Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2016/01185

 

Эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би, Б.Батбилэгт холбогдох цэргийн үүрэгтний нөхөн төлбөр 633716 төгрөг гаргуулах тухай Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 16-ны өдөр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалт иргэний үндсэн үүрэг /Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах/, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дугаар зүйлд заасны дагуу 18-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүдийг жил бүр Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар цэргийн жинхэнэ албанд татах шийдвэрийг гаргаж нутаг дэвсгэрийн хэмжээнд цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасны дагуу “Байлдагч, түрүүчийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана” хэмжээн заасны дагуу мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаар хуульчилсан. Энэхүү орлуулан хаах болзлыг Монгол Улсын Их хурлын 2009 оны 33 дугаар тогтоолоор баталсан бөгөөд тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол”-ын 4 дүгээр зүйл “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах эсхүл төлбөрөөс чөлөөлөх үндэслэлийг сум, хорооны Засаг дарга, тухайн иргэний ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэл, нийгмийн халамжийн дэвтэр, эмнэлгийн магадлагааг тус тус үндэслэн цэрэг татлагын товчооноос иргэн бүрээр гаргаж, аймаг, дүүргийн Цэргийн штабт саналаа оруулна. Аймаг, дүүргийн Цэргийн штаб уг үндэслэл, саналыг магадлан хянаж, дүгнэлтийн хамтаар аймаг, дүүргийн Засаг даргад уламжлах бөгөөд эцсийн шийдвэрийг Засаг дарга гаргана гэж заасны дагуу хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй иргэн Б.Батбилэгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 33.1.4-д “Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох чиг үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно” гэж заасны дагуу мөнгөн төлбөрийн 633716 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах үүрэг бүхий этгээд Батдэлгэрийн Батбилэгээс мөнгөн төлбөрийн 633716 төгрөгийг гаргуулан авах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймаг оршин суух, ЖВ89062016 регистрийн дугаартай, Баруунхуасай овогт Батдэлгэрийн Батбилэг, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ц.Мөнхтуяа нар 2016 оны 09 сарын 28-ний өдөр эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

1. Нэхэмжлэл гаргагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах үүрэг бүхий төлбөр 633716 төгрөгийг хариуцагч Б.Батбилэг төлөхийг хүлээн зөвшөөрөв.

2. Хариуцагч Б.Батбилэг нь дээрх төлбөрийг 2016 оны 09 сарын 30-ны дотор бүрэн төлж дууссан байхаар тохиролцов.

3. Дээрх хугацаанд хариуцагч Б.Батбилэг төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар нь гүйцэтгэх хуудас гаргуулан албадан гүйцэтгүүлж болно.

4. Эвлэрүүлэн зуучлалын тухай 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэн хэргийг тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлжээ.

            Тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр талууд Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах үүрэг бүхий төлбөр 633716 төгрөг гаргуулах тухай маргаанаа өөрсдөө шийдвэрлэн, нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 633716 төгрөгийг хариуцагч Б.Батбилэг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.  

            Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд хийгдсэн дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, хариуцагч Б.Батбилэг нарын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Б.Батбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэлийн шаардлага 633716 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж болох 19661 төгрөгийн 50 хувийг гаргуулж төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.6, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, хариуцагч Б.Батбилэг нарын хооронд байгуулагдсан “нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Б.Батбилэгээс  Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах үүрэг бүхий төлбөр 633716 төгрөг төлүүлэх тухай” 2016 оны 09 сарын 28-ний өдрийн №138/ЭГ2016/00091 тоот эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Батбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид 9830,5 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Батбилэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар талууд энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Ш.АЛТАНЦЭЦЭГ