| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0156/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 166
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч Г.С /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ............. овогт ...................-ын ..........-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018000000171 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ................. овогт ........-ын ............ /регистрийн дугаар: ТЕ............. /, 19......... оны ........... дугаар сарын..............-ний өдөр .............аймгийн .............. гол суманд төрсөн, эрэгтэй, ............ настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......, ээжийн хамт ................. хот .............дүүргийн ............ дүгээр хороо ...........дугаар байрны ............тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Г.С нь согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах “Royal” зочид буудалд хувийн маргааны улмаас иргэн Д.Э-г зодож эрүүл мэндэд нь хамар ясны битүү хугарал, хамрын таславчийн мурийлт, хүзүү, хоолой, цээжний өмнө хэсгийн зулгаралт, зүүн бугалган дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Г.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.С нь согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах “Royal” зочид буудалд хувийн маргааны улмаас иргэн Д.Э-г зодож эрүүл мэндэд нь хамар ясны битүү хугарал, хамрын таславчийн мурийлт, хүзүү, хоолой, цээжний өмнө хэсгийн зулгаралт, зүүн бугалган дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С ын мэдүүлсэн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2018000000171 дугаартай хэргээс:
Хохирогч Д.Э-ны хэрэг бүртгэлтэд 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “....2020 оны 3 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчимд миний найз ***** “Royal” зочид буудалд байна. Чи гар утасныхаа цэнэглэгчийг өгөөч гээд байхаар нь утасныхаа цэнэглэгчийг аваад хүргэж өгчхөөд найзтайгаа жаал юм ярьж сууж байгаад өрөөнөөс нь гараад уг буудлын нэг давхарт үл таних хүүхэн, залуу хоёртой зөрөхөд залуу нь мөрөөрөө мөрлөсөн. Тэгэхээр нь би уг залуугийн шилэн хүзүүн дээр нь алгадаад яаж байна гэж хэлэхэд уг залуу үгийн зөрүүгүй намайг ална гээд дайраад нүүрэн тус газар гараараа хэдэн удаа цохиод миний хувцасны захаар хоолойг минь боогоод зууралдаж ноцолдоод хэсэг удсан. Тэгж байгаад би үүдний өрөөний буйдан дээр уг залууг дараад өөрийгөө цохиулахгүй хамгаалсан. Тэгэхэд тэр залуутай хамт явж байгаа гээд нэг үл таних залуу бууж ирээд нөгөө залууг аваад явах гэхэд тэр залуу намайг хэд хэдэн удаа дахиад цохисон. Тэгэхэд тэр залуугийн найз нь ахаа манай найзыг уучлаарай хоорондоо учраа олъё гэхээр нь би цагдаа дуудна гэж хэлсэн. Тэгж хэлсний дараа миний нуруу татчихсан. Тэгээд 10 минутын дараа нуруу гайгүй болохоор нь цагдаагийн газар руу залгаж дуудлага өгсөн. Миний хүзүү, цээж, зүүн гарын суга хэсэгт зулгаралт үүссэн, нүүрний зүүн хэсэг тэр чигээрээ хавдаад өвчин орчихсон. Дээд, доод уруул дотор талдаа язарсан.” гэх мэдүүлэг[1],
Гэрч ***** хэрэг бүртгэлтэд 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Ахын ажил дээр байж байтал С гэх залуу 2 найзын хамт өрөө захиалаад тооцоогоо хийчхээд би өрөөнд нь оруулж өгөх гээд дагуулаад нэг давхрын шат руу өгсөж явтал миний хажуугаар дээд давхраас 305 тоот өрөө рүү юм оруулж өгчхөөд ирье гэж хэлээд орсон залуу бууж ирээд нэг давхрын шатан дээр надтай зөрсөн. Тэгтэл хүн орилоод эхлэхээр нь эргээд хартал нөгөө С гэх залуу надтай шатан дээр зөрсөн залуу барьцалдчихсан зогсож байснаа С гэх залуу нь нөгөө залуугаа цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би очоод тэр хоёрыг салгаад нөгөө С гэх залууг өрөөнд нь оруулах гэтэл нөгөө С гэх залуу буцаж гүйж очоод барьцалдаад авсан. Тэгээд нөгөө залууг С цохиод цамцыг нь ураад байж байхад С тай цуг явсан найз нь ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд тэр хоёрыг салгасан ба нөгөө зодуулсан залуу цагдаа дуудаад гараад явсан.” гэх мэдүүлэг[2],
Гэрч ***** хэрэг бүртгэлтэд 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Миний араас ***** хоёр таван алхмын зайтай дагаад явж байсан. Тэгэхэд хоёр давхраас нэг махлаг биетэй ах бууж ирээд надтай зөрөөд өнгөрсөн. Тэгээд би дээшээ өгсөж байтал миний ард С хүнтэй маргалдах шиг болохоор нь би эргээд хартал надтай шатан дээр зөрсөн ах С ын дагз руу гараараа цохиж байгаа харагдсан. Тэгэхэд манай найз С нөгөө ахын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд манай найз С ыг нөгөө ах түлхээд унагахад С нөгөө ахаас зууралдаад хамт шалан дээр унасан. Тэгэхээр нь би очоод тэр хоёрыг салгаад нөгөө ахаас уучлаарай гээд уучлалт гуйсан чинь нөгөө ах дүү нар яасан онгироо байна. Янхан дагуулчхаад жоохон бацаанууд гээд хараал хэлээд орилоод байсан. Тэгээд тэр ах цагдаагийн газар руу дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд С ыг аваад явсан.” гэх мэдүүлэг[3],
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас[4],
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Д.Э-ны биед хамар ясны битүү хугарал, хамрын таславчийн мурийлт, хүзүү, хоолой, цээжний өмнө хэсгийн зулгаралт, зүүн бугалган дахь цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Э-ны биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаар дүгнэлт[5] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Г.С ын хүний мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Г.С нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Г.С ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Д.Э-ны эрүүл мэндэд учирсан хамар ясны битүү хугарал, хамрын таславчийн мурийлт, хүзүү, хоолой, цээжний өмнө хэсгийн зулгаралт, зүүн бугалган дахь цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.С ын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, хохирогч Д.Э-ны бусадтай зүй бус харьцсан харилцаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”
1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заажээ.
2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “”хохирол” гэсний дараа “санаатай” гэж нэмэлт оруулжээ.
Дээрх хуулийн нэмэлт нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.С т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Г.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Г.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Г.С т прокурорын сонсгосон ялын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............. овогт .................ын ..................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 8-9 тал
[2] Хавтаст хэргийн 12-13 тал
[3] Хавтаст хэргийн 14-15 тал
[4] Хавтаст хэргийн 20-21 тал
[5] Хавтаст хэргийн 17-18 тал