Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 165

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Д.Т /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт .......... овогт ............-ийн ...............-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018002010149 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчдийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ..................... овогт .............ийн .............. /регистрийн дугаар: ТК............../, 19........ оны .........дүгээр сарын ............-ний өдөр ............аймгийн ........... суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........., хамтран амьдрагчийн хамт ............аймгийн ............... сумын ....... дугаар баг .....................хорооллын ................ тоотод оршин суух хаягтай /...............аймгийн ............. сумын ............ дугаар баг, ............ гудамж, .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.Т нь согтуурсан үедээ 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед ............. аймгийн .......... сумын ............. дугаар баг .......... хорооллын ................. тоотод байрлах гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Д.А-г зодож эрүүл мэндэд нь цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээжний зүүн хажуу хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Эрүүгийн 2018002010149 дугаартай хэргээс:

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[1],

 

Хохирогч Д.А-н хэрэг бүртгэлтэд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр буюу шинийн хоёрны өдөр Т бид хоёр байж байхад Хонгор сумаас ***** хуурай дүү нар болох ***** , ***** нар ирээд золголт хийгээд гараад явсан. Тэгэхэд манай нөхөр Т хуурай дүү болох ***** , ***** хоёртой нэг шил 0.75 граммын архи уучхаад дагаж гарч яваад архи нэмж уучхаад орж ирээд байж байгаад ***** гэх эгчтэйгээ золгомоор байна мөнгө нэхэхээр нь согтуу байж айл хэсэх гээд байдаг гэж хэлэхэд чи муу царайгүй авгай мөнгө  нарийллаа гээд элдэв бусаар над руу дайраад байхаар нь аяганд халуун ус хийгээд хоолойгоо утаад сууж байтал миний ар дагз руу модон жижиг сандлаар 1 удаа цохисон. ...зүүн гараараа хаахад миний гарыг цохисон. Тэгэхээр нь би ширээ тойроод гарах гээд зугтаахад пийшингийн хажуугаар харайгаад гарч ирэхээр нь би над руу ойртох юм бол халуун ус цацлаа шүү гэж хэлэхэд тоохгүй над руу дайрахад нь хувцас руу нь аягатай усаа цацчихсан. Тэгэхэд намайг барьж аваад үснээс зулгаагаад орон дээр унагаагаад цээж хэсэг рүү, ар нуруу, дагз руу нэлээн олон удаа цохиод байхаар нь би хөлөөрөө жийж унагачхаад гараад зугтаахад миний араас хөөж гарч ирээд үснээс зулгаагаад доошоогоо дарж байгаад хэвлий, нуруу, хавирга хэсгээр олон удаа цохисон.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч ***** хэрэг бүртгэлтэд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Манай хашаанд хадам аав ***** , хамтран амьдрагч А ын хамт тусдаа гэрт амьдардаг. 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр намайг гэртээ байж байхад гадна А  эгчийн дуу гараад болиоч ээ гээд орилж чарлаад байхаар нь гэрээс гараад харахад хадам аав ***** , А  эгчийг бариад авчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би очоод та хоёр чинь одоо яагаад байгаа юм бэ хоорондоо зодолдоод байгаа юм уу гэж хэлээд тэр хоёрыг салгасан.” гэх мэдүүлэг[3],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Д.А-н биед цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээжний зүүн хажуу хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.А-н биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 231 дугаартай дүгнэлт[4],

 

Яллагдагч Д.Т-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр намайг гэртээ байж байхад нутгийн дүү нар ирж золгоод гараад явсан. Түүний дараа хуурай эгч ***** дээр очиж золгоод ирье гэхэд манай эхнэр А  намайг согтуу байна эрүүл болохоороо яв гээд явуулаагүй. Тэрнээс болоод би эхнэрийгээ элдэв муу үгээр харааж зүхсэнээс болоод хэрүүл маргаан гарсан. Тэгээд би эхнэртэйгээ маргалдаж байгаад хажуудаа байсан цагаан өнгийн будагтай, модон, явган сандал аваад толгойн ар хэсэг рүү нэг удаа цохиж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд гэрийнхээ гадна гарчихсан А ын зүүн хавирга хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж байсан. Тэгэхэд манай хашаанд айл байдаг миний хүү Азжаргалын эхнэр Туяа ирээд А ыг салгаж аваад гэр лүүгээ оруулсан.” гэх мэдүүлэг[5],

 

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[6] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг модон сандалд үзлэг хийсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Т-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Т нь согтуурсан үедээ 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Ховдын хорооллын задгай тоотод байрлах гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Д.А-г зодож эрүүл мэндэд нь цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээжний зүүн хажуу хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Д.Т нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Т-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1 дэх хэсэгт зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Д.А-н эрүүл мэндэд учирсан цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээжний зүүн хажуу хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”

1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “”хохирол” гэсний дараа “санаатай” гэж нэмэлт оруулжээ.

Дээрх хуулийн нэмэлт нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Д.Т-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хохирогчдын сэтгэл санаанд дарамт учруулсан, бие махбодод халдсан гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

Хохирогч Д.А  нь мөрдөн байцаалтад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Д.Т нь “хувийн трактороор газар хагалах ажил хувиараа эрхэлдэг тул торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Т-ийн анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх байр суурь, түүний үйлдсэн хэргийн шинж байдал, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Т-ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............  овогт ................-ийн .............ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Т-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг зангиаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.ИДЭР

 

 


[1] Хавтаст хэргийн 10-11, 12 тал

[2] Хавтаст хэргийн 15-16  тал

[3] Хавтаст хэргийн 19 тал

[4] Хавтаст хэргийн 21-22 тал

[5] Хавтаст хэргийн 31-32 тал

[6] Хавтаст хэргийн 33-39 тал