| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0097/Э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2020-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 106
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г холбогдох эрүүгийн 2018000210071 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Г 1986 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 25-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 34 дүгээр байрны 15 тоотод иргэн Б.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, хамар, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…***** том өрөөрүү орж ирээд Б.С-тэй дахин маргалдаж, түүнийг хөөгөөд эхэлсэн. Тэгсэн Б.С- ууж байсан пивоо *****гийн нүүррүү цацчихсан. Тэгэхээр нь би Б.С-т уурлаж, түүнтэй маргалдаж, улмаар нэг нэгнийгээ үстсэн. Ингэж үстэлцэж байхдаа би түүний нүүрийг маажсан. Мөн 2 удаа алгадсан. Ингээд нэг нэгнийхээ цамцны захнаас заамдалцаж хоорондоо хэрэлдэж байхад Баттайван миний араас, ***** *****ийн араас нь тэврээд салгасан.
...Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6/,
-Хохирогч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэрт нь сууж байгаад би *****тэй маргалдаж эхэлсэн. Тэгээд ***** над руу дайраад миний нүүрийг маажсан.
...би 400000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ мөнгийг маань бүрэн барагдуулсан. Одоо ***** бид хоёр хоорондоо эвлэрсэн тул энэ хэргийг хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5, 14/,
-Гэрч Х.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...00:20 цагийн үед *****, ***** нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Ямар шалтгааны улмаас болсныг нь мэдэхгүй байна. Тэгээд хоорондоо маргалдаж байгаад тэр хоёр ноцолдоод зодолдож эхэлсэн. ***** тэр хоёрын дундуур ороод салгасан. Тэгээд ***** цагдаад дуудлага өгсөн.
надад хэлэхдээ “***** нь ***** рүү аягатай пиво цацсан, үүнээс болж бид хоёр маргалдсан” гэж хэлсэн. Тэрнээс ямар шалтгаанаас болж тэр хоёрыг зодолдсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 21/,
-Гэрч Г.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгсэн чинь ***** гэдэг эмэгтэй нилээн согтчихсон байсан бөгөөд над руу ууж байсан пивоо нүүр рүү цацчихсан. Тэгсэн ***** уурлаад “чи яагаад пиво цацаад байгаа юм бэ?” гээд *****тэй маргалдаад тэр хоёр нэг нэгнийгээ үснээс зулгааж, нэг нэгнийхээ нүүрийг маажаад байсан. Тэр үед би *****ийн араас нь тэврээд салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,
-“…Б.С-ийн биед 2019 оны 12 дугаар сарын 25-ны шөнө бусдад зодуулсаны улмаас үүссэн тархи доргилт, дух, зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24/,
-Шинжээч эмч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр Б.С-ийн биед үзлэг хийхэд хүзүүний урд хэсэгт 2x0.3 см хэмжээтэй улаан ягаан өнгийн нимгэн тав тогтсон зулгаралттай байсан. Энэ гэмтэл нь бол дангаараа биеийн нэг хувь хүртэлх талбайг гэмтээгээгүй, мөн эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтэл нь бол цамцны захаар хүчтэй үрэгдэх, татагдах үед болон маажигдсанаас болж үүсэж болно.
...духны дээд хэсэгт 0.7 см, 1 см, зүүн хөмсөгт 0.5x0.3, хамрын нурууны дээд хэсэгт хөндлөн 1.2 см, зүүн нүдний дээд зовхинд 0.3 см, доод зовхинд хөндлөн 0.7 см, 1.5 см, баруун нүдний доод зовхинд 0.3 см, 0.2 см, зүүн хацрын гадна хэсэгт 0.3 x0.2 см, дотор хэсэгт 0.3 см, 0.2 см, 0.1 см, хамрын угалзны зүүн талд 0.4x2 см, баруун талд 2.2 см x0.3 см, хамар, уруулын завсар босоо 2 см, баруун хацарт 1.2 см, 3 см, 1.5 см, 0.2 см, 3 x0.4 см, 1 см, 0.3 см, 0.5 см хэмжээтэй зулгаралтын гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 1-ээс дээш хувийг гэмтээсэн байх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 25-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 34 дүгээр байрны 15 тоотод иргэн Б.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, хамар, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлтээр / хавтаст хэргийн 23-24/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Г.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Б.С- нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хавтаст хэргийн 14/ гэх мэдүүлэг өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Г.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсон хэмжээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд сард 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Г.Г-т анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Г-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Г.Г-т үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Г.Г-т анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ