Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 43

 

                                              Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                              баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Зүүнхангай сумын Хайрхан багт оршин суух, 1971 онд төрсөн, РД:ОК71051505, Цэвэлмаа овогтой Баяржаргалд холбогдох,

      Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, хүү, торгууль алданги нийт 2.114.681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сум хөгжүүлэх сангийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, хөнгөлөлттэй зээл 10.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай төрийн сантай гэрээ хийж авсан билээ. Иргэн Ц.Баяржаргал нь гэрээний 2.7 дахь заалтыг зөрчсөн тул гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл, хүү, торгууль /алданги/ нийт 2.114.681 төгрөгийг төрийн сангийн дансанд хийхийг шаардаж, 2 дахь удаагаа албан мэдэгдэл өгсөн боловч бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна. Иймд дээрх үндэслэл бүхий гэрээ, шаардлагыг биелүүлээгүй иргэн Ц.Баяржаргалаас нийт 2.114.681 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 150655401 тоот дандсанд хийлгэж, төрийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбадорж шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Ц.Баяржаргалд холбогдох жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл болох 2.114.681 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 1 дүгээр сард төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нь Ц.Баяржаргалд холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, хүү, торгууль алданги нийт 2.114.681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбадоржийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 2.114.681 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 48.785 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нь сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, хүү, тогууль алданги нийт 2.114.681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР