Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 131/2017/00692/И |
Дугаар | 001/ХТ2018/00933 |
Огноо | 2018-06-12 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2018/00933
А.Х-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2017/00932 дугаар шийдвэр,
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр магадлалтай,
А.Х-ын нэхэмжлэлтэй,
Б.Т, Т.Д нарт холбогдох,
Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч А.Х-, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Х, хариуцагч түний өмгөөлөгч Б.Т, П.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний нөхөр Я.Сономдорж нь 2015 онд зуурдаар нас барсан. Тэрээр амьд сэрүүн байхдаа 2013 оны 08 сарын 19-ний өдөр Төмөр гэх хүнээс 20.000.000 төгрөг зээлсэн гэсэн. Би нөхрийнхөө ажил төрөлд оролцдоггүй, ямар учраас яах гэж авсан мөнгө болохыг мэдэхгүй. Би 3 жилийн хугацаанд 2015 оны 06 сард 4.000.000 төгрөг бэлнээр, 2017 оны 06 сард 10.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. 2017 оны 09 сарын 04-ний өдөр Төмөр ирж Зээлийн гэрээн дээр үсэг зур тэгэхгүй бол шүүхэд хандана, Амгаланбаярыг өрөөнд нь дуудсан байгаа гэхэд нь би үлдэгдэл мөнгийг төлнө гэхэд тэр хамаагүй гарын үсэг зур гэхээр нь 5.000.000 төгрөг үлдсэн гэхэд 18.000.000 төгрөг үлдсэн гэж хэлээд зээлийн гэрээн дээр хүчээр гарын үсэг зуруулах гээд тулгахаар нь би яаж ч чадаагүй. Би Төмөр гэх хүнээс ямар ч мөнгө аваагүй тул уг Зээлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Х нь 2013 оны 08 сарын 25-ны өдөр надаас мөнгөний хэрэг гарлаа яаралтай мөнгө хэрэг байна гэж гуйсаар байгаад 20.000.000 төгрөгийг 2 хувийн хүү төлнө гэж хэлээд бэлнээр авсан. Ингээд хүүд нь 2014 оны 07 сард 4.000.000 төгрөгийг өгөөд анх зээлж авсан 20.000.000 төгрөгөө 2015 онд төлөхөөр болсон. А.Х-ын нөхөр нь энэ асуудалд огт оролцоогүй. Би түүнтэй гэрээ байгуулахдаа нэхэмжлэлд дурдсан шиг загнаж зандарч шахсан, хүчээр гэрээ хийсэн асуудал байхгүй гэжээ.
Хариуцагч Т.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: А.Х нь 2013 оны 08 сарын 20-нд манай аав Төмөрөөс 20 сая төгрөг жилийн 2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Ингээд 2014 оны 07 сард 4.000.000 төгрөг хүү гэж өгөөд 2016 онд 1.000.000 төгрөг, мөн 2017 онд 10.000.000 төгрөг өгсөн. Тэгээд 2017 оны 09 сарын 04-нд дахин зээлийн гэрээ байгуулж үлдсэн 18.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон гэжээ.
Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2017/00932 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Х-, хариуцагч Б.Т, Т.Д нарын хооронд хийгдсэн 2017 оны 09 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177.750 төгрөгийг, хариуцагч Б.Т, Т.Д нараас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Х-д олгож шийдвэрлэжээ.
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр магадлалаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2017/00932 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Х, хариуцагч Б.Т, Т.Д нарын хооронд хийгдсэн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай..” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч А.Х, хариуцагч Б.Т, Т.Д нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч А.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..” гэж, 2 дугаар заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177.750 төгрөгийг, хариуцагч Б.Т, Т.Д нараас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Х-д олгосугай..” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Х-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй..” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар өмгөөлөгч П.Өлзийбаяраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж П.Өлзийбаярт олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч А.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие талийгаач нөхрийнхөө машин авахаар зээлж авсан өрийг хоол хийж заран чадахаараа барагдуулж хохиролгүй болохоор зүтгэж явна. Гэтэл Б.Т- надад нөхөр чинь үхсэн, одоо чи миний мөнгийг төлж барагдуулах нотлох баримт байхгүй болохоор чи надад мөнгө авсан нь үнэн одоо өгнө гэсэн утгатай юм бичиж өг гэж загнаад би айгаад бичиж өгсөн. Үүнээс хойш би өрнөөс салах гэж олсон мөнгөө өгч нийт 15.000.000 төгрөгийг өгсөн. Уг нь манай нөхөр, Б.Т- нар хооронд мөнгө өгсөн авсан баримтгүй, гэрээ байхгүй. Нас барсан нөхрийнхөө өрийг төлөөд байхад яагаад дахиад 18.000.000 төгрөг авна гэж айлгаж загнаад байгааг ойлгомоор байна. Надад дахиад өр дарах ямар ч боломж алга, бие сэтгэл минь хүрэхгүй 4 өнчин хүүхдээ дахин өнчрүүлмээргүй байна. Б.Т-тэй байгуулсан гэрээ нь түүнд ашигтай, надад хохиролтой байх тул Иргэний хуулийг зөрчсөн гэж үзэж магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх нь “Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байна” гэж үзжээ. Гэтэл маргаан бүхий гэрээгээр мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үйлдэл хийгээгүй атлаа гэрээний 2.1-д 18,000,000 сая төгрөг өгч, авсан, 3.2-д зээлдүүлэгч мөнгийг зээлдэгч талд гэрээ байгуулсан өдөр бэлнээр өгнө гэх зэргээр 18,000,000 төгрөг бодитой зээлсэн мэтээр дүр үзүүлсэн гэрээг хийж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг зөрчсөн нь Иргэний хууль тогтоомжид нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдөр мөнгө зээлэх үйл ажиллагаа явагдахад ямар нэгэн зээлийн гэрээ хийгдээгүй бөгөөд Я.Сономдоржийн төрийн банкны 23060003349 тоот дансанд 20,000,000 төгрөг Б.Т-өөс шилжүүлсэн, уг мөнгийг Я.Сономдорж зарцуулсан , Я.Сономдорж нь 2015 онд нас барсан бүхий бодит байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан тул гэр бүлийн гишүүд хамтран үүрэг хүлээх үүднээс А.Х- нь 15,000,000 төгрөгийг Б.Т-т төлж өгсөн байна. Иймээс Я.Сономдорж нь зээлсэн мөнгөний хүү алдангийг хариуцах ёстой болохоос, гэр бүлийн гишүүд хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Иймд Баянхонгор аймгийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч Б.Т, Т.Д нарт холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
Зохигчийн хооронд 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас 18.000.000 төгрөгийг хүүгүй 2018 оны 6 дугаар сарын 15-ний өдөр хүртэл хугацаагаар зээлэхээр тохирсон ба хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.3 хувийн алданги төлөхөөр гэрээнд тусгажээ /хэргийн 3 дах тал/.
Нэхэмжлэгч дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргахдаа “...18.000.000 төгрөг аваагүй, дүр үзүүлэн хийсэн” гэсэн үндэслэл заасан, хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...20.000.000 төгрөгийг хүүтэй зээлж 15.000.000 төгрөг төлсөн, үлдэх 18.000.000 төгрөгийг төлөөгүй тул гэрээ байгуулж баталгаажуулсан” гэсэн тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...нөхөр Я.Сономдорж 2015 онд нас барсан тэрээр амьд сэрүүн байхдаа хариуцагч Б.Т-өөс 2014 онд 20.000.000 төгрөг зээлсэн...” талаар дурдаад дээрх зээлийн төлбөрт 15.000.000 төгрөг төлсөн гэснийг хариуцагч үгүйсгээгүй байна.
Харин 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргажээ.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн гэж дүгнэн нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.2. дах заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэх үндэслэл болдоггүйгээс гадна талуудын хүсэлтээс үл хамааран хүчин төгөлдөр бус байдаг тул анхан шатны шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иргэд хоорондоо мөнгө зээлдүүлэх, зээлэхийг хуулиар хориглоогүй бөгөөд зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т заасан, хариуцагч нь 18.000.000 төгрөг зээлдүүлэх, нэхэмжлэгч уг мөнгийг тогтоосон хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохирч зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1., 8 дугаар зүйлийн 8.1.-д зааснаар үүрэг үүснэ. Талууд зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул хариуцагч гэрээнд заасан мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй болно.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний үүрэг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийг хэвээр үлдээх талаар гаргасан нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1. дэх заалтын “...281 дүгээр зүйлийн 281.1” гэснийг “...56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ