Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 48

 

                                             Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                  хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

     Нэхэмжлэгч: Увс аймаг Улаангом сумын 3 дугаар баг 30-03 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эрэгтэй, ХЛ61052018 регистрийн дугаартай, Таргууд овогт Гүржавын Ганболдын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д холбогдох,

      Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Г.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Таргууд овогт Гүржавын Ганболд миний бие 1961 онд Улаангом суманд төрсөн, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1976 оноос одоог хүртэл улсад тасралтгүй 35 жил, үүнээс эрчим хүчний салбарт 22 жил ажилласан. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д дэд захирлаар ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дэд захирлын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие 1985-1990 онд Политехникийн дээд сургуулийг Цахилгаан станц, шугам сүлжээ, системийн инженер мэргэжлээр сурч төгссөнөөс хойш энэ салбарт 22 жил бүтээлчээр ажиллаж байнга албан тушаал дэвшиж ажиллаж байсан. Анх 1990 оны 7 дугаар сард дизель станцад цахилгаанчнаар орж ажиллаад 1991 оны 1 дүгээр сард диспичер инженер, 1991 оны 5 дугаар сард Шугам сүлжээний цехэд цахилгааны инженер, 1993 оноос ерөнхий инженерээр ажиллаж байгаад 1995 онд ББЭХС анх байгуулагдахад шугам сүлжээний инженер, 1997 оноос Увс ЦШСГ-ын даргаар, 2007 оноос борлуулалт хариуцсан дэд захирал, 2009 оноос диспечирийн албаны дарга, 2012 оноос ББЭХС ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байлаа. Ажиллах хугацаандаа өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор суралцан 1998 онд Техникийн ухааны магистр, 1998 онд ТЗУХ институтэд Бизнессийн удирдлагаар мэргэжил дээшлүүлж, 2009 онд “Гэрэлтүүлэг, цахилгаан хөдөлгүүрийн нам хүчдэлийн хамгаалалт” сэдвээр багшлах эрх, 2010 онд Монгол Улсын “Мэргэшсэн инженер”, 2016 онд “Зөвлөх инженер” зэргийг хамгаалсан. Энэ хугацаанд төр засгаас ажил хөдөлмөрийг минь үнэлж 2000 онд “Эрчим хүчний тэргүүний ажилтан”, 2011 онд “Ардын хувьсгал-90” хүндэт тэмдэг  2012 онд “МҮЭ-ийн хүндэт тэмдэг”, 2012 онд Эрчим хүчний салбарын “90 жилийн ойн хүндэт тэмдэг”, 2015 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан. Гэтэл ББЭХС ТӨХК-ийн ТУЗ-ын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 07 тоот тогтоолоор бүтэц орон тоог шинэчлэн баталж өмнө байсан 126 орон тоог өргөжүүлж 142 болгохдоо ганц дэд захирлын орон тоог хассан байна. Үүнийг үндэслэл болгон намайг ажлаас чөлөөллөө. Би энэ салбарт тос шороотой цахилгаанчин, засварчнаас эхлээд дарга хүртэл албан тушаал хашиж байсан бөгөөд Р.Нямтуул захиралд би заавал дэд захирал хийнэ гэж хэлэхгүй, энэ салбарт олон жил ажилласан тэтгэвэрт гарах дөхөж байгаа энэ үед миний мэдлэг боловсролд таарах ажил өгөөч гэж олон удаа гуйж хүссэн боловч “Би тантай хамтарч ажиллахгүй” гэсэн ганц үгийг хэлж өрөөндөө оруулахаа байсан. Баруун бүсэд эрчим хүчний чиглэлээр Монгол Улсын зөвлөх инженөр 2 байдгийн нэг нь би, аймагтаа техникийн ухааны магистр нь мөн ганц би байдаг. Би өөрийгөө жирийн инженер хийгээд явах бүрэн боломжтой гэж боддог гэтэл шинээр батлагдсан орон тоон дээр инженерийн орон тоо гараад байхад гаднаас хүн аваад надад ажил өгөхгүй байна. Шинээр авч байгаа хүн дотор нь намайг гүйцэх боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай хүн байна уу гэвэл үгүй, намайг яагаад ажил хийлгэж болохгүй байгаа талаараа ямар ч тайлбар хийгээгүй энэ нь намайг ямар ч үндэсгүйгээр ялгаварлан гадуурхаж байгаа явдал юм. Энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2, Хүний эрхийн түгээмэл тунхаглалийн 23 дугаар зүйл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай 122 дугаар конвенц, Алагчлахгүй байх 111 дүгээр конвенц, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай 88 дугаар конвенц, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд намайг “ББЭХС” ТӨХК-д өөрийн мэдлэг боловсрол, дадлага туршлагад тохирох /шинээр бий болсон энэ байгууллагад ажиллаж байгаагүй хүн томилогдсон / Захиргаа аж ахуйн албаны даргаар томилуулж өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгч Г.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Р.Нямтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл нар 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Миний бие Г.Ганболд нь “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д холбогдуулан тус байгууллагын Захиргаа аж ахуйн албаны даргын албан тушаалд томилуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид харилцан тохиролцож Г.Ганболдыг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн охин компани болох “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д сум хариуцсан инженерийн албан тушаалд томилохоор, хариуцагч  “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Р.Нямтуул нь 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн дотор тушаал гаргаж авахаар эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

    Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Г.Ганболд нь хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Нэхэмжлэгч Г.Ганболд, хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК /захирал Р.Нямтуул/ нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК /захирал Р.Нямтуул/ нь нэхэмжлэгч Г.Ганболдыг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн охин компани болох “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д сум хариуцсан инженерийн албан тушаалд томилохоор тохиролцсон болох нь нэхэмжлэгч Г.Ганболд, хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Р.Нямтуул нарын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иас 35.100 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Нэхэмжлэгч Г.Ганболд, хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК /захирал Р.Нямтуул/ нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь Г.Ганболдыг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн охин компани болох “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д сум хариуцсан инженерийн албан тушаалд томилохоор зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иас 35.100 /гучин таван мянга нэг зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

     3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР