| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00878/И |
| Дугаар | 51 |
| Огноо | 2017-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 51
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 20-04 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЮ62112435, Засаг овогт Нацагдоржийн Хөхөөгийн нас тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Хөхөө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Хөхөө шүүхэд болон шүүх нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1961 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрж ээж Онигдоогоор овоглосон байсан. Ээж минь намайг багад Засаг овогтой Нацагдоржтой гэр бүл болж улмаар намайг Нацагдоржоор овоглон сургуульд оруулахдаа 1 жил хойшилсон болохоор насыг минь дарж бүртгүүлснээс миний иргэний үнэмлэхний төрсөн он буруу бичигдэн 1962 онд төрснөөр олгогдсон байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох жинхэнэ нас болж байгаа тул 1961 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн болохоо тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1961 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Хөхөө 1961 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:
1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаанд Увс аймгийн Өмнөговь сумын төрөлтийн бүртгэлд 7-рт Онигодой овогтой Хөхөө 1961 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн гэж бүртгэгдсэн талаар лавлагаа ирүүлжээ,
2. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн Төрөлт бүртгэл гараагзй тухай лавлагаа-Б-д: “Увс аймгийн Өмнөговь сумын 1962 онд Нацагдорж овогтой Хөхөө гэсэн төрөлт бүртгэгдээгүй” гэжээ,
3. Засаг овогт Нацагдоржийн Хөхөөгийн иргэний үнэмлэхний хуулбар,
4. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн тодорхойлолт,
5. Нацагдоржийн Хөхөөгийн хүн амын регистрийн картад эцэг Эрдэнэ Нацагдорж, эх Сүрэн Онигдоо гэж бичигджээ,
6. Сүрэнгийн Онигодойгийн иргэний паспортын хуулбар,
7. Гэрч Б.Лийлаагийн шүүхэд өгсөн: “Н.Хөхөө 1961 онд төрсөн болохыг би түүний ээж Онигодойгоос сонсож байсан. 1964-1965 оны үед Онигодой нь миний төрсөн ах Нацагдоржтой гэр бүл болсон юм. Тухайн үед Хөхөө гэх хүүгээ дагуулж ирсэн бөгөөд Хөхөө 3-4 орчим насны хүүхэд байлаа. Тэгэхэд Онигодой Өмнөговь сумаас бэр болж манай Түргэн суманд ирсэн юм. Н.Хөхөө нь эхээс 6-уулаа бөгөөд яг доод талынх нь дүү Баянмөнх нь түүнээс 3-4 насаар дүү байх. Учир нь Н.Хөхөөг анх ээжийгээ дагаж манайд ирэхдээ 3-4 орчим настай байсан. Түүнээс хойш түүний ээж Онигодой нь 5 хүүхэд төрүүлсэн, өөрөө хэлбэр Н.Хөхөө айлын хамгийн том хүүхэд юм” гэх мэдүүлэг,
8. Гэрч Я.Тэгшжавын шүүхэд өгсөн: “Н.Хөхөө 1961 онд төрсөн болохыг би сайн мэднэ. Учир нь түүний ээжтэй гэр бүл болсон Нацагдорж нь миний эхнэрийн төрсөн ах бөгөөд Нацагдорж нь Түргэн сумын уугуул, би дүүтэй нь үерхдэг байсан учраас тэднийхээр их орж гардаг хүүхэд байлаа. Намайг 23-24 настай Улааныбаатар хотоос сургуулиас төгсөөд ирэхэд Н.Хөхөөгийн ээж Онигодой нь Нацагдоржтой гэр бүл болоод ирчихсэн, тэднийх Н.Хөхөө, Н.Баянмөнх гэх хоёр хүүхэдтэй айл байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Н.Хөхөө нь Увс аймгийн Өмнөговь суманд Онигодойгийн гэр бүлд 1961 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Увс аймгийн Өмнөговь сумын төрөлтийн бүртгэлд 7-рт Онигодой овогтой Хөхөө 1961 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн” гэж бүртгэгдсэн лавлагаа, Б.Лийлаа, Я.Тэгшжав нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
С.Онигодой, Э.Нацагдорж нар нь эхнэр нөхөр болох нь хэрэгт авагдсан Нацагдоржийн Хөхөөгийн хүн амын регистрийн карт, С.Онигодойгийн иргэний паспортын гэрлэлтийн байдал хэсэгт нөхөр Эрдэнийн Нацагдорж, 1940 онд төрсөн, 1968 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрлэсэн гэж бичигдсэн байдлаар тогтоогджээ.
Иймд нэхэмжлэгч Засаг овогт Нацагдоржийн Хөхөөг 1961 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрснөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Хөхөөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Засаг овогт Нацагдоржийн Хөхөөг 1961 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Хөхөөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР