Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 109

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Ц.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ........... овогт ............ийн ...............д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2003000460064 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ............... овогт .............ийн .......... /регистрийн дугаар: МЕ................/, 19............ оны ............. дүгээр сарын .........-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ...........аймгийн ........... сумын ........ дүгээр баг “...............” гудамжны .......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо .............. аймгийн ............ сумын ........... дугаар баг ........ дугаар брак байрны ...........тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч О.Г нь 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 17 цаг 30 минутын үед Улаанбаатар төмөр замын суудлын 271 дүгээр галт тэргээр зорчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Дархан-Өртөөнд буухдаа 14 дүгээр хэсэгт хамт зорчиж явсан иргэн Г.Б-ын “iPhone-7 plus” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй.”  гэв.

 

Эрүүгийн 2003000460064 дугаартай хэргээс:

 

Хулгайд алдагдсан гар утсыг хураан авсан “...Хар өнгийн  iPhone-7  plus маркийн, Chinsetgel Mungunshagai гэсэн ID кодтой, 35381501728291 IMEI дугаартай, дэлгэцийн шилэн наалт зүүн тал хэсгийн ирмэгээр цуурсан гар утас 1 ширхэг. Хураан авах ажиллагаанд 5 гэрэл зураг авч бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

 

Хураан авсан гар утсыг хохирогч Г.Б-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл[2],

 

Хохирогч Г.Б-ын мөрдөн байцаалтад 2020 оны 1 дүгээр сарын 10, 2 дугаар сарын 6-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянбуурал өртөөнөөс Дархан аймаг руу явахаар суудлын 271 дүгээр галт тэргэнд суугаад Дархан-Уул аймагт буухдаа гар цүнхнээсээ iPhone 7 plus маркийн гар утсаа хулгайд алдсан. ...Дархан дөхөж байхад сэрээд Уянгасайханаас цүнхээ асуутал миний цүнхийг 1 давхрын суудал дээр тавиад унтсан юмсан гээд хайж байгаад 2 давхрын орон дээрээс авч өгөхөд цүнхний цахилгаан нь онгорхой, дотор нь байсан гар утас байхгүй байсан. Би вагон зогсохоос өмнө тэр хавиар гар утсаа хайгаад ойр орчим сууж явсан хүмүүсээс зөндөө асуусан, зарим хүмүүс нь цүнхээ хүртэл шалгуулсан. Харин бид хоёрын өөдөөс хараад сууж явсан хүүхэдтэй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн вагон зогсохоос өмнө үүд рүү явчихсан байсан. Тэгэхдээ тэр 2 хүнийг тухайн үед шалгуулаагүй юм. Цагдаагийнхан шуурхай ажиллаж миний гар утсыг олж өгсөнд баярлалаа. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[3],

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Д-ын мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажлын байрандаа байж байхад 18 цагийн үед 20 орчим насны нэг залуу орж ирээд “iphone 7 plus” маркийн гар утас авах уу? гэхээр нь үзтэл ID кодтой байсан, би кодыг нь мэдэх юм уу гэж асуутал “манай найзын эхнэрийнх нь утас байгаа юм аа, би утсаа сольж барьж байгаа юм, Говь-Алтай явчихсан байгаа ирэхээр нь кодыг нь гаргаад өгье” гэж хэлэхээр нь утсыг нь 200.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон боловч хулгайн утас байж магадгүй гэж хаширлаад 10.000 төгрөгийг нь дутуу буюу 190.000 төгрөг өгч явуулсан. Надад гар утас зарсан залуу 3-4 хоногийн дараа 10.000 төгрөгөө авъя гэж ирэхээр нь мөнгийг нь өгч явуулсан. Тэрнээс хойш 12 сарын сүүлээр надад 200.000 төгрөгөөр гар утас зарсан залуу манай ажил дээр ирээд надаас авсан 200.000 төгрөгийг өгсөн.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Б.У-ы мөрдөн байцаалтад 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр мэдүүлсэн: “Дархан-Уул аймгийн 1996 оны арван жилийн төгсөлтийн шинэ жилийн арга хэмжээ болж “Баян буурал” амралтад очиж 1 хоног амарчхаад буцаад маргааш өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр суудлын 271 дүгээр галт тэргэнд ороод манай найз Бадамханд нэлээн согтуу байсан тул би гар утастай цүнхийг нь хадгалахаар аваад хажуудаа тавьсан байж байгаад миний нойр хүрээд хажуу талын 2 давхарт нь унтах ор байсан тул найз Б-ын гар цүнхийг сууж байсан 1 давхрын суудал дээр үлдээгээд унтсан байсан. Дархан-Уул аймагт ирээд буухад Бадамханд сэрээд надад хадгалуулсан байсан гар цүнхээ аваад утсаа авах гэсэн чинь гар утас нь алга болсон байсан. Миний хажууд сууж байсан Баяржаргал гэх Орхон жимс ногоонд амьдардаг эмэгтэй болон өөдөөс хараад сууж явж байсан гадны эхнэр, нөхөр, хүүхэдтэйгээ явж байсан эдгээр хүмүүсийг сэжиглэж байна. Бадамхандын гар утсыг анзаараагүй, том дэлгэцтэй Iphone утас байсан.” гэх мэдүүлэг[5],

 

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “...иргэн Г.Б-ын эзэмшлийн iphone-7  plus маркийн гар утас /хуучин/ 1 ширхэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 900.000 /есөн зуун мянган/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[6],

 

Яллагдагч Ц.Г-н мөрдөн байцаалтад 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр мэдүүлсэн: “2019 оны 12 дугаар сарын 8-ны өөр Дархан явахаар эхнэр Бүжинлхам, хүү Ирмүүн нарын хамт Төв аймгийн Мандал сумаас суудлын 271 дүгээр галт тэрэгний 14 дүгээр вагонд суугаад явж байхад “Баян буурал” амралтаас хамт олноороо явж байгаа бололтой эрэгтэй эмэгтэй согтуу хүмүүс орж ирж суусан. Бид гурвын ойролцоо буюу өөдөөс хараад 4 эгч, 1 ах, хажуу талын 2 хүн суудаг суудал дээр 2 эгч, бидний хажууд 1 эмэгтэй хүн суусан, тэд нар архиа тойруулж ууж дуусгаад хажуу талын суудал дээр сууж явсан 1 эгч нь цүнхнээсээ лаазтай пивонууд гаргаж ирээд хувааж уусан. Хажуу талын дээд суудал дээр 1 эгч, нөгөө талын дээд суудал дээр бас нэг эгч унтаж байсан .Тэгээд Дарханд 17 цаг 45 минутын үед очихоос өмнө дээд талын суудал дээр тавьсан байсан хүүхдийнхээ хувцсыг эмхлээд торон дотроо хийж байхдаа хар өнгийн дэлгэцтэй утас байхаар нь тэрийг аваад хүүхдийнхээ хувцсыг хийсэн торон дотроо хийгээд аваад буусан. Гэртээ хариад хүүхдийнхээ хувцсыг гаргаж байхдаа дээд суудал дээр байсан гар утсыг аваад хажуу талынх нь товчин дээр дарж үзэхэд унтарсан байсан. Маргааш нь ажилдаа яваад гэртээ ирээд куртикээ тайлах үед нөгөө гар утас уначихсан чинь манай эхнэр наадах чинь юун га утас юм бэ гэхээр нь манай ажлын ахын утас байгаа юм. гэж хэлсэн. Манайх 70 дугаар бракад байр түрээсэлдэг байсан. Тухайн үед түрээсийн мөнгөө төлөөгүй байсан учраас байрны эзэн нь мөнгөө нэхээд байсан, мөн мах зардаг хүнд 35.000 төгрөг өгөх ёстой байсан боловч цалин хэд хоногоор хойшлоод буухгүй байхаар нь “Ихэр могой” худалдааны төвийн хоёр давхарт сууж байсан хүнд нөгөө утсаа зарахаар очсон. Би худалдагчид би найзаасаа авсан юм нууц кодтой байгаа, би кодыг нь мэдэхгүй байна гэж хэлтэл хэдэд зарах юм бэ гэж асуухаар нь 200.000 төгрөгөөр зарна гэж хэлтэл ахад нь 40.000 төгрөг байна. Хоёулаа 16 давхар руу яваад 150.000 төгрөг авчихъя гээд бид хоёр таксидаад явсан, маргааш 10.000 төгрөгийг нь ирээд авчих уу гэхээр нь тэгье гэж хэлээд очиж авах зав олдохгүй явсаар байгаад 3-4 хоногийн дараа очиж үлдэгдэл мөнгөө авсан, 10.000 төгрөгөө авах гээд очиход нууц кодыг олбол ахдаа хэлээрэй. Ах нь 20.000 төгрөгөөр авна шүү гэж хэлсэн. Тэрнээс хойш нэлээн хэд хоногийн дараа гар утас худалдаж авсан хүн залгаад нөгөө ID кодыг нь олсон уу?, ах нь 50.000 төгрөгөөр авна шүү гэж хэлэхээр нь олж чадаагүй байна олбол тань руу ярина гэж хэлээд  тасалсан. Хотод ирсний дараа цагдаагаас ярьж намайг Дарханд ирж уулз гэж хэлсэн. Намайг согтуу хүний гар утас хулгайлсан байна гэж бодох байх гээд Эхнэртээ хэлээгүй юм.” гэх мэдүүлэг[7],

 

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[8] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн гэрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Ц.Г-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Г нь 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 17 цаг 30 минутын үед Улаанбаатар төмөр замын суудлын 271 дүгээр галт тэргээр зорчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Дархан-Өртөөнд буухдаа 14 дүгээр хэсэгт хамт зорчиж явсан иргэн Г.Б-ын “iPhone-7 plus  загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Г-г  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч Ц.Г нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг ойлгоно.

Хулгайлах гэмт хэргийн өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь халдлагад өртөгдөх үед өмчлөгч, эзэмшигчийн мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Г нь хамт зорчиж явсан хүний гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, бусдын хөрөнгийг хулгайлсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Г-г  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд хохирогчийн хэт хайхрамжгүй байдал, шүүгдэгчийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Г нь хулгайлсан iphone-7 plus загварын гар утсыг хохирогчид буцаан өгсөн байх тул түүнээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Ц.Г нь өөрийгөө өмгөөлж “хорих ял оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Г-г  өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ц.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч Ц.Г-ын тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Ц.Г-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Г-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өдөрт наймаас дээшгүй цагаар, 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .................. овогт .................ийн ......ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д өдөрт наймаас дээшгүй цагаар, 260 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР

 

 

 


[1] Хавтаст хэргийн 4-5 тал

[2] Хавтаст хэргийн 6 тал

[3] Хавтаст хэргийн  8, 10 тал

[4] Хавтаст хэргийн  12-13 тал

[5] Хавтаст хэргийн  16 тал

[6] Хавтаст хэргийн 27-28 тал

[7] Хавтаст хэргийн 42-43 тал

[8] Хавтаст хэргийн 45-51 тал