Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 46

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 8-20 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, РД:ОЮ60112231, Тайжууд овогт Цэрэнгийн Өлзийтогтохын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Өлзийтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Ц.Өлзийтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1960 онд төрсөн, 57 настай. Би 1978 оноос эхлэн тасралтгүй Увс аймгийн Эрдэм шинжилгээний туршлага станцад 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. Гэтэл 1991 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний нэгдсэн туршлага станцад тракторчноор 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан жил маань 1991 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тракторчноор томилсон тушаал бхйхгүй тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1991 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний нэгдсэн туршлага станцад тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ц.Өлзийтогтох нь Увс аймгийн ХАА-н Эрдэм шинжилгээний нэгдсэн туршлага станцад 1991 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тракторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Цэрэнгийн Өлзийтогтоход 1978 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нээсэн 1991 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ХАА-н Эрдэм шинжилгээний нэгдсэн туршлага станцад тракторчноор томилж, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдөр чөлөөлсөн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2. Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Увс салбарын захирлын 2001 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 1 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Тракторчин ажилтай Цэрэн овогтой Өлзийтогтохыг 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр ажлаас нь чөлөөлсүгэй” гэж бичигджээ,   

3. Увс аймгийн Архивын тасгаас ирүүлсэн архивын лавлагаа,

4. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн шимтгэл төлөлтийн лавлагаа 2 ш,  

5. Гэрч А.Мягмарын шүүхэд өгсөн: “Би 1970-2014 оны хооронд Увс аймгийн Улаангом сум дахь Эрдэм шинжилгээний нэгдсэн станцад тракторчин, механикч зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байсан. Би энэ хугацаанд нэг л байгууллагад ажиллаж байсан бөгөөд намайг ажиллах 44 жил гаруй жилийн хугацаанд манай байгууллагын нэр маш олон удаа өөрчлөгдөж байсан. Эрдэм шинжилгээний нэгдсэн станц, Улаантолгойн чацарганын сангийн аж ахуй, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл гэх зэрэг нэртэй байсан. Ц.Өлзийтогтох нь 1978 оноос эхлэн Хөдөө аж ахуйн жимсний станцад 1987 он тракторын жолоочоор, 1988 оноос Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл нэртэй болоход үргэлжлүүлэн 1991 он хүртэл ажиллаад, 1991 оноос Эрдэм шинжилгээний нэгдсэн станцад тракторын жолоочоор тус тус 2000 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. Бид олон жил нэг байгууллагад хамт ажиллаж байсан учраас түүнийг сайн таньж мэднэ. Тухайн үед байгууллагын даргаар С.Дэчинпил, Д.Волоож, Т.Цагаанбанди гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

6. Гэрч Ч.Батсуурийн шүүхэд өгсөн: “Би 1974 оноос Хөдөө аж ахуйн удирдах газарт цэцэрлэгчнээр ажилд орж 1988 он хүртэл ажиллаад, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл нэртэй болоход үргэлжлүүлэн цэцэрлэгчнээр 1991 он хүртэл, 1991 оноос Эрдэм шинжилгээний нэгдсэн туршлага станц болоход мөн цэцэрлэгчнээр 2007 он хүртэл ажилласан юм. Би энэ хугацаанд нэг л байгууллагад ажиллаж байсан бөгөөд намайг ажиллах хугацаанд манай байгууллагын нэр маш олон удаа өөрчлөгдөж байсан. Эрдэм шинжилгээний нэгдсэн станц, Улаантолгойн чацарганын сангийн аж ахуй хоёр нэгдэж Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл гэх зэрэг нэртэй болж байсан. Ц.Өлзийтогтох 1991 оноос Эрдэм шинжилгээний нэгдсэн туршлага станц нэртэй байхад манай байгууллагад тракторын жолоочоор ажилд орж 2000 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. Ер нь манай байгууллага нь нэг хэсэг Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяанд байсан одоо Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харьяанд ажиллаж байна. Ц.Өлзийтогтох бид хоёр олон жил нэг байгууллагад хамт ажиллаж байсан учраас түүнийг сайн таньж мэднэ” гэх мэдүүлэг,

7. Гэрч А.Мягмар, Ч.Батсуурь нарын Увс аймгийн ХАА-н Эрдэм шинжилгээний нэгдсэн туршлага станцад ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.   

      Нэхэмжлэгч Ц.Өлзийтогтох нь Увс аймгийн ХАА-н Эрдэм шинжилгээний нэгдсэн туршлага станцад 1991 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тракторчноор ажиллаж байсан болох нь Ц.Өлзийтогтоход 1978 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нээсэн 1991 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ХАА-н Эрдэм шинжилгээний нэгдсэн туршлага станцад тракторчноор томилж, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдөр чөлөөлсөн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Увс салбарын захирлын 2001 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 1 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч А.Мягмар, Ч.Батсуурь нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

    Иймд нэхэмжлэгч Ц.Өлзийтогтохын Увс аймгийн ХАА-н Эрдэм шинжилгээний нэгдсэн туршлага станцад 1991 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 9 жил, 7 сар, 2 хоног тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Өлзийтогтохын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайжууд овогт Цэрэнгийн Өлзийтогтохын Увс аймгийн ХАА-н Эрдэм шинжилгээний нэгдсэн туршлага станцад 1991 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 9 /ес/ жил, 7 /долоо/ сар, 2 /хоёр/ хоног тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Өлзийтогтохын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР