Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 107

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Ч.Б- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б холбогдох эрүүгийн 2018001660116 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ч.Б 1986 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автозасвар, гагнуурчин мэргэжилтэй, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөр толгойн хүдрийн уурхайд хүнд даацын дугуйт ачигчийн операторчин ажилтай, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ч.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын вокзалын авто машины зогсоол дээр иргэн Б.А-гийн эрх чөлөөнд халдаж, архины шилээр толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь”духанд шарх бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

-Шүүгдэгч Ч.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би тухайн өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр найз Наранбаярын хамтаар Сэлэнгэ аймаг руу ажлаар явчихаад орой 00 цаг өнгөрч байхад Дарханд ирсэн юм. Бид хоёр Сэлэнгэд байхдаа 2 шил 0.5 литрийн архи, 1 шилтэй пиво уусан байсан. Наранбаяр Сэлэнгээс ирэхдээ өөрийнхөө машиныг хүнээр бариулж ирээд төмөр замын вокзал дээр намайг буулгасан. Би тэгээд вокзал дээр түүний машинаас буугаад нэг таньдаг залуугийн машин зогсож байхаар нь урд нь суусан чинь энэ Б.А- гэдэг залуу “наадах чинь бид нарын хөлсөлсөн машин байгаа юм” гээд надтай маргалдаж байсныг санаж байна. Тэгсэн энэ Б.А-тэй хамт явсан Баянмөнх гэдэг залуу намайг цохиод газар унагаж байсныг санаж байна. Нэг мэдэхэд цагдаа нар ирээд би эрүүлжүүлэгдсэн. Би тухайн өдөр Б.А-г шилээр цохисон талаараа огт санахгүй байна.

...Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Би цалингийн зээл, хүүхдийн тэтгэмж төлдөг. Тиймээс торгуулийг 5 сарын хугацаанд хувааж төлөх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4/,

-Шүүгдэгч Ч.Б- 2.05 хувийн согтолттой байсан тухай согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,

-Хохирогч Б.А- 1.77 хувийн согтолттой байсан тухай согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 6/,

 

-Хохирогч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд тэндээс тамхи авах гээд такситай вокзалын орох хаалганы дэргэд буюу таксины зогсоол дээр зогссон чинь энэ Ч.Б- гэх залуу машины хаалга онгойлгоод “наадах чинь миний такси, буу” гээд хэрүүл маргаан хийсэн. Тэгэхээр нь машинаас буугаад “чи юу яриад байгаа юм бэ? би энэ таксинд чинь дөрвүүлээ явж байна шүү дээ” гээд хэлсэн чинь Ч.Б- гэдэг залуу “наадах чинь миний такси, би наад таксиг чинь хөлсөлж явсан юм” гэж надтай хэрүүл маргаан хийж байснаа өмднийхөө ард байсан тал архитай шилээр миний толгой руу цохисон. Тэгсэн чинь Баянмөнх машинаас бууж ирээд “чи хүн аллаа шүү дээ” гээд түүнтэй маргалдаж байсан. Би тухайн үед толгойгоо дараад хэсэг манарсан.

...Надад одоо ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Мөн Ч.Б-аас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10/,

 

-Гэрч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 15-ны 00:00 цаг өнгөрч байхад Вокзалын хажууд тамхи авах гээд такситай зогсож байтал үл таних 1 согтуу залуу ирээд урд талын хаалга онгойлгоод манай нөхөр Б.А-г “буу, чи хэн бэ?” гээд хараалын үг хэлээд манай нөхөр машинаас буугаад нөгөө залуутай маргалдсан. Тэгтэл араас нь манай нөхрийн найзууд болох Баянмөнх, эхнэр Дүүриймаагийн хамтаар буугаад салгах гэтэл манай нөхрийн толгой руу архины шилээр цохисон.” /хавтаст хэргийн 11-12/,

 

-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Агваансүрэн жолоочийн хажууд урд сандал дээр сууж байсан бөгөөд машинаас буусан чинь түүнтэй энэ Ч.Б- гэх залуу мөрлөх шахам зөрөөд урд сандал дээр суучихсан. Тэгэхээр нь Агваансүрэн “чи чинь яасан сонин залуу вэ? яагаад бид нарын хөлсөлж яваа машинд суучихав аа?” гэсэн чинь урдаас нь нөгөө залуу нь хэгжүүрхэж бууж ирээд “чи мөнгөтэй бол намайг цохичих, энэ таксийг чинь би хөлсөлсөн юм” гэх мэтээр хэрүүл маргаан хийж байхад нь би дундуур нь ороод салгах гээд зогсож байхад Ч.Б- өмднийхөө арын халаасанд байсан архины шилээ гаргаж ирээд толгойн дундуур нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь би “хүн аллаа шүү дээ” гээд зүүн гараараа түүний эрүү рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн зөрүүлээд намайг Ч.Б- боосон. Тэгэхээр нь би түүнийг түлхээд холдуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,

-Гэрч Е.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд вокзалын гадна талын машины зогсоол дээр зогсоход урд сандал дээр сууж явсан Агваансүрэн гэх намхан залуу машинаас буусан. Түүнтэй зөрөөд зүс таних Болдбаяр гэх залуу миний машинд суусан бөгөөд найзыгаа гэр рүү хүргээд өгчих гээд байсан. Тэгсэн нөгөө машинаас буусан залуу “чи буу наадах чинь би хөлсөлж авч яваа машин байгаа юм” гээд Болдбаяртай маргалдаад байсан. Тэгсэн Болдбаяр нь ч гэсэн “наадах чинь миний найз, би сууж явна” гэх мэтээр маргалдсан. Тэгж маргалдаад удаагүй тэр хоёр барьцалдаад зодолдох шиг болсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,

 

-Гэрч Т.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхрийгөө “одоо болио энэ хүнтэй маргалдаад яахав, наадах чинь Төмөрлөгийн нэг архичин л байна шүү дээ, зүгээр орхичих оо” гээд зогсож байсан. Харин сууж явсан таксины харалдаа Агваансүрэн болон түүний эхнэр 2 зогсож байсан бөгөөд Агваансүрэнгийн эхнэр нь Агваансүрэнг хориглоод байж байсан. Харин Болдбаяр нь манай нөхөр, Агваансүрэн хоёртой маргалдаж байгаад нэг мэдсэн чинь гартаа архины шил барьчихсан явж байсан. Тэгээд Агваансүрэнгийн толгойг хагалчихсан гээд Агваансүрэн цусаа гойжуулчихсан нөхөр бид хоёрын ард зогсож байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19/,

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ч.Б-т яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хавтаст хэргийн 22-23/,

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Б.А-д яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хавтаст хэргийн 33-34/,

 

-“…Б.А-гийн биед духанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36/,

 

-Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 86/,

-Хохирогч Б.А-гийн гаргасан “нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 87/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын вокзалын авто машины зогсоол дээр иргэн Б.А-гийн эрх чөлөөнд халдаж, архины шилээр толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь”духанд шарх бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 35-36/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Б.А- нь “шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 87/ өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Ч.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэрийн амьдралын нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд сард 90000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ч.Б-т анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ч.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ч.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ч.Б-т үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ч.Б-т анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ