| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0073/Э |
| Дугаар | 97 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 97
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Г.Б-т холбогдох эрүүгийн 1918006400527 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, эрүүгийн 1937000400002 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус тус хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Б- /*****/, 1996 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Б- нь бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Д.Э-гийн фейсбүүк хаяг руу нэвтэрч, иргэн *****гаас 300000 төгрөг,
-2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ж.Б-ын фейсбүүк хаяг руу нэвтэрч, иргэн Х.Х-аас 200000 төгрөг,
-2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ц.Б-ын фейсбүүк хаяг руу нэвтэрч, иргэн Б.О-гээс 50000 төгрөг,
-2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.М-ын фейсбүүк хаяг руу нэвтэрч, иргэн Д.Э-гаас 50000 төгрөг,
-2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Б.П-ын фейсбүүк хаяг руу нэвтэрч, иргэн Т.Н-ээс 50000 төгрөг,
-2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Б.П-ын фейсбүүк хаяг руу нэвтэрч, иргэн Д.Б-оос 50000 төгрөг тус тус залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Шүүгдэгч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би гадаадад амьдардаг ах руугаа явах зорилгоор 3 дугаар сараас хойш ажил хийж мөнгө цуглуулсан. Онлайн поккер тоглоом тоглоод цуглуулж байсан бүх мөнгөө алдаад 8 дугаар сар гэхэд ямар ч мөнгөгүй болсон байсан. Би 2 утасны зээлийн лизингийн мөнгө төлдөг юм. Тухайн үед лизинг төлөх мөнгөгүй болоод анх хэрэг хийсэн. Хэрэг хийгээд Цагдаагийн газар дуудагдсан цагаасаа хойш дахиж хэрэг үйлдээгүй. Нэг хэргээр шалгагдаж дуудагдаад өөрөө үйлдсэн бүх хэргээ мэдүүлж хэргээ хүлээсэн. Ажил хийгээд авсан цалингаасаа хүмүүсийн хохирлыг барагдуулсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 2, 119, 234, 2 дугаар хавтаст хэргийн 178, 4 дүгээр хавтаст хэргийн 2/,
-Б.П-аас Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 3,
-Мессэнжэр чатын зураг /1 дүгээр хавтаст хэргийн 5, 8-10, 13-15, 131-133, 242-244, 2 дугаар хавтаст хэргийн 185-186, 4 дүгээр хавтаст хэргийн 9-11/,
-Хохирогч Д.Б-оос 50000 төгрөг шилжүүлсэн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 12,
-Шүүгдэгч Г.Б-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 16-18, 125-126/,
-Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 04-ний орой манай салаан дарга ***** миний гар утас руу залгаад “дансанд чинь мөнгө байна уу? ***** ах чинь 50000 төгрөг байвал өгөөч, нөгөөдөр өгье гэж асуугаад байна” гэхээр нь би “та над руу ярь” гээд хэлчих гэж хэлсэн. Тэгээд салаан даргатай яриад дуусангуут ***** ахын*****гэсэн фейсбүүк хаягнаас “байна уу?” гэж чат бичихээр нь “дансаа” гээд чат бичсэн чинь ***** гэсэн ***** нэртэй дансны дугаар над руу явуулсан. Тэгэхээр нь өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны данснаас 50000 төгрөг интернэт банк үйлчилгээ ашиглаад ***** гэсэн данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22/,
-Хохирогч Т.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сард манай ажлын*****ийн нөхөр Б.*****ын фейсбүүк хаягнаас мессенжэрээр “ажил сайн уу? сэлбэг авах гэсэн чинь мөнгө дутаад байна, 50000 төгрөг явуулаач” гээд дансны дугаар явуулахаар нь 50000 шилжүүлсэн.
...би Ганбаатарын Г.Б- гэж танихгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-26/,
-Гэрч А.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 04-ний орой надтай хамт ажиллаж байсан ***** гэдэг хүний фейсбүүк хаягнаас эхлээд мэнд мэдэж байгаад дараа нь “ганц тус болооч, 50000 төгрөг өгөөч, хотод ачаа ачиж байгаа, нөгөөд буцаагаад өгье” гэж бичсэн. Тэгэхээр нь би надад тухайн үед мөнгө байгаагүй болохоор цуг ажилладаг *****гэдэг залуугаас 50000 төгрөг хэлээд авчих гэж хэлсэн. Тэгсэн чинь *****руу чат бичээд холбогдож байгаад 50000 төгрөг авсан байна лээ.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27/,
-Хохирогч Д.Э-гаас Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 120/,
-Хохирогч Д.Э-гийн ХААН банкны ***** тоот данснаас 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ***** тоот данс руу 50000 төгрөг шилжүүлсэн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 129/,
-Хохирогч Д.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байхад манай 10 жилийн ангийн хүүхэд болох *****ын фэйсбүүк хаягнаас “сайн уу?” гээд мессэж бичсэн. Надтай мессежээр харьцаж байгаад “найз нь Улаанбаатараас Ховд аймаг руу ачаа ачуулсан юм. Тэгээд хөлсний 50000 төгрөг хэрэгтэй байна, түр зээлээч, маргааш өгье” гэхээр нь би зөвшөөрөөд “дансаа явуул” гэсэн. Тэгсэн ***** дугаарын данс явуулаад “гүйлгээний утга дээр нь ***** дугаар гээд бичээрэй” гэж хэлсэн. Тэгээд би мобайль банкаар 50000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 121/,
-Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчим манай хадам талын хамаатан ***** над руу залгаад “чамд ямар мөнгөний хэрэг гарсан юм бэ?, машины ямар сэлбэг авах гэж байгаа юм” гээд миний ***** гэсэн дугаар руу залгасан.
...тэр өдөр би фейсбүүк хаягаараа ортол нилээд хэдэн хүнээс “мөнгө зээлээч ээ” гэж бичсэн байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 141/,
-Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед миний чат руу *****гэсэн манай нагац эгчийн охины хаягнаас мессеж ирээд “мөнгө зээлдүүлээч” гэсэн юм. Тэгээд би 300000 төгрөг зээлчихээд орой дахин фейсбүүк рүүгээ ороход *****гийн нөхөр *****“манай эхнэрийн хаягнаас хүмүүсээс мөнгө залилж байна” гэсэн утгатай пост оруулсан байхаар нь шууд *****гийн гар утас руу залгаж ярихад “би өөрөөс чинь мөнгө аваагүй, ийм асуудал гараад байна” гэж хэлсэн.”
...Г.Б-ын ээж нь гээд хүн миний хохирлын мөнгө болох 300000 төгрөгийг миний ***** гэсэн данс руу хийсэн. Ямар нэгэн гомдол санал байхгүй.”гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 249-250, 2 дугаар хавтаст хэргийн 158/,
-Хохирогч Д.Б-гийн ХААН банкны ***** тоот данснаас 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр *****тоот данс руу 300000 төгрөг шилжүүлсэн баримт /2 дугаар хавтаст хэргийн 59/,
-Хохирогч Ц.Б-аас Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 179/,
-Хохирогч Ц.Б-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 183/,
-Гэрч Б.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг 04 минутад манай хүргэн ах Ц.Б-ын хаягнаас над руу чат бичиж “50000 төгрөг байвал зээлээч” гэсэн утгатай зурвас ирэхээр нь би шилжүүлэх дансыг нь аваад өөрийн эгч*****гийн ***** дугаарын утас руу “***** ах 50000 төгрөг энэ данс руу хийчих гэнэ” гээд ***** ахын чатаар ирсэн *****гэсэн дансыг явуулсан юм. Тэгээд мөнгө шилжүүлсний дараа***** эгч ***** ах руу утсаар яриад “мөнгө хийчихлээ, чи мөнгөөр яах гэсэн юм” гэж асуухад ***** ах “би ***** рүү мөнгө өгөөч гэж ерөөсөө хэлээгүй” гэж хэлсэн гэсэн. Тэгээд л бид энэ хаягнаас өөр хүн орж мөнгө авсан талаар мэдсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 205-206/,
-Хохирогч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байх, одоо өдрийг нь сайн санахгүй байна. Тэр өдөр би өөрийнхөө фейсбүүк рүү орсон чинь шууд код нэхээд байхаар нь кодоо хийж орчхоод байж байгаад буцаад гарчихсан юм. Тэгээд хадлан дээрээ байж байтал манай найз охин болох ***** над руу залгаж утсаар яриад “би мөнгө хийчихлээ” гэж хэлэхээр нь “ямар мөнгө” гэж асуухад “чи өөрөө фэйсбүүкээсээ мөнгө өгөөч гээд чатаар мессеж ирлээ” гэж ***** хэлэхээр нь бичиж явуулсан данс руу чинь 50000 төгрөг хийчихлээ гэж хэлсэн.
...Л.У нь төрөх болчихсон, хөдөлгөөнгүй байх талаар эмчийн заавартай тул хохирогчоор мэдүүлэг өгөх болон энэ ажиллагаанд оролцох боломжгүй байгаа учраас миний бие хохирогчоор мэдүүлэг өгч байна. Би энэ талаар*****тай харилцан тохирч зөвшилцсөн.
...учирсан хохирол болох 50000 төгрөгийг буцаагаад холбогдогч болох Г.Б-ын төрсөн ээжээс нь мобайль банкаар***** өөрийнхөө данс руу шилжүүлж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 221-223/,
-Хохирогч Х.Х-аас Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл / 4 дүгээр хавтаст хэргийн 3/,
-Хохирогч Х.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сард Ховд аймгийн Булган сумын Булган боомт дээр Хятад улсын хил гарах гээд байж байхдаа өөрийн эзэмшлийн фэйсбүүк хаягаа ашиглаж байтал манай нутгийн залуу болох Берикболын фэйс хаягнаас “би Ховд аймгаас том машины сэлбэг авсан юм, би сүлжээ муутай газар байна, Такешиканд байна, чи *****гэх хүний данс руу сэлбэгийн 200000 төгрөг хийгээдхээч” гэж хэлэхээр нь өөрийн дансаар мобайльдаж хийсэн. Тэгээд 1 цаг орчмын дараа Берикболтой яриад сэлбэгний мөнгийг хийсэн талаар хэлэхэд Берикбол “юу яриад байна, би мөнгө төгрөг хий гэж хэлээгүй шүү дээ” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг / 4 дүгээр хавтаст хэргийн 15-16/,
-Хохирогч Х.Х-ын ХААН банкны *****тоот данснаас *****тоот данс руу 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 200000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 17/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Г.Б- нь бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Д.Э-гийн фейсбүүк хаяг руу нэвтэрч, иргэн Д.Б-гаас 300000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ж.Б-ын фейсбүүк хаяг руу нэвтэрч, иргэн Х.Х-аас 200000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ц.Б-ын фейсбүүк хаяг руу нэвтэрч, иргэн Б.О-гээс 50000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.М-ын фейсбүүк хаяг руу нэвтэрч, иргэн Д.Э-гаас 50000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Б.*****ын фейсбүүк хаяг руу нэвтэрч, иргэн Т.Н-ээс 50000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Б.П-ын фейсбүүк хаяг руу нэвтэрч, иргэн Д.Б-оос 50000 төгрөг тус тус залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Г.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-д 300000 төгрөгийн, Х.Х-ад 200000 төгрөгийн, Ц.Б-д 50000 төгрөгийн, Д.Э-д 50000 төгрөгийн, Т.Н-т 50000 төгрөгийн, Д.Б-од 50000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирлоо буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул /3 дугаар хавтаст хэргийн 31-33/ зэргээр нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Г.Б-аас гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч Г.Б-т Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож байсан бөгөөд тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Б-т 6 /зургаан сар/-ын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 /зургаан сар/-ын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Б-ын биечлэн эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Б-ыг бусдыг хуурч, цахим хэрэглэн ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, 700000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Б-т Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Б-т 6 /зургаан сар/-ын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Б-т 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, шүүгдэгч Г.Б-ын биечлэн эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ