| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2020/0126/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/134 |
| Огноо | 2020-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/134
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч: Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч С.С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2018001510105 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19,, оны 08 дугаар сарын ,,-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, яс үндэс торгууд, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сар хорих ял, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж байсан, С.Б-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.С.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан алт” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн орчим иргэн М.М.о-ын баруун хөмсөгт шилтэй архиар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.С.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй, өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчтой эвлэрсэн байгаа” гэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч С.С.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д****** алт” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн орчим хохирогч М.М.о-ыг шалтаг шалтгаангүйгээр архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.С.Б-гийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2018001510105 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Хохирогч М.М.о-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед би хөдөө Ширхэнт гэх газраас өөрийн ******* улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн машин дээрээ монгол гэр ачиж Шарын гол сумын төвд орж ирээд танил айлдаа буулгачихаад гарах замдаа Дархан алт гэх дэлгүүрийн үүдэнд зогсож дэлгүүрээс ундаа авахаар орсон. Намайг ороход зүс таних С.Б- нэг хүүхний хамт зогсож байсан бөгөөд нэлээн халамцуу байдалтай дэлгүүрээс юм авч байсан. Тэгээд намайг ундаа авч байхад хажуугаас С.Б- намайг хошного, бөгс, лалар, чамайг Шарын гол сумын эрүүлжүүлэх байранд хачин болгож хамт хононо гэсэн юм ярьж хэл амаар доромжилж буугаад ир гэсэн. Тэгээд буугаад очтол ханцуйндаа байсан шилтэй архиар миний зүүн талын хөмсөгний дээд хэсэгт нэг удаа цохиж толгой хагалсан. Тэгснээ намайг эрүүлжүүлэхэд хамт очиж хононо гэж хэлээд өөрөө дагуулж Шарын гол сумын Цагдаагийн хэлтэс дээр авч ирэхээр нь би болсон асуудлын талаар хэлэхэд Цагдаагийн албан хаагчид түүнийг эрүүлжүүлэх байранд оруулж, харин намайг эрүүл мэндийн төв дээр очиж үзүүлсэн. Тэгээд би хагарсан шархандаа 3 оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хх 8/,
Гэрч С.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 20 цаг өнгөрч байхад би М.о-ын машинтай эхнэр Ж- хамтаар гурвуулаа явж байгаад дэлгүүрээс ундаа авахаар М.о- ганцаараа дэлгүүр рүү орсон юм. Эхнэр бид хоёр машинд сууж үлдсэн. Гэтэл удалгүй М.о- мөн зүс таних С.Б- нар гарч ирсэн. М.о- машины хаалгаа нээгээд ундаагаа машинд тавьчихаад эргээд харах үед нь М.о-ыг С.Б- архины шилээр нэг удаа баруун хөмсөгний орчимд цохисон юм. М.о-ын хөмсөгний дээд талаас нь цус гарсан. Тэгээд шууд С.Б-г машинд суулгаад цагдаа дээр бүгдээрээ ирсэн юм” гэх мэдүүлэг /хх 9/,
Гэрч Н.Ж- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим нөхөр М- болон найз М.о- нарын хамтаар М.о-ын машинтай Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Шарын гол суманд орж ирсэн юм. Тэгээд айлын хашаанд гэр буулгачихаад хоол идчихээд эргээд Мандал сум руу явах замдаа Дархан алт нэртэй дэлгүүр дээр М.о- зогсоод ундаа авахаар дэлгүүр рүү орсон юм. Удалгүй ундаагаа аваад гарч ирэхэд араас нь С.Б- гэх залуу дагаад гарч ирсэн. М.о- машиндаа ундаагаа тавьчихаад эргэх үед нь С.Б- архины шилээр баруун хөмсөг рүү нь нэг удаа шилтэй архиар цохиод авсан. Ингээд М.о- нь цохиулсны дараа хөмсөгний орчмоос нь цус гарсан. Мөн С.Б- гэгчийг машиндаа суулгаад шууд цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг /хх 10/,
Гэрч Б.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би Дархан алт дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан юм. Гэтэл 19 цаг өнгөрч байхад гаднаас эхлээд нэг тарган залуу ганцаараа дэлгүүрт орж ирсэн юм. Тэр залуу архи уусан бололтой байсан. Архи үнэртэж байсан. Тэгээд надаас нэг шил 0.5 литрийн “Куали” нэртэй архи болон нэг ширхэг парламент нэртэй тамхи, хиам зэргийг худалдаж авсан. Мөн надаас утасны цэнэглэгч асуусан. Энэ үед гаднаас өөр нэг хар хувцастай туранхай эмэгтэй орж ирээд тэр тарган залуутай юм ярьж байгаад гараад явсан. 10 орчим минутын дараа дахин тэр хоёр эрэгтэй, эмэгтэй орж ирээд зогсож байтал гаднаас нэг туранхай залуу орж ирсэн. Ингээд нөгөө тарган залуу туранхай залуутай гар бариад, малгайг нь тайлж аваад байсан. Сүүлд орж ирсэн залуу 2 ширхэг том кола ундаа аваад дэлгүүрээс тэр бүдүүн залуугийн хамт гарсан юм” гэх мэдүүлэг /хх 13/,
Гэрч С.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 19 цаг өнгөрч байхад би гэртээ амарч байсан юм. Гэтэл манай дэлгүүрт нэг залуу худалдагч А- руу их чанга дуугараад байхаар нь би гарч очсон юм. Тэгэхэд нэг тарган залуу худалдагчийг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандаж миний дүү гарчих гэж хэлсэн. Энэ үед гаднаас нэг туранхайвтар залуу орж ирсэн. Гэтэл тэр залуу тарган залуутай гар бариад малгайг нь тайлаад дараа нь гараараа бие рүү нь 2-3 удаа цохисон. Туранхай залуу нь ундаа худалдаж аваад дэлгүүрээс эхлээд тарган залуу нь гарсан. Араас нь туранхай залуу нь гараад явцгаасан. Тэгээд дэлгүүрээс гарснаас хойш юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх 14/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.М.М.о-ын биед баруун хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл тогтоогдлоо.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх 17/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/,
Шүүгдэгч С.С.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 31-41/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч С.С.Б-д оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ