Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 142

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч Ш.Н , түүний өмгөөлөгч Л.Оюунсувд,

Хохирогчийн өмгөөлөгч И.Атарбямба нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ......... овогт ................ийн Н д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918008150115 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ............... овогт ............-ийн Н  /регистрийн дугаар: ТА............../, 19..... оны ......... дүгээр сарын..........-ний өдөр ................ аймгийн .................. суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, тусгай дунд боловсролтой, цахилгаан, хийн гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт .................... аймгийн ..................... сумын .............. дугаар багийн ................. дугаар гудамжны ...............тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ш.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Дархан” захын арын хашаанд хувийн маргааны улмаас иргэн Б.Э-гзодож эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд нь шүүгдэгч Ш.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Дархан” захын арын хашаанд хувийн маргааны улмаас иргэн Б.Э-гзодож эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Н гийн мэдүүлсэн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурортой хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тохиролцсон. Гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 1918008150115 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Э ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би өөрийнхөө ажил болох 7 дугаар баг Дархан захын 4 дүгээр худгийн хажуу байрлах төмөр авдаг цэг дээр байж байсан чинь гадаа машинтай 3 хүн ирсэн байсан бөгөөд нэг нь над руу ирээд бэхэлгээний боолт авах уу гэж асуусан тэгэхээр нь би авна аа 200.000 мянган төгрөгөөр авна гэж хэлэхэд яваад өгсөн. Тэгээд ажил дотроо байж байсан чинь Н  хүрч ирээд намайг хүний урдуур юм авлаа гээд цээж хэсэг рүү гараараа цохисон тэгээд би тонгойсон чинь толгой арын дагз зүүн хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авсан.” гэх мэдүүлэг[1],

 

Гэрч ***** хэрэг бүртгэлтэд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн орчим би төмөр авдаг хашаан дотроо байж байтал өөдөөс харсан барилгын материал зардаг дэлгүүр ажиллуулдаг Н  гэх залуу манай хашаанд орж ирээд шууд юу ч хэлэлгүй миний хажууд манай дүү Э ын цээж хэсэг рүү нь далайж ирээд гараараа хүчтэй цохиод авсан. Тэгсэн манай дүү доошоо тонгойсон чинь Н  толгойн хойд дагз, чихний хойд хэсэг чамархай, 2 чих руу нь 2 гараараа солбиод цохиод байсан.” гэх мэдүүлэг[2],

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.Э ын биед 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бусдад зодуулсны улмаас үүссэн байх боломжтой зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Э т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 996 дугаартай шинжээчийн дүгнэлт[3],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаартай “...Хэнгэрэг хальсны цоорол нь сорвижих эдгэрэх нь тухайн хүний биеийн эсэргүүцэл, дархлаанаас хамаарч янз бүр байдаг бөгөөд 2-3 долоо хоногийн дараа хэнгэрэг хальсны улайлт арилж, нимгэрч, цоорхой битүүрч эдгэрдэг. Дунд чихний цочмог үрэвслийн хүнд тохиолдолд хэнгэрэг хальс цоорч идээлэг ялгадас гардаг. Б.Э ын чихнээс идээлэг ялгадас гараагүй тул гэмтлийн гаралтай байх боломжтой ” гэх шинжээчийн нэмэлт дүгнэлт[4],

Шинжээч эмч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтад 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Хэнгэрэг хальсны цоорол нь өвчний гаралтай бол ямар нэг байдлаар зовуур илэрч хуурай хулхи гарч идээ булаг гоожиж муухай үнэртэй болдог, магадлуулагч Б.Э ын хувьд чихнээс нь идээ булаг гараагүй сорвижилт эдгэрэх үйл явц явагдаагүй гэмтлийн гаралтай байх боломжтой юм аа. Чихний ар хэсэг рүү цохихдоо чихний гадна хэсгийг хамарч цохисон бол хэнгэрэг хальс цоорох боломжтой.” гэх мэдүүлэг[5],

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас[6] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Б.Э ын эрүүл мэндэд учирсан зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”

1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заажээ.

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн ”хохирол” гэсний дараа “санаатай” гэж нэмэлт оруулжээ.

Дээрх хуулийн нэмэлт нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Н , түүний өмгөөлөгч Л.Оюунсувд, хохирогчийн өмгөөлөгч И.Атарбямба нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон торгох ялыг оногдуулж өгнө үү гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ш.Н гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ш.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь Ш.Н нь мөрдөн байцаалтад эмчилгээний зардалд 1.656.500 төгрөгийг хохирогч Б.Э т төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .............. овогт ...............ийн ................ г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-д  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-д  оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 16-17, 18,19 тал

[2] Хавтаст хэргийн 24-25 тал

[3] Хавтаст хэргийн 30-31 тал

[4] Хавтаст хэргийн 37-38 тал

[5] Хавтаст хэргийн 39 тал

[6] Хавтаст хэргийн 32-33 тал