Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 104

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Д.М /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ............ овогт ............ .............д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918008560041 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ............... овогт .............ийн ............... /регистрийн дугаар:ОГ................/, 19.......... оны ..... дугаар сарын .........-ны өдөр ........... аймгийн .............. суманд төрсөн, эрэгтэй, ..... настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөгч угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............. аймгийн ............... сумын ........ дугаар баг ...... дүгээр брак байрны ......... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.М нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 9-ний шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг 19 дүгээр брак байрны 1 тоотод хувийн маргааны улмаас иргэн Г.М-г зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөг, хацар, шулуун гэдэсний амсар орчимд шарх цус хуралт, дух, хамар, доод эрүү, хүзүү, цээжний зулгаралт, нүүр, шулуун гэдэсний орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Д.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.М нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 9-ний шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг 19 дүгээр брак байрны 1 тоотод иргэн Г.М-ыг зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөг, хацар, шулуун гэдэсний амсар орчимд шарх цус хуралт, дух, хамар, доод эрүү, хүзүү, цээжний зулгаралт, нүүр, шулуун гэдэсний орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлсэн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй. ” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 1918008560041 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.М-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 23 цагийн орчим “Ариг” дэлгүүрийн гадна Мтай тааралдаад “Ариг” дэлгүүрээс нэг шил 0.75 литр Хараа архи аваад М ы гэрт очсон чинь Батболд байсан. Тэгээд авсан архиа Батболд, М бид 3 хувааж уугаад би тасарсан байсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өглөө М гэрт сэрсэн чинь хамаг бие хөндүүртэй, хүнд зодуулсан байхад Батболдын дүү ирээд эмнэлэг дуудаад намайг эмнэлэг ирээд аваад явсан. Би тухайн үед архи уугаад тасарсан байсан болохоор хэн зодсоныг мэдэхгүй байна .” гэх мэдүүлэг[1],

 

Гэрч Ч.Н-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Миний нөхөр Жаргалсайханы төрсөн ах Батболд нь өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас манай гэрт ажилд явна гэж ирсэн. Ирснээсээ хойш Дархан сумын 5 дугаар баг 19 дүгээр бракад байх М ахын гэрт байрласан. Тэгээд өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би хүүгээ сургуульд хүргэж өгчхөөд хадам ах Батболдыг Ерөөгийн унаанд суулгахаар М ахын гэрт очиход Мгэх уурхайд ажилладаг залуу бөгснөөсөө цус алдсан байдалтай байсан. Гэрийн эзэн М байгаагүй. Тэр үед би Мөнх-Оргилд чамаас цус гараад байна, яасан юм бэ? гэж асуухад би сайн мэдэхгүй байна, найз нь согтуу байна, газар уначихсан юм шиг байна гээд хэвтэж байхаар нь би түргэн дуудсан.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Ш.Б-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Би Дарханд Ерөөгөөс Мөөнөөгийн гэрт ирээд 7-8 хонож байна. Би дундуур нь Заамарт очиж 2 хоночхоод 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Дарханд ирээд Мөөнөөгийн гэрт ирсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 23 цагийн үед Мөөнөө гаднаас Мөнх-Оргилтой халамцуу нэг шил 0.75 литрийн “Хараа” архи, жижиг цэвэр ус барьчихсан орж ирээд бид гурав хувааж уусан. Тэгээд ууж байгаад Мөөнөөг Ммуу банди минь гэсэн чинь Мөөнөө чи  намайг банди явахыг хаана харсан юм бэ? гээд тэр хоёр маргалдсан. Тэгээд Мөөнөө Мөнх-Оргилыг газар унагааж байгаад нүүр нүд рүү нь өшиглөөд байхаар нь салгах гэсэн чинь би дийлээгүй. Тэгээд удалгүй Мөөнөө гарч яваад ирээгүй, өглөө ирсэн юм. Мбид хоёр хамт хоносон. Маргааш өглөө нь 11 цагийн орчим нэг шил 0.75 литрийн архи, нэг том пиво барьчихсан “Ариг” дэлгүүрийг ажиллуулдаг залуу гээд нэг залуутай орж ирээд бид нар хувааж уусан. Тэр үед М пивоноос жоохон уугаад архи уухгүй бөөлжөөд байна гээд уугаагүй. Тэгээд архиа ууж дуусаад Мөөнөө нөгөө залуу хоёр гараад явсан. Тэгээд байж байхад манай дүү Жаргалсайхан эхнэртэйгээ намайг Ерөө явуулах гэж ирээд Мөнх-Оргилыг харчхаад эмнэлэг дуудсан.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Б.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр үзлэг хийхэд бусдад зодуулсан гэх шалтгаантай Гарамбазарын Мгэх эрэгтэй байсан. Г.М-ын биед салтаандаа хошногын амсрын эргэн тойронд хатгагдсан 2 см, 1 см тус бүр 3 шархтай байсан, мөн нүүрний хэсэг нэлэнхийдээ зулгарал үүсэж хөхөрч няцарсан, цээжний өмнө хэсгээр хөхөрсөн, 2 гарын сарвуу болон зүүн хөлийн өвдөгний үеэр зулгарал үүссэн шинж тэмдэгтэй байсан. Г.М-ын салтаанд хатгагдсан шарх нь гадны шалтгаантай, тухайн шарх нь хатуу биетээс үүсэх боломжтой юм.” гэх мэдүүлэг[4],

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Г.М-ын биед баруун хөмсөг, хацар, шулуун гэдэсний амсар орчимд шарх, цус хуралт, дух, хамар, доод эрүү, хүзүү, цээжний хэсэгт зулгаралт, нүүр, шулуун гэдэс орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.” гэх 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаар шинжээчийн дүгнэлт[5] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Шүүхээс шүүгдэгч Д.М-ыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Г.М-ын эрүүл мэндэд учирсан баруун хөмсөг, хацар, шулуун гэдэсний амсар орчимд шарх, цус хуралт, дух, хамар, доод эрүү, хүзүү, цээжний хэсэгт зулгаралт, нүүр, шулуун гэдэс орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”

1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “”хохирол” гэсний дараа “санаатай” гэж нэмэлт оруулжээ.

Дээрх хуулийн нэмэлт нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Г.М нь мөрдөн байцаалтад Д.М нь эмчилгээний зардалд 450.000 төгрөг төлж хохирол барагдуулсан тул гомдолгүй гэх тодорхойлолт[6] гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ........... овогт...... -ийн .......г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР

 

 


[1] Хавтаст хэргийн 7 тал

[2] Хавтаст хэргийн 10, 20 тал

[3] Хавтаст хэргийн 11, 17 тал

[4] Хавтаст хэргийн 15-16 тал

[5] Хавтаст хэргийн 24-25 тал

[6] Хавтаст хэргийн 72 тал