Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 124

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч С.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ...........овогт .............ын ................д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000820083 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчдийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ............. овогт .............ын ................. /регистрийн дугаар: ПЖ............../, 19......... оны ......... дугаар сарын .............-ны өдөр ............. аймгийн ............. суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд даацын машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт ........ аймгийн ............сум ............. дугаар баг “...............” гэх газар оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Хангамжийн 6 дугаар гудамжны 97 тоотод гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч Н.С-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн гуяд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Эрүүгийн 2018000820083 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.С-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө босоод байж байтал Б   усанд орж ирчхээд юундаа уурлаад байгаа юм гээд янз бүрийн үг хэлээд хэрүүл өдөөд байсан. Би Ундралыг усанд оруулаад бид хоёр хэрэлдэж байтал намайг алгадаад авсан. Тэгэхээр нь би шанага аваад толгой руу нь цохисон. Тэгтэл намайг дахиж алгадаад ор луу түлхэж унагаагаад баруун хацар луу алгадсан. Зүүн гуя орчим 3 удаа өшиглөсөн. Зүүн талын хацар, хүзүү орчим 5-6 удаа зангиагаар ороолгосон. Мөн Ундралын нуруу хэсэгт 1 удаа ороолгосон юм. Тэгснээ намайг босож шалаа угаа гэсэн шалаа угааж байтал бас хэрүүл хийж байгаад хацар луу алгадсан. Б   над руу чи манай найзад миний хүүхдийг авахуулсан гэж хэлсэн байна, миний хүүхдийг авахууллаа гээд уурлаад байсан. Би хүүхдийг авахуулаагүй, урьд нь бид хоёр маргалдчихсан байхдаа би хүүхдийг чинь авахууллаа гэж Б  ид худлаа хэлж байсан.” гэх мэдүүлэг[1],

 

Насанд хүрээгүй гэрч Н.У-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2020 оны 1 сард хэдний өдөр гэдгийг мэдэхгүй хичээл амарчихсан байсан тэр өдөр би гэртээ С эгч дүү Анхзаяа, Б   ах нартай байсан өдөр 15 цаг болж байхад С эгч намайг усанд оруулж байтал Б   ах ирээд 2 удаа хацар руу алгадсан С эгч шанагаар мөн галын төмрөөр Б   ахын нуруунд нэг удаа цохисон. Тэгэхэд Б   ах С эгчийг том өрөө рүү түлхэж оруулаад орон дээр унагаад хөл рүү нь өшиглөсөн тэгээд С эгч босож ирээд уйлаад орон дээр суухаар нь би дүүтэйгээ очиж хажууд нь суухад С эгчийг зангиагаар ороолгоод байсан миний нуруу руу нэг удаа зангиагаар ороолгосон манай дүүг цохиж зодоогүй..” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Т.А-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...миний хажууд зодож байгаагүй, 2018 онд “Хустайн давааны хөтөл”-д байдаг гэртээ 1 удаа зодсон байсан, саяхан 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр юм угааж байхад нь зодсон гэсэн. Зан байдлын хувьд муухай ааш авир гаргаж байгаагүй, байхгүй үед л зоддог юм байна.” гэх мэдүүлэг[3],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Н.Солонгын биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн гуяд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 112 дугаартай дүгнэлт[4],

 

Яллагдагч С.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн үед хамтран амьдрагч С-той маргалдаж улмаар түүнийг түлхэж унагаад зүүн гуя руу нь өшиглөж, хоёр хацар луу нь алгадаж, зангиагаар ороолгож зодож цохисон учир яллагдагчаар татагдаж байгаагаа мэдэж байна. Миний буруу ойлгож гэмшиж байна.” гэх мэдүүлэг[5],

 

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[6] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг зангианд үзлэг хийсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч С.Б-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Хангамжийн 6 дугаар гудамжны 97 тоотод гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч Н.С-ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн гуяд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч С.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч С.Б-г  өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1 дэх хэсэгт зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Н.С-ын эрүүл мэндэд учирсан тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн гуяд цус хуралт бүхий хөнгөн хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”

1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “”хохирол” гэсний дараа “санаатай” гэж нэмэлт оруулжээ.

Дээрх хуулийн нэмэлт нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч С.Б-г  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг гэр бүлийн таарамжгүй харилцаа,  хохирогчдын сэтгэл санаанд дарамт учруулсан, бие махбодод халдсан гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

Хохирогч Н.С нь мөрдөн байцаалтад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэв.

Шүүгдэгч С.Б нь “мал малладаг тул торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Б-ийн анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх байр суурь, түүний үйлдсэн хэргийн шинж байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Б-ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг зангиаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ................ овогт ............ын .................ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг зангиаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.ИДЭР

 

 


[1] Хавтаст хэргийн 14-15  тал

[2] Хавтаст хэргийн 18 тал

[3] Хавтаст хэргийн 20 тал

[4] Хавтаст хэргийн 25-26 тал

[5] Хавтаст хэргийн 46 тал

[6] Хавтаст хэргийн 58-62, 75-76 тал