Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2017/00033/И |
Дугаар | 13 |
Огноо | 2017-01-03 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1957 оны 02 сарын 02-нд төрсөн, 60 настай, Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Урт-Үзүүр нэртэй газар оршин суух Монгол овогт Жадамбын Бат-Өлзийгийн /РД:АМ57020212/ хүсэлттэй
Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Бат-Өлзий шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч С.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Бат-Өлзий нь 1975-1978 оны хооронд хугацаат цэргийн албыг хаасан. Тэгээд цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1980-1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Иймд нотлох баримтуудыг үндэслэн Ж.Бат-Өлзийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Бат-Өлзий Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 30-ны өдрийн Жадамба овогтой Бат-Өлзийн тус аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1982-1984, 1987-1988 онуудад малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн 435 дугаар тодорхойлолт,
- Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 02 сарын 08-ны өдрийн болзол дүгнэх ба тэргүүний хүмүүсийг шагнах тухай 14 дүгээр тогтоол /Хавсралтын 2-д Ж.Бат-Өлзий туслах хоньчин, Хөөвөр бригад, олгох шагнал баярын бичиг, 70 төгрөг/,
- Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 01 сарын 30-ны өдрийн социалист уралдааны болзол дүгнэх тухай 11 дүгээр тогтоол /Хавсралтад: Ж.Бат-Өлзий Хөөвөр бригад/,
- Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 04 сарын 30-ны өдрийн хорогдсон малыг зарлага болгох, төлбөр тавих тухай 41 дүгээр тогтоол /Хавсралтад: Ж.Бат-Өлзий Хотонт бригад, 1-100 төгрөг/,
- Архангай аймгийн Хотонт сумын Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 07 сарын 09-ний өдрийн социалист уралдааны нэгдсэн болзол дүгнэх тухай 8/47 дугаар тогтоол /Хавсралтын 6-д Бат-Өлзий, бодын хөөвөр хялгас: төлөвлөгөө 103.1, гүйцэтгэл 162.1, хувь 100, олгох шагнал 50 төгрөг, Хөөвөр бригад/,
- Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн даргын 1989 оны 12 сарын 28-ны өдрийн малчдад ээлжийн амралт олгох тухай 71 дүгээр тушаал /Хавсралтын 15-д Ж.Бат-Өлзий адуучин, амрах хоног 15/,
- Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 01 сарын 05-ны өдрийн бодын суурь саальчдын гэрээ ба болзол дүгнэсэн тухай 01 дүгээр тогтоол /Хавсралтын 4-д Бат-Өлзий Улаан чулуу бригад, давуулсан айраг 287, олгох төгрөг 57.40/ зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч Ж.Бат-Өлзийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол овогт Жадамбын Бат-Өлзийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Бат-Өлзийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН