| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0108/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 116
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Т.Т- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т-д холбогдох эрүүгийн 2018000080058 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.Т 1979 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Т- нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 01 дүгээр багийн Партизаны *****тоотод иргэн Д.Д-ийн эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, духны шарх, нүүрний цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Т.Т-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Д.Д- манай гэрт согтуу орж ирсэн. Тэр үед гэрт манай 3 хүүхэд байсан. Тэгээд ууж байсан тал шил архиа хувааж ууж байсан. Би тараг ууж байсан чинь Д.Д- надтай маргалдаад “гөлөг минь” гээд миний таргийг цохиод асгахаар нь би зөрүүлж алгадаад, ширээн дээр байсан архины шилийг аваад толгой руу нь нэг удаа цохисон.
...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 3-7/,
-0.5 литр хэмжээтэй “Түмний хишиг” нэртэй архины шил 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 8/,
-Хохирогч Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн орчимд Ерөөгөөс ирсэн. Ирэх замдаа цуг явсан малчинтайгаа архи уусан. Тэгээд 16 цагийн орчимд *****гийнд очоод юм ярьж сууж байгаад 0.75 литртэй архи *****, Наранцэцэг, Нанай нарын хамт уусан. Тэгээд би *****той маргалдаад би санаандгүй тараг асгасан чинь ***** намайг тараг асгалаа гээд миний толгой руу архины шилээр нэг удаа цохисон. Тэр үед архины шил бол хагараагүй, харин миний толгойноос цус гарахаар нь би эмнэлэг орж, оёдол тавиулсан.
...нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/,
-Гэрч Д.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гаднаас нэг танихгүй эмэгтэй цагдаатай ороод ирэхээр нь би нөхрийгөө сэрээсэн.
...тэр эмэгтэй Т.Т архины шилээр цохисон гэж яриад байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,
-Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...оройны 20 цаг өнгөрчихсөн, цагдаа нар ороод ирчихсэн байж байсан. Тухайн үед би юу болоод байгааг ойлгоогүй. Тэгсэн дараа нь Хэнзээ надад “Т.Т нь Д.Д- гээд таньдаг эмэгтэйг архины шилээр цохисон байна лээ.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/,
-Д.Д-ийн биед тархи доргилт, духны шарх, нүүрний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Д-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 16-17/,
-Д.Д-т яаралтай тусламж үзүүлсэн эмнэлгийн хуудас /хавтаст хэргийн 18-19/,
-Д.Д-ийн согтуурал 0.67 хувь гарсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 31/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Т.Т- нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 01 дүгээр багийн Партизаны *****тоотод иргэн Д.Д-ийн эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, духны шарх, нүүрний цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлтээр / хавтаст хэргийн 16-17/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Т.Т-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Д.Д- нь шүүгдэгчид “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг өгсөн /хавтаст хэргийн 10/ байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.Т- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Т.Т- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн санал, шүүгдэгч нь ямар нэгэн ажил эрхэлж орлого олдоггүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 240 цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам, талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.5 литрийн хэмжээтэй “Түмний хишиг” архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Т.Т-д өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 240 цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам, талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Т- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Т-од анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.5 литрийн хэмжээтэй “Түмний хишиг” архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ