Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 146

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,  

Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч ................, түүний өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт .................. овогт ..........ийн .............д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918006720074 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ..........овогт ...............ийн .................... /регистрийн дугаар: МБ.........../, 19... оны ....... дүгээр сарын .......-ны өдөр ........... аймгийн .......... суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн тэсэлгээчин мэргэжилтэй, “..........” ХХК-д .................... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт хамт .............аймгийн ............ сумын .............. дугаар баг ........... дугаар хороо ......дугаар байрны ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотын ардын шүүхийн 1992 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч О.Г нь “.........” ХХК-д тэсэлгээний мастераар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд ............. аймгийн ............... сумын .......... дугаар багт байрлах “...........” ХХК-ийн агуулахын хашаанд байсан итгэмжлэн хариуцсан 8615 УНС улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслээс 600 литр түлшийг завшиж 1.170.000  төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэх зүйлгүй. Мөрдөн байцаалтад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хохирлыг бүрэн төлсөн. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

 Эрүүгийн 1918006720074 дугаартай хэргээс:

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Хохирогч Л.М-ын мөрдөн байцаалтад 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлсэн: “...Манай байгууллагын Дархан салбарын түлш зарцуулалтыг тэсэлгээний мастер захиран зарцуулж түлшний зарцуулалтад хяналт тавьдаг. Учир нь тэсэлгээний мастерууд тэсэлгээ хийх бодисыг орц нормын дагуу тохируулан найруулахад дизель түлш найрлагад ордог. О.Г-ын зүгээс манай байгууллагад учруулсан 600 литр түлшний мөнгө болох 1.170.000 төгрөгийн хохирлыг бэлнээр төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг[2]

 

Гэрч Б.Гэрэлтийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр мэдүүлсэн: “...Сар болгоны гүйцэтгэл гэж гардаг. Энэ гүйцэтгэлийн тайлан дээр уурхайн дарга, инженер, тэсэлгээний мастерууд 2 талаас нь гарын үсэг зурж баталгаажуулдаг. Тэсэлгээ хийхэд оролцдог үндсэн түүхий эд болох амфо хэрэглэдэг. Амфо гаргаж авахдаа ...6 хувийн түлш гэсэн харьцаагаар хольж үйлдвэрлэдэг юм. Ингээд алиакийн шүү түлш болоод эдгээрээс хийсэн амфоны тоо, гүйцэтгэлийг шалгахаар 900 литр түлш дутсан. Энэ нь санхүүгийн анхан шатны баримтуудаар болон сар бүрийн гүйцэтгэлээр тогтоогдсон байна. Тухайн үед холигч машины операторчноор Өлзийсайхан, мастер буюу хариуцаж ажиллуулж байгаа хүн нь О.Г байсан.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Ч.Алтанбаганын хэрэг бүртгэлтэд 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлсэн: “...Хово маркийн 8615 УНС улсын дугаартай тусгай зориулалтаар тоноглосон цэнэглэгч машин ажилладаг. Тухайн үед өөрийн үндсэн банк, технологийн түлш банк гэсэн хоёр банктай. Өөрийн үндсэн банк нь 380 литр, технологийн үндсэн банк нь 850 литр түлшний банктай бөгөөд тухайн түлш нь зарцуулалтын хэмжээ ажлын гүйцэтгэлээр түлшээ мастерын зөвшөөрлөөр жолооч тэсэлгээ хийж буй уурхайгаас баримтаар авдаг. ...Мастер буюу Г   түлшний зарцуулалтыг өөрөө бие даан шийдвэр гарган зөвшөөрөл олгосноор зөвхөн тэсэлгээний ажилдаа шаардагдах явах эд ангийн болон технологийн түлшийг уурхайнуудаас жолооч тухайн уурхайд гарын үсэг зурж авдаг. ...Албаны үйлчилгээний техникийг хувийн хэрэгцээнд ашиглахдаа зөвшөөрөл авч ашигладаг байсан. Түүнээс бол түлш авч захиран зарцуулах эрх олгоогүй мөн өөрийнх ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй. Г   нь өөрийн албан тушаалаа ашиглаж байгууллагын түлшнээс зөвшөөрөлгүйгээр илүү авч хувьдаа зөвшөөрөлгүйгээр ашигласан гэж үзэж байна.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Ц.Эрдэнийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...Би ажилд ороод удаагүй байсан чинь Өлзийсайхан утсаар над руу Г   мастер чамайг дагуулж очоод агуулахаас машинаар 400 литр түлш аваад ир гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Өлзийсайхан бид хоёр Г  ын өөрийнх нь “МБМ” буудлын хажуугийн гражаас хоёр ширхэг 200 литрийн сав ирж авсан. Тухайн савыг Г  ын хүүхэд гээд эрэгтэй хүүхэд гаргаж өгсөн. Тэгээд Өлзийсайхан бид хоёр агуулах ороод машинаас 400 литр түлш хийж ирээд тухайн гражид буулгаж өгсөн.” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Ц.Ганжууржавын хэрэг бүртгэлтэд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 9 дүгээр сарын эхээр намайг агуулах дээр очоод аваад ир гэж хэлсэн. Тэгээд би түлш авах хүн асуугаад тосгонд “долоо”-гийн уулзварын хажууд дугуй засвар ажиллуулдаг Г   гэж хүнээс очиж 200 литр түлшний сав аваад Өлзийсайхан бид хоёр агуулах руу 2894 УНГ улсын дугаартай машинаар явсан. Агуулахад байсан машины дээд банкнаас 200 литр түлш хийж авсан. Тухайн түлшээ 270.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би тухайн мөнгийг Өлзийсайханаар мастер Г  од өгүүлсэн.” гэх мэдүүлэг[6],

 

Гэрч И.Өлзийсайханы хэрэг бүртгэлтэд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 9 сарын дундуур өдрөө сайн санахгүй байна компанийн ерөнхий инженер Г   вагон буулгаж байгаа хүмүүсийн хөлсийг өгөх гэсэн юм гээд над руу утсаар залгаад манай албаны 8615 УНС улсын дугаартай Хово маркийн машинд байсан 500 гаруй литр тэсэлгээ хийгээд үлдсэн түлшнээс 400 литрийг авах гэсэн юм гэж ярьсан. Тухайн үед  нь би машинаа компанийн агуулах дээр тавьсан байсан бөгөөд албаны хайсе маркийн 2894 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Г  ын гэрт нь очоод 200 литрийн түлшний сав  хоёрыг аваад буцаад агуулах руу явсан. Тухайн үед хамт ажилладаг Эрдэнэтэй хамт явж байсан бөгөөд хамт очиж түлш аваад Г  ын гэрт нь хүргэж өгсөн. Дараа нь 2019 оны 9 сарын 20-ны үеэр Ганжуур гээд цуг ажилладаг жолооч бид хоёр 200 литр түлш гэрийнхээ гадаа очиж зогсож байгаад хийж авсан тухайн түлшээ тосгонд байдаг дугуй засварын хажууд байдаг түлш зардаг хүнд 300.000 орчим мянган төгрөг болоод тухайн мөнгийг Ганжуур зараад мөнгийг надад өгөөд би тухайн мөнгийг Г  од аваачиж өгсөн.” гэх мэдүүлэг[7],

 

Гэрч Ш.Шижирбаатарын мөрдөн байцаалтад 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн: “...Миний ажилладаг “Их цагаан баавгай” хамгаалалтын алба нь агуулахын хамгаалалтыг хариуцан ажилладаг. “...............” ХХК-ийн дотоод ажлыг Дархан дахь мастер Г   нь хариуцдаг.” гэх мэдүүлэг[8],

 

Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн “...Mn join ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь агуулахаас алдагдсан дизель түлш 600 литр эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны байдлаар 1.170.000 /нэг сая нэг зуун далан мянган/ төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[9],

 

О.Г-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр машины банкнаас тэсэлгээний зуурмаг хийхэд ашиглах ёстой дизель түлшнээс 200 литрийг нэг саванд хийж аваад тухайн дизель түлшийг 1 литрийг нь 1000 төгрөгөөр худалдан борлуулж түлш борлуулсан 250.000 төгрөгийг би бүгдийг нь Ганжууржаваас авч өөрийнхөө хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн нь үнэн. Үүний дараа 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дахин тухайн машины банкнаас 200 литрийн багтаамжтай 2 саваар дүүргэж 400 литр түлшийг авч ирүүлж гаражид хадгалж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дүү Уранчимэгт 1 литрийг 1200 төгрөгөөр бодож өгч 480.000 төгрөгийг бэлнээр авсан.” гэх мэдүүлэг[10],

 

Шүүгдэгч  О.Г-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд гэх мэдүүлэг[11] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч О.Г-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

                                                                                                                                                                       

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Г нь “.............” ХХК-д тэсэлгээний мастераар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багт байрлах “...............” ХХК-ийн агуулахын хашаанд байсан итгэмжлэн хариуцсан 8615 УНС улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслээс 600 литр түлшийг завшиж 1.170.000  төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Г нь гээгдэл бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч О.Г-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

 Шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Ж.Туяа нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хууль зүйн хувьд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль, гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн хүнийг хэлнэ.

Завших гэдэг нь гэмт этгээд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид төлбөр төлөхгүй байх санаатай үйлдлийг ойлгоно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч О.Г нь “................” ХХК-д тэсэлгээний мастераар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан 8615 УНС улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслээс  600 литр түлшийг бусдад худалдах аргаар завшиж 1.170.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч О.Г-ын шунахай сэдэлт, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой шууд санаатай үйлдэл гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

Шүүгдэгч О.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.170.000 төлбөр[12]-ийг хохирогчид төлж барагдуулсан байх тул түүнээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв. 

Шүүгдэгч О.Г-ын өмгөөлөгч Ж.Туяа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

Шүүхээс шүүгдэгч О.Г-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч нь урьд 1 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч О.Г-ын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч О.Г-ын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .........овогт ....... -  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч О.Г-г  1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Г-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР

 

 


[1] Хавтаст хэргийн 13-15 тал

[2] Хавтаст хэргийн 49-50 тал

[3] Хавтаст хэргийн 51-52 тал

[4] Хавтаст хэргийн 54-55 тал

[5] Хавтаст хэргийн 57 тал

[6] Хавтаст хэргийн 62 тал

[7] Хавтаст хэргийн 67-68 тал

[8] Хавтаст хэргийн 109-110 тал

[9] Хавтаст хэргийн 101-102 тал

[10] Хавтаст хэргийн 120-123 тал

[11] Хавтаст хэргийн 124-128, 134-137, 139-144, 161 тал

[12] Хавтаст хэргийн 106 тал