| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0139/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 148
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Хохирогч Д.Г, Ц.Л,
Шүүгдэгч Д.Г, Ц.Л /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ........ овогт ............ын .............., ................ овогт ............ийн ............ нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018000850135 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчдийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........... овогт ...............ын ........... /регистрийн дугаар: ИЦ............/, 19.......оны........ дүгээр сарын ...........ны өдөр ............ аймгийн ..........суманд төрсөн, эрэгтэй, .......... настай, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл......, эхнэр...... хүүхдийн хамт ............... аймгийн ............... сумын ........дүгээр баг ......... дугаар хороолол ........... дүгээр байрны ........... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд 3 удаа ял шийтгүүлсэн. Үүнд:
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял,
- Сонгонохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2003 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Монгол Улсын иргэн, ............ овогт ...............ийн ........... /регистрийн дугаар: ТА..........., 19....... оны .........дүгээр сарын ..............-ны өдөр .............. аймгийн ...........суманд төрсөн, эрэгтэй, ........... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................... сургуулийн харьяа политехникийн коллежийн.......... курсийн оюутан, ам бүл ............, эцэг, эх, дүү нарын хамт ............. аймгийн ............сумын ............. дүгээр баг ............ дугаар хороолол....... дүгээр байрны ............... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цаг 30 минутын үед ...........аймгийн ............ сумын ....... дүгээр баг ......... дүгээр байрны .......... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж дагавар хүү Ц.Л-ыг зодож эрүүл мэндэд баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.Л нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цаг 30 минутын үед ............. аймгийн ....... сумын ......... дүгээр баг .......... дүгээр байрны .......... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хойд эцэг Д.Г -ийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зулгаралт, баруун нүдний алимны салст, зүүн бугалганд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Г, Ц.Л нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цаг 30 минутын үед .......... аймгийн ......... сумын ........ дүгээр баг ....... дүгээр байрны.......... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж дагавар хүү Ц.Л-ыг зодож эрүүл мэндэд баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.Л нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг ***** од гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хойд эцэг Д.Г -ийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зулгаралт, баруун нүдний алимны салт, зүүн бугалганд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Г-ийн шүүгдэгч болон хохирогчоор мэдүүлсэн: “Урьд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүүтэйгээ харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Л-ын шүүгдэгч болон хохирогчоор мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Аавтайгаа харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2018000850135 дугаартай хэргээс:
Аюулын зэргийн үнэлгээний маягт[1],
Хохирогч Д.Г-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 27, 2 дугаар сарын 4-ний өдөр тус тус мэдүүлсэн “...2020 оны 1 дүгээр сарын 21-ний орой 21 цаг өнгөрч байхад манай эхнэр ***** ажлаасаа тараад гэртээ ирсэн. Тэгээд бид хоолоо идээд байж байхад эхнэр бид 2 маргасан. Ингэж маргалдаж байхдаа энэ Л-ыг ч гэсэн тэгвэл ажил хийлгээч өдөржингөө л ажилгүй гэрт байна шүү дээ гэж хэлээд гэрээс гарах гээд хувцас хунараа өмсөөд байж байхад Л сууж байснаа босож ирээд над руу хүрээд ирэхээр нь би энэ шээсэнд чинь би зодуулж чадахгүй шүү гээд заамдаад авсан. Тэгсэн чинь Л намайг бас заамдаж аваад том өрөөний буйдан дээр давхралдаж унаад тэндээсээ дахин өнхөрч шалан дээр бид хоёр унасан. Ингээд Л миний дээр гарчхаад зүүн хөлөөрөө нуруу руу өвдөглөөд байхаар нь зүүн хөлийг нь баруун гараараа татаж гэдсэн доороо хийгээд доошоо хараад хэвтчихсэн. Тэгсэн чинь Л миний араас хоолойг минь боогоод байхаар нь хоёр гарыг нь арай хийж суллахад нүдийг чинь ухна гээд нүд рүү гарынхаа хурууг хийсэн. Тэр үед би хүн аллаа намайг зодоод байна гэж орилоход миний амыг гараараа таглаад байсан. Мөн манай эхнэр бас миний амыг гараараа таглаад байсан. Би 8 настай охин ***** цагдаа дуудаарай, хажуу айлын хаалга нүдээрэй гэхэд гарах гэхэд нь манай эхнэр боль гээд загнаад хөдөлгөхгүй байсан. Ингээд 1 цаг 40 гаруй минут Л нь миний дээр гарчхаад гараараа толгой руу цохиж, хоёр нүд рүү гарынхаа хуруугаараа дараад нүдийг чинь ухна гээд байсан. Ингэж нүд рүү гараараа дарж байхад баруун талын нүд рүү түүний аль гэдгийг нь мэдэхгүй хуруу нь 3 удаа орж нүдийг минь гэмтээсэн. Ингээд Л нь цаг гаруй миний дээр сууж намайг зодож байгаад ядарсан юм уу гар нь сулрахаар нь түүнийг түлхээд гэрээс гарч хажуу айлын буюу 07 тоотын хаалгыг нүдэж байхад цагдаа нар шатаар өгсөөд гараад ирсэн. Ингээд Л бид хоёрыг төв цагдаа руу дагуулж ирсэн. Л өмнө 2018 оны 9 дүгээр сарын 4-ний орой 20 цагийн үед шиг санаж байна. Миний баруун талын хавиргыг хугалж байсан.” гэх мэдүүлэг[2],
Хохирогч Ц.Л-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...2020 оны 1 дүгээр сарын 21-ний орой 22 цаг өнгөрч байхад би том өрөөнд байдаг оёдлын машины хажууд сандал дээр суучихсан утсаараа фэйсбүүк орж утсаа үзээд сууж байхад манай аав, ээж хоёр автобусны мөнгөнөөс болж хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан. Тэгж хэрэлдэж байснаа шууд над руу хүрч ирээд энэ шээсийг чинь одоо би ална гээд миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохиод заамдаад авахаар нь би түүнийг мөн адил заамдаж аваад нүүр рүү нь 4-5 удаа цохисон. Аав ч гэсэн намайг мөн 4-5 удаа бас цохисон бөгөөд бид хоёр харилцан нэг нэгнийхээ нүүр лүү цохилцсон. Ингэж цохилцож байхдаа бид хоёр нэг нэгнийгээ заамдсан бөгөөд түлхэлцэж байгаад хоёулаа том өрөөний буйданд тээглээд газар унасан. Ингэж унахад би түүний дээр нь гарсан чинь аав намайг яаж гэдгийг мэдэхгүй хажуу тийш нь унагаад хоёулаа нэг нэгнийгээ урдаас харчихсан аавын толгой миний баруун мөр орчим, бие биенийхээ хөлийг давуулж ороосон байдалтай нэг нэгнийхээ гарыг барьчихсан байдалтай байсан. Энэ байдалтай бид хоёр нэлээн удаан ноцолдсон. Ингээд ээж дундуур орж салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгсэн манай аав намайг чи гар тавьчих Сартуул овгийнхон угаасаа ийм шазруун зантай байдаг юм чи гар тавьчих, би чамайг ална тална гээд орилоод байсан. Тэгж байгаад бид хоёр нэлээн удаан ноцолдоод тамир тэнхээгүй болоод нэг нэгнийгээ зуурсан байсан гараа тавьсан. Тэгсэн аав Д.Г гэрээс гарч хөршийн холбоо хаана байнаа, цагдаа дуудаарай гээд хаалга онгойлгоод гарч байсан. Яг ингэж гарахад нь цагдаа ирж таараад хамт цагдаатай ороод ирсэн. Ингээд цагдаа нар бид хоёрыг авч явсан.” гэх мэдүүлэг[3],
Гэрч ***** хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 1 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед ажлаасаа тарж гэртээ ирчхээд хоол ундаа идээд байж байхдаа би нөхөр Д.Г-т автобусаар зах руу явж ажлаа хийж байвал яасан юм бэ хөнгөлөлтийн карт гэж байдаг юм байна гээд ярьж байсан чинь надаас таксины мөнгө төгрөг харамлалаа гээд уурлаад, чи шинэ жилээр их мөнгө үрсэн биз дээ гээд мөнгө төгрөгийн асуудлаас болж бид хоёр маргалдсан. Тэгж маргалдаж байхад манай нөхөр энэ гэрээс явлаа гээд хувцас хунараа өмсөж байснаа би явахаасаа өмнө энийг чинь зодчихоод явна гээд хүү Лутбаярын зүүн талын нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь Л уурлаад Д.Г-тэй заамдалцаад тэр хоёр буйдан дээр унаад тэндээсээ өнхрөөд газар унасан. Тэгээд Л тэр хоёр газар ноцолдож зууралдаж байгаад Л нь Д.Га-ийн дээр нь гарч зууралдаж байгаад гар нь нүд рүү нь орчихсон юм шиг байгаа юм. Би тэр хоёрын дундуур нь орж салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгсэн чинь Д.Г муухай чанга орилоод хөршийн холбоо хаана байна цагдаа дуудаарай гээд орилж чарлаад байсан. Ингээд тэр хоёр нэг нэгнийгээ заамдаж дээр доороо орж 1 цаг гаруй ноцолдож байгаад салсан. Тэгсэн манай нөхөр гэрээс гараад хажуу айлын хаалга нүдээд зогссон чинь шатаар цагдаа нар өгсөж гарч ирээд Л, Г хоёрыг аваад явсан.” гэх мэдүүлэг[4],
Гэрч ***** хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...манай дээд талын айл буюу 40 дүгээр байрны 06 тоотын хүмүүс хоорондоо 21 цаг өнгөрч байхад хэрэлдээд маргалдаад байгаа чимээ сонсогдсон бөгөөд хоёр эрэгтэй хүн л ямар ч байсан хоорондоо маргалдаад байгаа чимээ сонсогдоод байсан. Яг юу гэж хэлж байгаа нь бол тодорхой сонсогдоогүй ч хэрүүл маргаан хийж байгаа нь тодорхой сонсогдож байсан. Тэгсэн удалгүй юм хум унаад хоорондоо зодолдоод байгаа бололтой чимээ гараад байсан. Тэгсэн нэг эрэгтэй хүн аллаа, авраарай, туслаарай гээд орилоод байхаар нь би аргаа ядаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг[5],
Гэрч ***** хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр би Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 22 цаг 55 минутын үед цагдаагийн газрын жижүүрээс Дархан сумын 14 дүгээр баг Нэхийгийн 40 дүгээр байрны 06 тоотод хүмүүс маргалдаад зодолдоод байна яаралтай яваад оч гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу 5 минутын дотор яваад очиход Д.Г гэх хүн өөдөөс харсан айлынхаа хаалгыг нүдчихсэн миний дүү цагдаа дуудаач гээд орилж байхад нь бид гурав яг хоёр давхрын шатаар өгсөж таарсан. Ингээд бид нарыг харчхаад гэр рүүгээ дагуулаад орсон. Тэгээд тухайн айлд ороход түүний эхнэр нь гэх эмэгтэй, 8 орчим насны охин, мөн 20 гаруй насны эрэгтэй байсан. Тухайн 20 гаруй насны эрэгтэйг Л гэж байсан бөгөөд тухайн залуу ааваа та битгий жүжиглээд байгаа ч ээ та өөрөө эхэлж намайг цохиж зодоон эхлүүлсэн биз дээ гэж байсан. Тухайн үед Ц.Л гэх залуугийн зүүн талын нүд хөхөрчихсөн байсан.” гэх мэдүүлэг[6],
Насанд хүрээгүй гэрч ***** хэрэг бүртгэлтэд 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн үед манай том ах Л нь гар утсаараа оролдоод сууж байсан чинь аав очоод түүний нүд рүү гараараа цохисон. Тэгсэн манай ах Л-ын зүүн нүд нь хавдчихсан. Тэгээд толинд харснаа миний нүдийг яаж байгаа юм бэ, би одоо яаж хичээл сургуульдаа явах юм бэ гэж уурлаад аавын нүдийг бас адилхан болгоно гээд нүүр лүү нь олон удаа цохисон. Би яг хэдэн удаа цохисныг хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед хэдэн удаа цохисныг нь тоолоогүй. Тэгээд тэр хоёр том өрөөний буйдангийн урд газар унаад Л ах аавын дээр нь унасан байсан. Тэгээд тэр хоёр ноцолдоод байхад нь ээж ***** очоод Л ахын гарыг тавиулах гэхэд тавихгүй байсан. Тэр үед Л ах ээжээ миний нүдийг хараач дээ би яаж ийм нүдтэй хичээлдээ явах юм бэ гээд байсан. Тэр үед би айгаад уйлсан. Харин аав туслаарай хүн байна уу гээд орилоод байсан. Манай аав намайг хажуу талын айлын хүмүүсийг дуудаарай, цагдаа дуудаарай гэхээр нь би “ээжээ яах юм бэ” гээд уйлсан чинь миний охин цаашаа суу гээд байсан. Тэгж байгаад аав Л ахаас салаад гэрийн хаалга онгойлгоод хажуу айлын хаалга нүдэж байхад цагдаа нар орж ирээд энд юу болоод байна байрны хүмүүс чинь шуугиан болоод байна гэсэн дуудлага ирсэн. Энэ залуугийн нүд яасан юм бэ гээд Л ахаас асуугаад аавыг бас хараад тэр хоёрыг аваад явсан. Тухайн өдөр аав ***** , ах Ц.Л нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Урьд нь манай аав Д.Г нь согтуу ирээд Л ахыг дагавар шээс гэх мэтээр хэлж маргалдахад хоёр удаа зодож хавиргыг нь хугалж зодож байсан. Эхнийх нь 2018 оны 08 дугаар сард хуучин хорооллын 18 дугаар байранд түрээсээр амьдарч байхад байрны гадаа аавыг согтуу байхад нь ах Л нь дух руу нь өшиглөж дараа нь хавирга руу нь өшиглөж хавиргыг нь хугалж байсан. Дараагийнх нь хуучин хорооллын 22 дугаар байранд түрээсээр амьдарч байхад гэрт байхад Л ах аавын цээж рүү нь дэвсэж хугалж байсан.” гэх мэдүүлэг[7],
Насанд хүрээгүй гэрч ***** хэрэг бүртгэлтэд 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр гэрт болсон аав, ах хоёр хоорондоо маргалдаж зодолдсон асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Учир нь би тухайн өдөр гадуур PC тоглоом тоглоод улмаар найзындаа хоносон юм. Харин 2018 оны 8 дугаар сард манайх хуучин хорооллын 18 дугаар байранд байр түрээсэлдэг байхад аав согтуу ирээд ах Л-ыг дагавар шээс гэх мэтээр хэлээд хоёулаа зодолдох болоод байрны гадаа гарч хоорондоо зодолдсон. Тэгэхэд ах Ц.Л аавын дух руу өшиглөж байхыг нь харсан. Тухайн үед би дүүтэйгээ тагтан дээр хараад зогсож байсан бөгөөд дүүгээ битгий муухай юм хар гэж хэлээд дагуулаад гэртээ ороод зурагт үзсэн. Тэгсэн орой нь билүү маргааш нь Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн талын хавирга хугарсан байна гэж байна гээд яриад байсан. Дараагийнх нь болохоор хуучин хорооллын 22 дугаар байранд байдаг байхад буюу 2018 оны 2-4 дүгээр сарын үед шиг санаж байна. Тэр үед бас аав согтуу ирээд ахтай маргалдаж улмаар хоорондоо зодолдсон бөгөөд тэр үед Л ах түүнийг газар унагаж цээж хэсэг рүү нь дэвсэж зодсон. Тэгэхэд бас Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд хавирга нь хугарчихсан байна гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг[8],
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Ц.Л-ын биед баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тус бүр нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 124 дугаартай дүгнэлт[9],
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Д.Г-ийн биед тархи доргилт, духанд зулгаралт, баруун нүдний алимны салст, зүүн бугалганд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 115 дугаартай дүгнэлт[10] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Д.Г, Ц.Л нарын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ***** , Ц.Л нар нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч ***** , Ц.Л нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Ц.Л-ын эрүүл мэндэд учирсан баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт бүхий гэмтэл, хохирогч Д.Г-ийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, духанд зулгаралт, баруун нүдний алимны салт, зүүн бугалганд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,
5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.Г, Ц.Л нарын гэр бүл, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”
1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заажээ.
2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн ”хохирол” гэсний дараа “санаатай” гэж нэмэлт оруулжээ.
Дээрх хуулийн нэмэлт нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Г, Ц.Л нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Д.Г, Ц.Л нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Г, Ц.Л нар нь харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч ***** , Ц.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчид прокурорын сонсгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.Г, Ц.Л нарт прокурорын сонсгосон ялын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Г, Ц.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
1. Шүүгдэгч ........ овогт ..........ын ........, .........овогт ...........ийн ............ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Ц.Л нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Ц.Л нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г, Ц.Л нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Г, Ц.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г, Ц.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 10-13 тал
[2] Хавтаст хэргийн 16-17, 18 тал
[3] Хавтаст хэргийн 21-22 тал
[4] Хавтаст хэргийн 25 тал
[5] Хавтаст хэргийн 26-27 тал
[6] Хавтаст хэргийн 28 тал
[7] Хавтаст хэргийн 32 тал
[8] Хавтаст хэргийн 34 тал
[9] Хавтаст хэргийн 36-37 тал
[10] Хавтаст хэргийн 40-42 тал