Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 105

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгч Э.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ......... овогт ..........ийн .......... холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018000000108 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ......... овогт .................ийн .............., /pегистрийн дугаар: ТА.........../, 19......... оны .......... дүгээр сарын .......-ний өдөр .......... аймгийн .......... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, “...........” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт ............... аймаг ............. сумын .............. дугаар багийн ............... дугаар гудамж ........... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар баг 15 дугаар байрны 72 тоотод хувийн маргааны улмаас иргэн Б.О  толгойн тус газар сандлаар цохиж эрүүл мэндэд нь хуйхны шарх, тархи доргилт, нүүрний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Э.Б-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар баг 15 дугаар байрны 72 тоотод хувийн маргааны улмаас иргэн Б.О  толгойн тус газар сандлаар цохиж эрүүл мэндэд нь хуйхны шарх, тархи доргилт, нүүрний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б-н мэдүүлсэн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2018000000108 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.О  мөрдөн байцаалтад 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гадуур явж байгаад найз Эрдэнэчулууны гэрт орой 18 цагийн орчим очсон. Эрдэнэчулууны гэрт ороход Эрдэнэчулуун, Пүрэвдорж, Б гурав сууж байсан. Ингээд бид нар архи ууж, хөзөр тоголцгоосон. Би тэр үед Оргилмөрөнг дуудсан. Удалгүй Оргилмөрөн ирээд удаагүй байхад Эрдэнэчулуун гарчхаад ирье гээд гараад явсан. Хөзөр тоглож байгаад Б бид хоёр хөзрөөс болж маргалдсан тэгэхэд Б өөрийнхөө сууж байсан саарал өнгийн хуванцар сандал гартаа барьж байгаад миний толгой руу 1 удаа цохисон толгойн зүүн талаас цус гарсан бөгөөд Оргилмөрөн, Пүрэвдорж хоёр салгаад Оргилмөрөн миний толгойн цусыг угааж өгчхөөд гэртээ харилаа гээд гараад явсан. Удалгүй цагдаа ирээд намайг эмнэлэг рүү яв гээд явуулсан. Би эмнэлэг дээр очоод толгойнхоо зүүн талд 4 оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг[1],

 

Гэрч Т.О-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 2 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим манай найз Эрдэнээ миний утас руу залгаад Булган аймгийн Сайхан сумын айраг уух уу гэж надаас асуусан юм. Тэгэхээр нь би тэгье тэгье гээд Эрдэнээгийн гэрт очсон бөгөөд Отгонбаатар, Пүрэвдорж, Б дөрөв архи уугаад сууж байсан. Ингээд бид нар архи уугаад хөзөр тоглосон юм. О Б 2 хөзрөөс болж маргалдаад Б өөрийнхөө сууж байсан хуванцар сандлыг аваад О руу чиглүүлээд шидэхэд сандал нь Отгонбаатарын толгойг оноод толгойн зүүн талаас цус гарсан.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч А.П-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Б бид хоёр Шинэ хорооллын 15 дугаар байранд байрлах найз Эрдэнэчулууны гэрт очоод бид гурав архи уусан. Архи ууж байхад О ирсэн. Дараа нь Оргилмөрөн ирээд хамт хөзөр тоглоод архи ууцгаасан. Ингээд хөзөр тоглож байхад Б, О хоёр хөзрөөс болж маргалдаад Б өөрийнхөө сууж байсан сандлыг гартаа барьж байгаад Отгонбаатарын толгой руу нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг[3],

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас[4]

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.О  биед хуйхны шарх, тархи доргилт, нүүрний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.О-т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаар шинжээчийн дүгнэлт[5] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Б-г өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Б.О  эрүүл мэндэд учирсан хуйхны шарх, тархи доргилт, нүүрний цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Э.Б-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Б.О нь мөрдөн байцаалтад хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Б-с гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуванцар сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбүрэнгийн Б-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуванцар сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР

 

 

 


[1] Хавтаст хэргийн 3-4 тал

[2] Хавтаст хэргийн 8 тал

[3] Хавтаст хэргийн 10 тал

[4] Хавтаст хэргийн 12-13 тал

[5] Хавтаст хэргийн 14-15 тал