Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 18

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1962 оны 02 сарын 02-нд төрсөн, 55 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 26-09 тоотод  оршин суух Тайж овогт Дашдоржийн Оюунчимэгийн /РД:АВ62020200/  хүсэлттэй

            Архангай аймгийн Жаргалант сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үсчин, зурагчнаар   ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Оюунчимэг 1980 онд Улаанбаатар хотын Нийтийн аж ахуй үсчингийн техникийн мэргэжлийн сургуулийн дэргэдэх зурагчин, үсчингийн 45 хоногын курст суралцан үсчин, зурагчин мэргэжил эзэмшсэн. Тэгээд 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Жаргалант сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд үсчин, зурагчнаар тасралтгүй 11 жил ажилласан. Д.Оюунчимэгийн  дээрх онуудад ажилд орсон, гарсан тушаал болон хөдөлмөрийн дэвтэр нь байгаа боловч засвартай учраас шүүхэд хандаж байна. Иймд Д.Оюунчимэгийг Архангай аймгийн Жаргалант сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвд дээрх хугацаанд үсчин, зурагчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Оюунчимэг Архангай аймгийн Жаргалант сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үсчин, зурагчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

- Дашдоржийн Оюунчимэгийн 1982 оны 09 сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр,

- Архангай аймгийн Жаргалант сумын Нийтийн аж ахуй, ахуйн  үйлчилгээний төвийн даргын 1980 оны 09 сарын 01-ний өдрийн ажилд томилох тухай 43 дугаар тушаалд:

1. Зурагчин, үсчний 45 хоногийн курсэд суралцан мэргэжлийн  үнэмлэх авч ирсэн Д.Оюунчимэгийг 09 сарын 01-ний өдрөөс эхлэн мэргэжлийн дагуу үсчин,  зурагчнаар авч ажиллуулсугай.

- Архангай аймгийн Жаргалант сумын Нийтийн аж ахуй, ахуйн  үйлчилгээний төвийн даргын 1991 оны 04 сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 15 дугаар тушаалд:

1. Гэрэл зурагчин, үсчин Д.Оюунчимэгийг өөрийнх нь хүсэлтийн дагуу 1991 оны 04 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй зэрэг болно.

 

Иймд хүсэлт гаргагч Д.Оюунчимэгийн Архангай аймгийн Жаргалант сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Тайж овогт Дашдоржийн Оюунчимэгийн Архангай аймгийн Жаргалант сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үсчин, зурагчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                     

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.БЯМБАСҮРЭН