захирал А.Азжаргал 2017 оны 7 дугаар сарын 28-29-ний хооронд над руу залган ерөнхий захиралтай ярьсан, чамайг зүгээр ажиллуулж байгаад декретийг нь өг гэсэн тул 31-нээс ирээд ажлаа хийгээрэй гэж хэлсэн. 2017 оны 8 дугаар сарын 9-ний өглөө гэнэт хэвлийгээр хатган өвдсөн. Удалгүй түргэний машин ирж шууд эмнэлэгт хүргүүлж хэвтсэн. 5 хоног эмчилгээ хийлгэж 6 дахь өдрөөс хэвтрийн дэглэм барих шаардлагатай гээд эмнэлгийн магадлагаа бичиж өгсөн. Эмчилгээтэй байх үед 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр урьдчилгаа цалин орсон. Үүнээс хойш 9 дүгээр сарын 5-ны өдөр 8 сарын сүүл цалин ороогүй. 2017 оны 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй гээд төлүүлсэнгүй гэж хэлсэн. Би энэ оны 12 сард жирэмсний амралтаа авах гэж байсан тул маш их гайхаж цочирдсон. Би 8 сард ажиллаж байхдаа энэ талаар огт сонсоогүй, надад ажлаас халсан тушаал ч өгөөгүй. Энэ компани нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, тушаал гаргаж өгөөгүй, ажилласан хоногийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, шалтгаангүйгээр цалин тавиагүй, нийгмийн даатгалын шимтгэлийг хувиараа төлөхөөс өөр аргагүй болгосон зэрэг зөрчил гаргаж намайг хохироосон. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд шүүхэд гаргасан тайлбартаа: Б.С нь “Б Т”ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нягтлан бодогч албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан. Ажлаас халагдсан гэх шалтгаан нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй байсан орлогыг татварын тайланд тусгаж байгууллагын татварын өрөнд оруулсан гэх ба “Б Т”ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч компани бөгөөд хуулийн дагуу нягтлан бодогч албан тушаалынхаа хүрээнд гүйцэтгэх ёстой ажлыг л Б.С хийсэн байдаг. Б.Сд ажлаас халагдсан тушаалыг эх хувиар нь гардуулж өгөөгүй ба 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсан гэж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн. “Б Т”ХХК нь цалинг 70 хувь болгон бууруулах талаар Б.Стай тохиролцоогүй, мөн дараагийн ажиллах ажилтанг олох хугацаагаар түр ажиллуулсан нь Б.Сг ажлаас халсан эцсийн өдөр нь ойлгомжгүй илтэд хууль бус тушаал гаргасан болно. Иймд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилласан 70 хувиар бодож олгосон цалинг 100 хувиар бодож зөрүүг гаргуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Эийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу туршилтын 3 сарын хугацаанд ажилд авсан. Энэ хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлж тушаалаар сануулах арга хэмжээ хоёр ч удаа авсан. Б.Энь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 7 дугаар сарын 16-24-ний өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй тасалсан болох нь түүний нэхэмжлэлд дурьдагдсан ба ажлын цагийн бүртгэлээр давхар нотлогдоно. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 10:40 цагт орж ирээд би ажлаасаа гарна, хувийн шалтгаан байна, ар гэрийнхэн өөр ажил хий гэж зөвлөсөн гээд өнөөдөр ажил дээр байгаа өөрийн хувийн зүйлийг авахаар ирсэн гэж хэлсэн ба 13:30 цагт яваад өгсөн. Энэ өдөр ерөнхий захирал байхгүй байсан. Түүнийг ирсний дараа тухайн болсон асуудлын талаар мэдэгдсэн ба 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17/17 дугаар ерөнхий захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2017 оны 7 дугаар сарын 26-ний өдрийн 17/17 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалын нэг хувийг түүнд өгөөд явуулсан. Иймд Б.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Б.С нь тус компанийн ерөнхий захирлын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06/1609 тоот тушаалаар нягтлан бодогчийн ажилд орсон бөгөөд ажлын цаг баримталдаггүй, ажлаас байнга хоцордог ба ажлын байранд хувийн асуудлаа удаан хугацаагаар ярьж суух, утсаар тасралтгүй ярих зэргээр Хөдөлмөрийн гэрээний 2.2.12-т заасныг зөрчсөн тул 2017 оны 06 сарын 14-ний өдрийн ДТ/07 дугаартай тушаалаар сануулах арга хэмжээг авч өөрт нь танилцуулсан болно. Ийнхүү сануулах арга хэмжээтэй байх үедээ 2017 оны 6 сарын 21-23-ны өдрүүдэд ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тул үндсэн цалинг 15 хувиар нэг сарын хугацаатайгаар бууруулах сахилгын шийтгэл оногдуулж өөрт нь хурлаар танилцуулсан болно. Түүнчлэн өөрийнхөө цалинг дураараа нэмж нэг сарын цалинг 1 000 000 төгрөг болгосон тушаал гаргасан байсан. Б.С нь ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй зэрэг асуудал удаа дараа гаргасан тул тус компанийн ерөнхий захирлын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 21/17 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч, шинэ ажилтан ирэх хүртэлх хугацаагаар үүргээ түр гүйцэтгэж, энэ хугацаанд цалинг 70 хувиар тооцон олгож байхыг тусгаж өөрт нь тухайн өдөр мэдэгдэж тушаалын хуулбарыг нь өгсөн. Энэхүү тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэл бөгөөд Б.С нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж хоёр удаа сахилгын шийтгэл хүлээж байсан ба ажлаас хоцрох болон таслах үйлдэл нь удаа дараа давтагдсан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно. Б.С нь ажлаас халсан тушаалыг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн бөгөөд тухайн өдөрт нь тушаалын хувийг өөрт нь гардуулан өгөхөд өөрөө хүлээн зөвшөөрч дараагийн ажилтан иртэл түр ажиллана гэдгээ ч илэрхийлсэн. 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Иймд Б.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал сөрөг нэхэмжлэлдээ: Б.Энь нягтлан бодогч Б.Стай үгсэн хуйвалдаж, түүнтэй дотно байсан харилцаагаа ашиглаж 2017 оны 7 дугаар сарын сүүл цалин гээд Б.Эийн Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн 463019123 дугаартай дансаар 125 134 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын урьдчилгаа цалин 100 000 төгрөг, нийт 225 134 төгрөгийг авсан. Тухайн үед нягтлан бодогч Б.Сгаас тодруулахад урьд сарын файл ашиглан цалин бодохдоо алдаа гаргасан байна, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэнэ гэж байсан. Ажил эрхлээгүй байж өөртөө цалин хөлс гаргуулж авсан Б.Эээс нийт 225 134 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, Б.С нь ажилд орсноосоо хойш жил ч хүрэхгүй хугацаанд зөвхөн ажлаас хоцорсон цаг нь 2,757 минут буюу 45.95 цаг, ажлын цагаар гарч явсан цаг нь 1,790 минут буюу 29.83 цаг болсон. Мөн 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ДТ/08 тоот тушаалаар Б.Сд оногдуулсан сахилгын шийтгэл нь нэг сарын цалинг 15 хувиар бууруулсан байхад сахилгын шийтгэлийн 150 000 төгрөгийг суутгаагүй бүтэн олгосон байсан. Хэдийгээр манай байгууллага цагийн бүртгэлийг нягт нямбай хийж байсан ч цалин хөлснөөс нь хоцорсон тасалсан цагийн мөнгийг суутгалгүйгээр олгож байсан. Иймд Б.Сгаас ажлаас хоцорсон 2,757 минут буюу 45.95 цагийн мөнгө болох 283 185 төгрөг, ажлын цагаар гарч явж тасалсан 1,790 минут буюу 29.83 цагийн мөнгө 181 476 төгрөг, сахилгын шийтгэлийн 15 хувийн цалин хөлс болох 150 000 төгрөг, нийт 614 661 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Эболон нэхэмжлэгч Б.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17/17 дугаар цалин нэмэх тушаалаар Б.Эийн сарын цалинг 600 000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон байдаг. Ийнхүү цалин нэмэгдүүлсэн нь Б.Эийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажих болно. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдөр хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй тасалсан гэх боловч үнэндээ Б.Энь өвчний листтэй байсан бөгөөд өвчний лист болон нийгмийн даатгалын сангаас орсон листны мөнгөөр нотлогдоно. Б.Энь ажилласан хугацааны цалингаа авсан, Б.Стай дотно харилцаагаа ашиглаж 225 134 төгрөгийн цалин гаргуулсан гэдэг нь үндэслэлгүй байна. Б.Энь ажиллах хугацаандаа сахилгын шийтгэлээр шийтгүүлж байгаагүй мөн нэхэмжилсэн 225 134 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Б.С нь тус компанид 1 жил ажиллах хугацаандаа сахилгын шийтгэлээр нэг ч удаа шийтгүүлж байгаагүй болно. “Б Т”ХХК нь цагийн бүртгэлийг албан ёсны төхөөрөмжгүй, цагийн бүртгэлийг тус компанийн оффис менежер гараар бүртгэдэг, А.Азжаргал захирал цагийн бүртгэл хөтөлдөггүй. Нягтлан бодогч нь албан тушаалын үүрэгт ажлыг гүйцэтгэх явцад гадуур ажлаар гарах, татвар, нийгмийн даатгал, банк орох зайлшгүй шаардлага байдаг бөгөөд үүнийг ажил тасалсанд тооцсон байна. Ажилд орсноос хойш бүтэн нэг жилийн цагийн бүртгэлээр ажлаас хоцорсон 45.95 цагийн мөнгө 283 185 төгрөг, ажлын цагаар гарч явж тасалсан гэх 29.83 цагийн мөнгө 181 476 төгрөг, сахилгын шийтгэлийн 150 000 төгрөг, нийт 614 661 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/00037 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Эийг “Б Т”ХХК-ийн оффис менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2 445 454 төгрөгийг “Б Т”ХХК-иас гаргуулан Б.Эд олгож, үлдэх 845 092 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.Эийн Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагч “Б Т”ХХК-д даалгаж, “Б Т”ХХК-д холбогдуулан гаргасан “Б Т”ХХК-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны дутуу цалин болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 3 348 636 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай Б.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Б.Эд холбогдуулан гаргасан ажил эрхлээгүй байхад нь бодож олгосон цалин 225 134 төгрөгийг буцаан гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.Сд холбогдуулан гаргасан ажил тасалсан цагийн мөнгө 181 476 төгрөг, ажлаас хоцорсон цагийн мөнгө 283 185 төгрөг, сахилгын шийтгэлийн дагуу суутгах ёстой байсан 150 000 төгрөг, нийт 614 661 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Б Т”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 54 077 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 657 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 181/ШШ2018/00037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Сгийн өмгөөлөгч Т.Сайнбаяр би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. 2017 оны 12 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд захирал А.Амаржаргалын хилээр нэвтэрсэн талаарх лавлагааг гаргуулж өгнө үү хэмээн шүүхэд хүсэлт гаргасан байдаг. /хх-2, хуудас-34/ Хил хамгаалах еренхий газраас 2017 оны 12 сарын 19 өдрийн №3-1/9881 албан тоотоор А.Амаржаргалын хилээр нэвтэрсэн тухай лавлагааг ирүүлдэг. /хх-1, хуудас 74/ Гэтэл 2018 оны 01 сарын 04 өдрийн шүүх хуралдаанаас өмнө Б.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалыг танилцуулалгүй шүүх хуралдааныг эхэлсэн байдаг. хх-1, 80 дугаар хуудсанд байгаа хэргийн материал танилцуулсан тухай баримтад нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч М.Энхжжаргал, хариуцагчийн өмгөөлөгч нар гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр авсан лавлагааг өөрт нь танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг эхлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна. Нэхэмжлэгч Б.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 11 сарын 20 өдрөөс хойш хэргийн материалтай огт танилцаагүй нь хх-1, хуудас 33-аас харагдана. Мөн Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд” гээд “б” хэсэгт /шийдвэрийн 10 дугаар тал/ “Б Т”ХХК-ийн Захирлын 2017 оны 06 сарын 15-ны өдрийн “Цалин нэмэх тухай” 17/17 тоот тушаалыг хариуцагч тал байхгүй, тийм тушаал гаргаагүй гэсэн учир захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзэхгүй гэжээ. Нэхэмжлэгч тал 17/17 гэдэг тушаал гарсан учраас л тушаалын дугаар, он сар, өдөртэй нь дурьдаж хүсэлт гаргасан байна шүү дээ. Хэрэв хариуцагч тал ийм тушаал гаргаагүй бол түүнийгээ нотлох ёстой байсан. Шүүх захирамжаар заасан нотлох баримтыг гаргуулахаар даалгасан байхад хэн нэгний байхгүй, гаргаагүй гэсэн тайлбараар захирамжийн биелэлтийг хангахгүй хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Дээрх тушаал гараагүй бол нэхэмжлэгч огноо, дугаарыг яаж мэдсэн байх билээ? Локигоор ч гэсэн дүгнэлт хийх ёстой байсан. Нэхэмжлэгч өөрөө олж авч чадахгүй нотлох баримтаа шүүхээр бүрдүүлүүлэх эрхтэйг хуульчлан заасан. Хариуцагч өөрт ашиггүй байсан учир тухайн тушаалыг гаргаж өгөхөөс татгалзсан нь тодорхой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүтээр зүйлийг анхан шатны шүүх болон хариуцагч нар үл биелүүлсэн гэж үзэхээр байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргал хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалын Б.Эд холбогдох хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагч “Б Т”ХХК-ний өмгөөлөгч М.Энхжаргал миний бие энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр, магадлал нь ИХШХШ тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна“гэсэн заалтыг хангаагүй. Нэхэмжлэгч Балдоо овогтой Б.Энь манай “Бевертектехнологи” ХХК-нд туршилтын гурван сарын хугацаатай оффис менежерийн ажилд 500 000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа зөрчил дутагдал гаргаж хоёр удаа тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан. Б.Энь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 7-р сарын 16-наас 24-нийг хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй тасалсан. Ингээд 2017.07.24-ний өдөр 10.40 минутанд орж ирээд “Би ажлаасаа гарна, хувийн щалтгаан байна, ар гэрийнхэн өөр ажил хий гэж зөвлөсөн. Тэгээд ч туршилтын хугацаандаа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гээд өнөөдөр ажил дээр байгаа өөрийн хувийн зүйлийг авахаар ирсэн гэж хэлсэн ба 13.30 минутанд яваад өгсөн. Түүний энэ байдал болон Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасан шалтгаангүйгээр олон хоног ажил тасалсан, туршилтын хугацаанд энэ ажилд тэнцэхгүй болсон зэрэг олон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд 2017.07.26-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Энэхүү ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 8-р сарын 7-ний өдөр түүнд хуулбарыг танилцуулж өгсөн. Б.Энь ажлаас 2017 оны 7-р сарын 26-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдэж байсан бөгөөд шүүхэд мэдээгүй гэж илт худал мэдүүлсэн. Худал гэдэг нь юугаар тогтоогдох вэ гэвэл 2017.09.01-ний өдрөөс эхлэн Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст сайн дурын даатгалд хамрагдсан үйл баримтаар тогтоогдоно. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа болно. Түүнчлэн нягтлан бодогч Б.Стай үгсэн хуйвалдаж түүнтэй дотно байсан харилцаагаа ашиглаж 2017 оны 7-р сарын сүүл цалин гээд Б.Эийн Худалдаа Хөгжлийн банкны төгрөгийн 463019123 дугаартай дансаараа 125 134 төгрөг, 2017 оны 8-р сарын урьдчилгаа цалин 100.000 нийт 225.134 төгрөгийн цалин өөрт гаргуулан авсан. Тухайн үед нягтлан бодогч Б.Сгаас тодруулахад урьд сарын файл ашиглан цалин бодохдоо алдаа гаргасан байна, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэнэ гэж байсан, ерөнхий захирлаар нийт ажилчдын цалингийн нэгдсэн мөнгө дүнг батлуулсан учир дотор нь хэн хэн хэдэн төгрөг цалин бодогдсон нь харагдахгүй байсан учраас анзааргүй. Б.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ алдагдсан өөрөөр хэлбэл компаний бүх бичиг баримтыг Б.Энь хариуцаж байсан бөгөөд тэрээр энэ талаар маргаагүй. Мөн нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Хөдөлмөрийн гэрээний 4-р зүйлийн 4.2.3-т “Хөдөлмөурийн тухай Монгол Улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “ноцтой зөрчил” гэж дараах зөрчлийг ойлгоно. Үүнд: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал” гэж заасныг үндэслэн Балдоо овогтой Энэрэлийг ажлаас чөлөөлсөн болно. Гэвч нэхэмжлэгч Б.Эд хөдөлмөрийн гэрээ байсан гэдэг нь түүний нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтуудаар нотлогдох бөгөөд шүүх бол нотлох баримтыг шаардлага хангахгүй хэмээн нэхэмжлэгчид буцаан олгосон. Шүүх ийнхүү буцаахаас өмнө нэхэмжлэгчид өөрт хөдөлмөрийн гэрээ байсан үйл баримтыг дүнгэж үзэх ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Б.Энь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 7-р сарын 16-наас 24-нийг хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй тасалсан болох нь түүний нэхэмжлэлд дурьдагдсан байх ба ажлын цагийн бүртгэлээр давхар нотлогдоно. Б.Этэй холбоо барихыг оролдсон боловч чадаагүй. Шүүх хуралдааны явцад Б.Энь шалтгаангүйгээр олон хоног ажил тасалсан, ямар нэгэн акт эмнэлгийн хуудас ажил олгогчид үзүүлээгүй, энэ талаар түүнд мэдэгдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрснийг шүүх яагаад шийдвэр магадлал гаргахдаа анхаарч үзэхгүй байгааг ойлгохгүй байна. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч өвчтэй байсан, жирэмсний хяналтанд орсон гэх баримт хавтас хэрэгт байхгүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохгүй байгаа энэ талаар шүүх дүгнэхгүй байгаад гомдолтой байна. Иймд магадлалын Б.Эд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн хуульд заасан шаардлагын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчдын хооронд хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Сгийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, ...хариуцагчаас цалин нэмэх тухай 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17/17 тоот тушаал гаргуулахыг шүүхэд хүссэн боловч хариуцагч ийм тушаал байхгүй, гаргаагүй байна гэснийг үндэслэж, шүүх нотлох баримтыг бүрдүүлээгүй, ...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан “... шүүх Б.Эийн ажлаас халсан тушаалыг мэдсэн хугацаа, шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг дүгнэж чадаагүй, ...зөрчил гаргасан нь тогтоогдсон байхад баримтыг үнэлж чадаагүй тул Б.Эийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг тус тус хангах үндэслэл тогтоогдсонгүй.

“Б Т”ХХК-д холбогдуулан гаргасан Б.Эийн нэхэмжлэл болон  Б.Сгийн нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэсэн шүүхийн ажиллагаа оновчтой болоогүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, нэхэмжлэл тус бүрийн талаар зохих эрх зүйн дүгнэлт хийсэн байдлыг харгалзан шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Энь оффис менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 3 290 546 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Б.С нь нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны дутуу цалин болон ажилгүй байсан хугацааны олговорт нийт 3 348 636 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх нэхэмжлэлийг тус тус “Б Т”ХХК-д холбогдуулан гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч Б.Эд холбогдуулан ажил эрхлээгүй байхад нь бодож олгосон цалин 225 134 төгрөгийг буцаан гаргуулах, Б.Сд холбогдуулан ажил тасалсан цагийн мөнгө 181 476 төгрөг, ажлаас хоцорсон цагийн мөнгө 283 185 төгрөг, сахилгын шийтгэлийн дагуу суутгах ёстой байсан 150 000 төгрөг, нийт 614 661 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Б.Эийг оффис менежерийн ажлаас чөлөөлсөн “Б Т”ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17/17 дугаар тушаал хууль зөрчсөн талаарх шүүхийн хууль зүйн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу түүний нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр, магадлал хуулийн үндэслэлтэй болжээ.

Харин ажил олгогчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 21/17 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэн Б.Сг нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн тушаал үндэслэлтэй, Б.С нь хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалин хөлсийг  тушаал, шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан, хөдөлмөрийн гэрээний 4.2.3-ийн 8 дахь хэсэгт заасан тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогджээ. Гэрээг цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл тогтоогдсон тул мөн хуулийн  40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” зөрчлийг давхар баримтлах нь буруу боловч энэ нь тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй байна. Нэхэмжлэгч Б.Сгийн зүгээс “цалин нэмэх тухай” ажил олгогчийн тушаал гарсан гэх боловч энэ талаар баримт байхгүй, уг баримтыг хариуцагчаас гаргуулах ажиллагааг шүүх явуулсан боловч хариуцагч тушаал гараагүй гэсэн тул уг баримтыг байгаа гэж үзэх, хариуцагчийг өөрт ашиггүй учраас гаргаж өгөхөөс татгалзсан гэж дүгнэх үндэслэлгүй юм. Ажил олгогчийн дээрх тушаалыг байсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч “Б Т”ХХКомпанийн зүгээс нэхэмжлэгч Б.Э, Б.С нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулсан, маргааны үйл баримтыг хэрэгт байгаа баримтын хэмжээнд үндэслэлтэй дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/00037 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 657 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Сгийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА