Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 115

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Г.Д- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овогт Ганхуягийн Даваасамбууд холбогдох эрүүгийн 2018001060078 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г.Д 1993 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Д- нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багаас тус сумын 8 дугаар багт байрлах “Будда таун” хотхон руу 8190ДАХ улсын дугаартай тоёота приус маркын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ эрхлэн явж байхдаа тус таксигаар үйлчлүүлэн буухдаа мартаж орхисон Л.С-гийн хувай 7 маркын гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр :

 

-Шүүгдэгч Г.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 9 дүгээр сард такси үйлчилгээний ажил эрхэлж байсан. Нэг өдөр шалавчаа цэвэрлэж байгаад гар утас олсон. Тухайн үед хэний гар утас гэдгийг мэдэхгүй байсан болохоор кодыг нь тайлаад ашигласан. Тэгээд цагдаагийн газар дуудагдсан.

...Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Хамгийн багаар торгох ял оногдуулж өгөөч.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт Э.О-ээс гаргасан өргөдөл / хавтаст хэргийн 3/,

 

-“867555043699860 дугаартай имей кодыг Скайтел компани руу ямар дугаар ашиглагдсан талаар мэдээлэл авахад 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 90666296 дугаарын утас орсон байсныг тэмдэглэв.” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,

-Хохирогч Л.С-гийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Мобиком” ХХК-иас “хувай вай 7” маркын гар утас 699000 төгрөгөөр зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хавтаст хэргийн 8/,

 

-Шүүгдэгч Г.Д-гаас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “хувай вай 7” маркын гар утас хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11/,

-Хохирогч Л.С-д “хувай вай 7” маркын гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-13/,

-“Танай албан хүсэлтийн дагуу 867555043699860  имей кодыг шалгахад 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 90666296 дугаар бүртгэгдсэн байна.” гэх “Скайтел” ХХК-ны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 20/1813 дугаартай тодорхойлолт / хавтаст хэргийн 14/,

 

-Хохирогч Л.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...төв зам дээрээс таксинд сууж өөрийн гэр болох Дархан сумын 8 дугаар баг “Будда таун”-ы урд бууж гэр лүүгээ орсон байдаг юм. Тэгээд би гэртээ ороод өөрийн “хувай вай 7” маркын гар утсаа үзэхэд миний гар утас байхгүй болсон байсан юм. Тэгээд би учраа олохгүй байж байгаад цагдаагийн газар хандсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 16-17/,

 

-Гэрч Э.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дархан сумын Өргөө багт байрлах Өнгөт хороололд манай нөхрийн ажлын ах гэх Батдэлгэрийнд архи уусан ба өдөр 13 цагийн орчим гэртээ орж ирсэн. Манай нөхөр гэртээ ирэхдээ согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэсэн байсан ба ирэхдээ өөрийн “хувай вай 7” маркын гар утсаа гээчихсэн байсан.

...имей код нь 867555043699860” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,

 

-Гэрч Д.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тухайн газраас 90666296, 90667571 дугааруудыг авсан. Би өөртөө 90667571 дугаарыг авч, ахдаа 90666296 дугаарыг өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үеийн үнэ цэнэ нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 600000 төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хавтаст хэргийн 26-27/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.Д- нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын “Өргөө багаас тус сумын 8 дугаар багт байрлах “Будда таун” хотхон руу 8190ДАХ улсын дугаартай тоёота приус маркын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ эрхлэн явж байхдаа тус таксигаар үйлчлүүлэн буухдаа мартаж орхисон Л.С-гийн хувай вай 7 маркын гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 600000 төгрөгийн хохирол үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Г.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.С-д 600000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Капитал зууч” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлангаар /хавтаст хэргийн 26-27/, гар утсыг биет байдлаар хохирогч Л.С-д хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хавтаст хэргийн 12-13/ тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Д-гаас шийтгэх тогтоол гарах үед гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Д- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Д- нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Д-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 600000 /зургаан зуун  мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Г.Д-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Г.Д-д анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ