Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 17

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1961 оны 06 сарын 07-нд төрсөн, 56 настай, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр багийн Өртөнт нэртэй газар оршин суух Тоомой овогт Лувсанчүлтэмийн Пунсалын /РД:АИ61060702/   хүсэлттэй

Лувсанчүлтэмийн Пунсалдуламын 230424 дүгээр нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч  мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.Пунсал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн  нар оролцов.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Пунсал  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Миний 1979 оны 09 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт Чувсанчүлтэмийн  Пунсал  нэрээр нээгдсэн.  Энэ хөдөлмөрийн дэвтрийн  үргэлжлэл болох 230424  дугаартай нийгмийн даатгалын  дэвтэрт Лувсанчүлтэмийн Пунсалдулам гэж тухайн үед ажиллаж байсан  ажилтан миний нэрийг буруу бичсэнээс болж тэтгэврээ  тогтоолгож  чадахгүйд хүрээд байна. Иймд 230424 дугаартай нийгмийн даатгалын  дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

         

           Хүсэлт гаргагч Тоомой овогт Лувсанчүлтэмийн Пунсал Лувсанчүлтэмийн Пунсалдуламын 230424 дүгээр нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч  мөн болох нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

          - Лувсанчүлтэмийн Пунсалын 1979 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр,

          - Лувсанчүлтэмийн Пунсалдуламын 1995 оны 02 сарын 15-ны өдрийн 230424 дүгээр нийгмийн даатгалын дэвтэр,

          - Архангай Төвшрүүлэх сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1981 оны 12 сарын 25-ны өдрийн ажилчин авч ажиллуулах тухай 34-36 дугаар тушаалд:

          3. Ч.Пунсалдуламыг 1981 оны 12 сарын 25-наас эхлэн сургуулийн  цэвэрлэгчээр авч ажиллуулсугай.

- Архангай Төвшрүүлэх сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 01 сарын 25-ны өдрийн ажилчин түр авах тухай 02 дугаар тушаалд:

1. Төвшрүүлэх 8 жилийн дунд сургуулийн гал тогооны сав угаагчаар Эрдэнэчимэг, Пунсалдулам  нарыг 1983 оны 01 сарын 01-нээс эхлэн  түр ажиллуулсугай.

- Архангай Төвшрүүлэх сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 09 сарын 12-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 28 дугаар тушаалд:

1. Гал зуухны угаагч Л.Пунсалдуламын 1984 оны ээлжийн амралтыг 09 сарын 13-наас эхлэн ажлын 22 хоногоор  бодож олгосугай.

- Архангай Төвшрүүлэх сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 10 сарын 17-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 69 дүгээр тушаалд:

1. Л.Пунсалдуламыг 1985 оны 10 сарын 17-ны өдрөөс эхлэн байрны сурагчдын  цагаан хэрэглэл  угаагчийн ажлаас  чөлөөлж,  1985 оны 10 сарын 18-ны өдрөөс эхлэн сургуулийн үйлчлэгчээр  ажиллуулсугай.

- Архангай Төвшрүүлэх сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 07 сарын 21-ний өдрийн 44 дүгээр тушаалд:

1. Үйлчлэгч Пунсалдуламын ээлжийн амралтыг 1986 оны 07 сарын 01-нээс  эхлэн ажлын  18 хоногоор бодож ээлжийн амралт  олгосугай.

- Архангай Төвшрүүлэх сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 09 сарын 01-ний өдрийн нэмэгдэл чөлөө олгох тухай 34 дүгээр тушаалд:

2. Сургуулийн үйлчлэгч Л.Пунсалдулам 1988 оны 03 сарын 05-нд хүү Банзрагчийг төрүүлж  04 сарын 30-ныг дуустал декретний 55 хоног, 05 сарын 01-нээс 05 сарын 23-ны өдөр хүртэл  ээлжийн амралт эдэлжээ.  Л.Пунсалдулам 05 сарын 24-нөөс  09 сарын 05-ны өдөр  хүртэл 104  хоногийн чөлөө олгосугай.

- Архангай аймгийн Нийгмийн даатгалын  хэлтсийн 2016 оны 05 сарын 09-ний өдрийн даатгуулагч Лувсанчүлтэм овогтой  Пунсалдуламын тус аймгийн Төвшрүүлэх сумын  10 жилийн дунд сургуульд  1995-2000 онуудад шимтгэл төлж  ажилласан хугацаанд авсан  хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийн 2576 дугаар архивын лавлагаа зэрэг болно.

           

           Иймд хүсэлт гаргагч Л.Пунсалын нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг  тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Лувсанчүлтэмийн Пунсалдуламын  230424 дугаартай  нийгмийн даатгалын дэвтрийн  жинхэнэ эзэмшигч Тоомой овогт  Лувсанчүлтэмийн  Пунсал  мөн болохыг тогтоосугай.

 

2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Пунсалын улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН