Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Б.Т- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т холбогдох эрүүгийн 2018000090054 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Т 1988 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны дэргэд У.Л-тэй маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Б.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр найзуудтайгаа Сатурн гэх барнаас гарах үед У.Л- нь надтай маргалдан, үл ойлголцол үүссэн.

...У.Л- нь намайг эхлээд 2-3 удаа цохисон. Тэгээд би зөрүүлээд нэг

удаа цохисон. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,

 

-Хохирогч У.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд ***** гээд найзтайгаа “Сатурн” бааранд ороод 4 шил пиво уусан. ***** машинтай явж байсан болохоор юм уугаагүй. Тэгээд баар хаагаад гараад “Баян-Идэр” худалдааны төвийн урд*****ийн машины урд яваад очсон чинь 3 таньдаг охин байхаар нь дуудсан чинь цуг явж байсан ***** гэдэг залуу ирээд “юу болсон бэ?” гэхээр нь би “таньдаг хүнтэй уулзах гэж байна.” гээд маргалдсан. Тэгсэн ***** гэдэг залуу цонхоор гараа оруулаад шууд миний хамар руу цохихоор нь би машинаас буугаад замдаад авсан чинь ***** намайг салгаад, *****ийг цуг явж байсан найзууд нь салгаад байж байсан чинь цагдаа ирсэн. ***** миний хамар руу нэг удаа цохисон. Тэрнээс өөр намайг цохисон зүйл байхгүй.

...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4/,

 

-Гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** нэг залуутай барилцчихсан зогсож байхаар нь очоод салгасан чинь *****тэй зууралдсан байсан залуугийн хамарнаас цус гарчихсан байхаар нь “боль, бид нар ингээд явъя, та нар яв” гэж хэлээд байж байсан чинь цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6/,

 

-Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баарнаас гараад *****ийн гэр рүү алхаад явж байсан. ***** бид хоёр 2 охины хамт хамгийн урд талд нь 20 дугаар байр өнгөрөөд цагны тэнд  цуг явж байсан чинь ард хүмүүс орилохоор нь эргээд харсан чинь цагдаа ирчихсэн байсан.

 ...намайг эргээд очиход тэр залуугийн хамарнаас цус гарсан байсан. ***** тухайн залууг цохисон гээд ярьж байсан. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8/,

 

-Гэрч Г.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** тэр залууг цохиод хамарнаас нь цус гаргасан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9/,

 

-Гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд Дархан сумын 16 дугаар багт байрлах “Сатурн” бааранд орсон ба 23:50 цагийн үед баарнаас гараад явж байсан ба бид хоёр миний Сонота-6 маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад явах гэтэл манай найз үл таних залууг араас нь дуудсан бөгөөд нөгөө залуу ирээд “юу гээд байгаа юм бэ?” гэхэд манай найз У.Л- “тагжгар аа, яв” гэж хэлсэн ба тухайн залуу 2 найзтайгаа явж байсан. “Чи юу гээд байгаа юм бэ?” гээд шууд хамар руу нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд манай найз бид хоёр машинаас буугаад хэрэлдэж эхэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/,

 

-Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...У.Л-ийн биед үүссэн хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсч болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/,

 

-...”хамрын зүүн хажуу, зүүн доод зовхи хөхөрсөн, хамрын хэлбэр муруй, зүүн талаас цөмөрч хугарсан. Тэмтрэхэд эмзэг, хугарсан яс цөмөлзөж хөдөлнө. Таславч дунд хэсгээрээ муруйж зүүн доод самалдагт шүргэсэн. 12 дугаар сарын 23-нд хэсгийн мэдээ алдуулалттай хугаралт тэгшлэн, чихээс хийлгүүлсэн.” гэх “Бид” эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 12/,

 

-“…У.Л-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. У.Л-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 14-15/,

 

-У.Л-т яаралтай тусламж үзүүлсэн эмнэлгийн хуудас / хавтаст хэргийн 16-17/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны дэргэд *****тэй маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 14-15/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Б.Т-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч У.Л- нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Т- нь эрүүл мэндэд учруулсан гэм хортой холбоотой хохиролд 300000 төгрөг төлсөн гэж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Т- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Б.Т- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Т-өд анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Б.Т-өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Т-өд үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Т-өд анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Я.ТУУЛ