Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 137

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,  

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч .....................,

Шүүгдэгч ......................, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ............... овогт .............ийн .......-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918006280528 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ............. овогт ...............ийн ................ /регистрийн дугаар: ТГ............./, 19............. оны ................ дүгээр сарын ..........-ний өдөр ........... аймгийн ............ суманд төрсөн, эмэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ............... аймгийн ................ сумын ........... дугаар баг ............... дугаар гудамжны ............тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 15.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч А.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 03 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Эгийн Уулс” зочид буудалд хувийн маргааны улмаас иргэн А.Дөш-Эрдэнийн эзэмшлийн Samsung A-9 маркийн гар утсыг хууль бусаар устгасны улмаас 720.000 төгрөгийн, иргэн Б.Энхтуяагийн эзэмшлийн “Samsung J-5” маркийн утсыг хууль бусаар устгасны улмаас 280.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц мэдүүлэхдээ “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй. Мөрдөн байцаалтад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлэхдээ “...Би тухайн үед хэргийн газарт байгаагүй. Манай хүүхэд болсон асуудлын талаар гар утсан дээрээ бичлэг хийсэн байсан. Тус бичлэгийг нь үзэхэд  шүүгдэгч шатны доогуур нэг юм хийгээд түүнийг нь цагаан цамцтай нэг хүүхэд авсан. Тэгээд манай хүүхдийг алгадаад гар утсыг нь авч гүйж байгаа нь бичигдсэн байсан. Миний эрүүл мэндийн байдал тааруу. Би бөөрний өвчтэй бөгөөд группд байдаг. Сард 128.000 төгрөгийн талоноор л амьдардаг. Хүүгээ сургууль төгссөн болохоор 1.800.000 төгрөгийн үнэтэй гар утсыг сард 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр Н.Сэлэнгэтэй тохиролцож худалдан авч өгсөн. Энэ талаарх баримтаа бүгдийг нь нотлох баримтаар гарган өгсөн. Одоо гар утасны үндсэн үнэ болох 1.800.000 төгрөгөө нэхэмжилж байна. 720.000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Эрүүгийн 1918006280528 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 8 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө 03 цагийн үед Төмөр замын вокзал ороод тэндээс Гөөеө буюу Д-тэй цуг “Эгийн Уулс” буудал руу тамхи асуух гээд орсон. Тэгтэл Бороо гэж дууддаг А.Ц гэдэг хүүхэн Гөөеөг архи ууя гээд дагуулаад буудлын нэг өрөө рүү орсон. Тэгэхээр нь би араас нь дагаад орсон чинь нэг хүүхэдтэй, эхнэр, нөхөр, Ц нар архи уугаад сууж байсан. Тэгээд би тухайн буудлын өрөө авсан эхнэр, нөхөрт хандан та нар ямар сонин буудалд орсон юм бэ? энэ буудал чинь биеэ үнэлэгч ордог буудал шүү дээ, та хоёр нялх нойтон хүүхэдтэй явж байж өөр буудалд орсон нь дээр гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө эхнэр нөхөр хоёр өө тийм үү гэж байсан. Тэгээд нөгөө эхнэр, нөхөр хоёр өөр буудалд орохоор болсон чинь А.Ц над руу агсам тавиад орилсон. Надад бол тухайн хүмүүсийг өөр буудалд оруулж ашиг хонжоо харах гэсэн санаа байгаагүй, нялх, нойтон хүүхэдтэй хүмүүс явж байсан болохоор л тэгж хэлсэн. Тэгээд би гадаа гарч ирсэн чинь А.Ц , А.Д рүү агсраад орилоод байсан, тэгэхээр нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж байсан чинь миний эзэмшлийн “Самсунг Ж-5” маркийн гар утсыг А.Ц газар унагааж шидсэн. Дараа нь миний гарт байсан А.Дөш-Эрдэнийн том дэлгэцтэй ухаалаг утсыг булааж аваад газарт шидсэн.”  гэх мэдүүлэг[1]

 

Хохирогч Б.А-ийн  мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Урнаа, Сэлэнгэ гэдэг хүүхнүүд надад гар утас үзүүлээд та гар утас авах уу? гэж асуусан юм. Тухайн үед Урнаа гэдэг хүүхэн БНХАУ-д ажиллаж амьдардаг юмаа, би өөрийн найз Сэлэнгэд бараа өгч заруулдаг юм гэж хэлсэн. Тэгээд надад “Самсунг А9” маркийн хар хөх өнгөтэй гар утас үзүүлсэн юм. Тэгээд би тухайн гар утсыг сарын 200.000 төгрөгийн төлөлттэй 1.800.000 төгрөгөөр авахаар Урнаатай тохиролцсон юм. Гэхдээ Урнаа гэдэг хүүхэн би Хятад улсад байдаг учраас тэр болгон ирж чадахгүй, та манай найз Сэлэнгэтэй гэрээ байгуулчих гэж хэлсэн. Үүний дагуу би Сэлэнгэтэй гэрээ байгуулж сар бүр 200.000 төгрөг төлөлт өгөхөөр болсон. Тэгээд би тухайн гар утсыг аваад 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Шарын гол сум руу албан ажлаар явахдаа өөрийн гэртээ тухайн гар утсаа үлдээгээд явсан юм. Тэгээд намайг явсан хойгуур Д миний Сэлэнгэтэй гэрээ байгуулж авсан гар утсыг барьж яваад Ц  гэдэг хүүхэнд эвдлүүлсэн юм байна лээ.”  гэх мэдүүлэг[2]

 

Гэрч И.Чимэддоржийн мөрдөн байцаалтад 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 8 цаг 30 минутаас 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 8 цаг 30 минутын хооронд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд зөрчил бүртгэгчээр гарч 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн юм. 2019 оны 8 дугаар сарын 7-ны үүрээр 102-оос Дархан сумын 5 дугаар баг “Эгийн уулс” нэртэй буудлын гадна очиход Б.Э, А.Д, А.Ц болон буудалд үйлчлүүлж байсан гэх Улаанбаатар хотын харьяат хүмүүс гадаа маргалдсан байдалтай зогсож байсан. Тэдгээр хүмүүстэй уулзаж юу болсон талаар асуухад Б.Э, А.Д, А.Ц гэх эмэгтэй буудлын мөнгөнөөс болж маргалдан Э, А.Д нарын гар утсыг газар шидэн эвдэлсэн гэж ярьж байсан ба А.Ц гэх эмэгтэй нэлээн согтуу байсан. А.Д-ийн гар утсыг бид нарын дэргэд дахин газар шидэж эвдэлсэн. Тэр газар шидсэн утасны дэлгэц нь бүхэлдээ бутарч, хагарсан байдалтай, ашиглах боломжгүй болсон харагдаж байсан ба Самсунг маркийн хар өнгөтэй утас байсан. Тиймээс Б.Э, А.Д нарыг төв Цагдаагийн газар руу явуулж, А.Ц-г эрүүлжүүлэх саатуулах байранд хүргүүлсэн юм.” гэх мэдүүлэг[3],

 

“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “...иргэн Б.Э-ийн эзэмшлийн ... Samsung J5 маркийн гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 8 дугаар сарын 9-ний байдлаар 280.000 /хоёр зуун наян мянган/ төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[4],

 

“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “...иргэн А.Д-ийн эзэмшлийн Samsung А9 маркийн гар утас /шинэ/ 1 ширхэг эд зүйл гадны нөлөөний улмаас дэлгэц хагарсан, эвдэрсэн, ашиглах боломжгүй болсон тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 8 дугаар сарын 9-ний байдлаар 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[5],

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны ТХҮ-620/009 дугаартай “...2019 оны үнийн судалгаанд үндэслэн “Самсунг А9” маркийн гар утасны зах зээлийн дундаж үнэ цэнийг 2019 оны 8 дугаар сарын байдлаар тогтоолоо. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгө нь 2019 оны 8 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ 720.000 төгрөг байна.” гэх дүгнэлт[6],

 

Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч цолтой Ш.Амарбаясгалангийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн “...Хохирогч Б.А-ийн  “Самсунг А9” маркийн дээрх үзүүлэлттэй гар утас нь жинхэнэ болон дуураймал гэж хоёр төрөл байх бөгөөд тухайн гар утас нь жинхэнэ буюу үйлдвэрийн гар утас байгаа тохиолдолд 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар багтаамж үзүүлэлтээс хамаарч 500.000-1.500.000 төгрөгийн үнэлгээтэй байв.” гэх магадалгаа[7],

 

Яллагдагч А.Ц ийн мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 8 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 03 цагийн үед Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Эгийн Уулс” буудлаас гараад 15 дугаар сургуулийн урд явж байсан чинь цагаан өнгийн Улаанбаатарын дугаартай эмэгтэй жолооч надаас энэ хавьд хямдхан буудал байна уу? Бид нар хотоос явж байна барилгын ажил хийдэг юм аа. Дарханд хэд хонох хэрэгтэй айна гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн эмэгтэйг “Эгийн Уулс” буудал руу дагуулж очоод үйлчлэгч Мөнхтуяатай уулзуулан 5 хоногийн мөнгө болох 100.000 төгрөгийг Мөнхтуяад тушаалгаад өрөөнд нь оруулаад хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй 30 гаран насны гэр бүлийн хүмүүс 10 настай хүүхдийн хамтаар явж байсан юм. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтолттой байсан юм. Тэгээд тухайн хүмүүс цуг ярьж хөөрч суунгаа нэг шил архи хувааж ууя гээд 0.75 литрийн цагаан архи авч уугаад талдаа орж байх явцад гаднаас Д, Э гаднаас хаалга онгойлгоод орж ирсэн. Яг ямар зорилгоор орж ирсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд Э гэдэг хүүхэн Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс мөнгө төгрөг булаагаад явчихлаа гээд над руу дайраад та нар хамсаатан юм биш үү сая гаднаас орж ирдэг  хоёр хүн тантай хамааралтай юм биш үү гээд над руу дайраад уурлаад байсан. Тэгээд бид нар “Эгийн Уулс” буудлын гадна талд Д, Э нартай хэрэлдээд мөнгөө авах гээд зогсож байсан юм. Тухайн үед Улаанбаатараас ирсэн хүмүүс болон миний бие бага зэргийн согтолттой байсан. Д, Э хоёр архи уусан байсан эсэхийг мэдэхгүй байна. Би уурлаж, бухимдсандаа Дөш-Эрдэнэ, Э хоёрын гар утсыг аваад газар руу шидээд эвдэлсэн. Тухайн үед би ямар гар утас байсныг анзаарч хараагүй. Би Д-ийг Самсунг А-9 маркийн 1.800.000 төгрөгийн утас барих амьдралтай хүн гэдэгт итгэхгүй байна. Амьдралын хувьд бололцоо муу хүн гэж бодож байна. Харин Б.Э-ийн Жи-5 маркийн гар утасны үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[8],

 

Шүүгдэгч  А.Ц ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[9] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч А.Ц ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

                                                                                                                                                                        

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 03 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Эгийн Уулс” зочид буудалд хувийн маргааны улмаас иргэн А.Д-ийн эзэмшлийн S”amsung A9” маркийн гар утсыг хууль бусаар устгасны улмаас 720.000 төгрөгийн, иргэн Б.Э-ийн эзэмшлийн “Samsung J5” маркийн утсыг хууль бусаар устгасны улмаас 280.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.Ц нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч А.Ц , түүний өмгөөлөгч Н.Баярмаа нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгчийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Ц ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

Уг хэргийн хүрээнд хохирогч Б.А-д  учирсан хохирлын талаар “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн шинжээчийн дүгнэлт[10], “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-620/009 дугаартай шинжээчийн дүгнэлт[11] зэрэг 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Шүүх дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-620/009 дугаартай “...2019 оны үнийн судалгаанд үндэслэн Самсунг А9 маркийн гар утасны зах зээлийн дундаж үнэ цэнийг 2019 оны 8 дугаар сарын байдлаар тогтоолоо. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгө нь 2019 оны 8 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ 720.000 төгрөг байна.” гэх дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь дээрх шинжээчийн дүгнэлт нь 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа[12], гэрч Б.Цасанхүү, Д.Азжаргал нарын мэдүүлгүүд[13]-тэй зөрчилдөхгүй нийцэж байгааг дурдах нь зүйтэй.

“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд зах зээлийн үнэ ханшийн судалгааг хэрхэн хийсэн нь тодорхойгүй, хохирогчийн тайлбарыг үндэслэн “...Samsung А9 маркийн гар утсыг 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг байна.” гэж дүгнэсэн нь эргэлзээ төрүүлэхүйц болжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж заасны дагуу “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-620/009 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заажээ.

Шүүгдэгч А.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт “Samsung А9” маркийн гар утсыг биет байдлаар нь буцаан төлөх талаар санал гаргасан боловч хохирогч Б.А  хүлээн зөвшөөрөөгүй болно.

Иймд шүүгдэгч А.Ц аас 720.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д  олгож, хохирогч Б.Энхтуяад учруулсан 280.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч А.Ц-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа “А.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөрийн чадвар алдалтын /70 хувь/ тэтгэвэр авдаг тул 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхээс шүүгдэгч А.Ц-д  эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан хувийн байдалтай этгээд байна.

Шүүгдэгч А.Ц-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Ц нь эрхэлсэн тодорхой ажилгүй боловч хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар тэтгэвэр авдаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал тогтоогдож байх тул торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч А.Ц-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 7 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .......... овогт .......ийн Ц ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-д  700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-д  оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 7 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц аас 720.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д  олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР

 

 


[1] Хавтаст хэргийн 12-14 тал

[2] Хавтаст хэргийн 143-144 тал

[3] Хавтаст хэргийн 15 тал

[4] Хавтаст хэргийн 42-43 тал

[5] Хавтаст хэргийн 35-36 тал

[6] Хавтаст хэргийн 164-166 тал

[7] Хавтаст хэргийн 174-183 тал

[8] Хавтаст хэргийн 94-95 тал

[9] Хавтаст хэргийн 62, 72-77 тал

[10] Хавтаст хэргийн 35-36 тал

[11] Хавтаст хэргийн 164-166 тал

[12] Хавтаст хэргийн 174-183 тал

[13] ХАвтаст хэргийн 186,187 тал