Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 125/2020/0019/з |
Дугаар | 221/МА2021/0425 |
Огноо | 2021-08-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2021/0425
Б.Г-ийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар шийдвэртэй, Б.Г-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр буюу амралтын өдөр 11 цаг 50 минутад 88432001 дугаарын утсаар Ч.Э гэх хүн Б.Г-ийг дуудсан байх бөгөөд Б.Г нь амралтын өдөр байна, ажлын өдөр надтай яриарай гэж хэлээд утсаа тасалсан байдаг. Гэтэл сонсох ажиллагаа хийхээр төлөвлөсөн өдрөө Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/37 дугаар тушаалыг гаргасан. Сонсох ажиллагаа хийхээсээ өмнө тушаал төлөвлөсөн нь гэрч Ч.Э-ын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.3.1, 27.4, 27.4.1-27.4.7, 27.5-д заасан сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б.Г-ийг Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд томилсон Б/30 дугаар тушаал гаргасан талаараа мэдэгдээгүй, нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажлаа түр орлон гүйцэтгэж буй Б.Даваадоржоос хүлээн аваагүй, ажил хүлээлцээгүй байхад ажлаа хүлээн аваагүй, албан үүргээ гүйцэтгэлгүй 21 хоносон гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус юм.
Ажлыг хэзээ, хэрхэн яаж, хэн хүлээлцүүлэх талаар зааж өгөөгүй, ажил хүлээлцэх комисс томилсон байх ёстой ч комисс томилоогүй бөгөөд хэрэв комисс томилогдсон бол Б.Г-өөс ямар ажил яаж хүлээн авсан талаар акт үйлдсэн байх ёстой. Эдгээр нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй байгаа учир ажил хүлээлцсэн гэж үзэх боломжгүй бөгөөд өнөөдрийг хүртэл ажил хүлээлцээгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4.4, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг зөрчсөн байна.
Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй хэргийг хэтэрхий нэг талыг барьж хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцээд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Б.Г нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/37 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Б.Г-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн томилогдсон өдрөөс хойш өөрөө ирж ажлаа хүлээж аваагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ гүйцэтгээгүй, ажил тасалсан болох нь баримтаар нотлогдож байх бөгөөд энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна” гэх дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2020 ны 05 дугаар сарын 25-ны өдөр Б/37 дугаар тушаалаар чөлөөний хугацаа дуусч ажил албан тушаалдаа орохоор хүсэлтээ ирүүлсэн Б.Г-ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б/30 дугаар тушаалаар буцаан томилж ажлаа хүлээн авахыг өөрт нь удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа хүлээн авахгүй, албан үүргээ биелүүлээгүй 21 хоносон гэх үндэслэлээр албан тушаалаас нь халах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон давж заалдах гомдолдоо “ажил хүлээлгэж өгөөгүй, хүлээж аваагүй байхад албан үүргээ биелүүлээгүй 21 хоносон гэж буруутгасан нь үндэслэлгүй” гэж дурдсан байх бөгөөд Б.Г-ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон тушаалыг хариуцагч 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан, үүнийг нэхэмжлэгч мэдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх тул Б.Г-ийн ажлаа хүлээн авч, хууль, тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйг зөвтгөх үндэслэлгүй.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “48.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.З-д “төрийн албанаас халах;” гэж тус тус заасан байх бөгөөд анхан шатны шүүхийн нэхэмжлэгч өөрөө ирж ажлаа хүлээж аваагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ гүйцэтгээгүй, ажил тасалсан нь төрийн жинхэнэ албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг явуулах, арга хэлбэр, үндэслэлийг хуульчилсан байх бөгөөд уг хуулийн зохицуулалт нь энэ хэрэгт хариуцагчийн зүгээс Б.Г-ийн гаргасан гэх зөрчлийн шинж байдлыг тогтоох, холбогдох этгээд уг зөрчлийг няцаах баримт, үндэслэлээ гаргах боломжийг олгоход орших ба нэхэмжлэгч ажлаа хүлээн аваагүй, 21 хоног ажлаа тасалсан нь дээрх байдлаар тогтоогдсон, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж маргаагүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “сонсох ажиллагаа хийхээс өмнө Б.Г-ийг халах тушаалыг төлөвлөсөн нь хууль бус” гэж давж заалдах гомдолдоо дурдсан ба хариуцагчаас түүний гаргасан зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг оногдуулахаар төлөвлөж, нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдэж, маргаан бүхий тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэлтэй байх зарчимд нийцжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР