| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0052/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 140
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Хохирогч Л.С,
Гэрч Т.М, А.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч М.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Өд холбогдох эрүүгийн 1918007720582 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт М.Ө /РД: /, 1977 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжилтэй, багш ажилтай, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Ө нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... дугаар цэцэрлэгт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Л.Сийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун гарын 3 дугаар хурууны 2 дугаар үеийн холбоосны гэмтэл, зүүн сарвуу, баруун гуя, шагайнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч М.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ангидаа Т.М багшийн хамт сургалтын хөтөлбөрөө бичиж, Л.С нь угаалгын өрөө цэвэрлэж байсан. Л.С нь цэвэрлэгээ хийгээд удаад байсан тул хойноос нь ороход суултуурын хагархай таглаа газарт хэвтэж байсан. Тэгээд би Л.Ст “үүнээс чинь болоод хүүхдүүд гэмтвэл яах юм бэ? хаяхгүй яасан юм бэ?” гээд хэлсэн чинь “данс тооцоо, бүртгэлтэй байх гэж бодсон, та өөрөө хаячихгүй яасан юм бэ?” гээд уурлаад байсан. Ажил үүргийн хуваарийн дагуу туслах багш цэвэрлэгээг хариуцдаг бөгөөд 1 дэх өдөр нь мэргэжлийн хяналтын шалгалт цэцэрлэг дээр ирэх гэж байсан учир цэвэрлэгээгээ сайн хий гэж зүй ёсны шаардлага тавихад өөдөөс доромжлонгуй байдлаар надтай харьцаад “би явлаа, маргааш ирээд цэвэрлэгээгээ хийнэ” гэхээр нь “чи хэдэн цэгт ирэх вэ? цуг ирээд хийчихье” гэхэд Л.С “чамд ямар хамаатай юм” гээд хэрэлдээд байсан. Тэгвэл эрхлэгчид харуулаад яв гээд эрхлэгчийг дуудах гэсэн чинь Л.С холд гээд миний гар луу нэг удаа цохиод, эрхлэгч рүү өөрөө залгаж дуудсан ч эрхлэгч ирээгүй. Тэгээд бидний хооронд маргаан болоод Л.С бүх юмаа шидлээд, бид хоёрын харааны шил газар унаад би шилийг нь авч өгсөн. Тэгээд би Л.Сийг байж бай гээд гараас нь бариад жижүүр А.Г ахыг дуудахад эрхлэгч хамт ирээд ажлыг нь харчихаад Л.С явсан. Миний хувьд Л.Сийг зодсон зүйл байхгүй. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Л.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд намайг угаалгын өрөөнд цэвэрлэгээ хийж байх үед М.Ө багш орж ирээд “ямар удаан цэвэрлэдэг юм бэ?, энэ суултуурын таглааг хаяхгүй яасан юм бэ?” гээд уурлаад байхаар нь “данс, тооцоо бүртгэлтэй юм байх гэж бодоод хаяагүй юм. Цэвэрлэгээгээ маргааш ирээд хийе” гээд хувцсаа өмсөх гэж байтал Ө багш намайг явуулахгүй гээд цонх руу түлхсэн. Би “яагаад та надад хүрээд байгаа юм бэ?” гэсэн чинь “чамд хүрэхээр яадаг юм бэ? чи дандаа хүний урдаас хэрүүл хийдэг” гээд хоёр гартаа барьж байсан савтай сүүгээ газарт унагаагаад миний гар луу цохисон. Тэгээд хажуугаар нь зөрөөд гарах гэтэл үснээс зулгаасан. Тэгээд эргэж харах үед миний харааны шил, гар утсыг унагаасан. М.Ө багш ангиас гүйж гараад хаалга гадна талаас нь хаахад миний хөл хавчуулагдсан. Би эрхлэгч рүү залгаж дуудаад болсон явдлыг хэлэхэд намайг явуулсан. М.Ө багш бид хоёр барьцалдах үед миний баруун гарын дунд хуруунаас бариад, дээш нь тулгасан. Одоо баруун гараа бүрэн атгаж чадахгүй байгаа. Шүүгдэгч хаалганы цаанаас түлхэх үед миний хөл хавчуулагдан хөхрөлт үүссэн. Шүүгдэгчээс харааны шилний үнэ 100.000 төгрөг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасагт үзүүлсэн шүүх сэтгэцийн үзлэгийн төлбөр 60.000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр 8.000 төгрөг, нийт 168.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Миний хувьд М.Ө багштай таарамжгүй харилцаатай байсны улмаас ажлаасаа гарсан, гомдолтой байна.” гэх мэдүүлэг,
-Гэрч Т.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би М.Ө багштай хамт тэдний ангид бага бүлгийн сургалтын төлөвлөгөө боловсруулаад, Л.С багш цэвэрлэгээ хийж байсан. М.Ө багш угаалгын өрөө ороод цэвэрлэгээг шалган Л.С багшид ажил үүрэгтэй нь холбогдуулан шаардлага тавихад “яриад бай, яриад бай, та угаасаа дандаа ингэдэг” гэх зэргээр хэрүүлийн шинжтэй харьцаж байсан. М.Ө, Л.С хоёр ангийн үүдэнд байсан. Ө, С нарын “би явлаа, даргыг дууд” гэх зэрэг үг сонсогдсон. Намайг очиход зодолдсон зүйл байхгүй байсан.” гэх мэдүүлэг,
-Гэрч А.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ө, С нар ангийнхаа үүдэнд нэг нэгнийхээ гараас барилцсан байсан. Би “болиоч” гэж хэлээд ажлын байр луугаа явсан. Тэдний хооронд маргалдаж, зодоон болсон талаар би мэдэхгүй, хараагүй. Намайг харахад Ө нь Сийг зодсон зүйл болоогүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,
-Хохирогч Л.Сийн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3/,
-Хохирогч Л.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд би цэвэрлэгээгээ хийж байгаад 20:00 цаг өнгөрч байхаар нь харих гээд хувцсаа өмсөөд гарах гэж байхад Ө багш “хаачих гэж байгаа юм бэ?” гэхээр нь “би одоо харилаа. Үлдсэн юмаа маргааш ирээд цэвэрлэе” гэсэн чинь “үгүй, одоо цэвэрлэ” гээд маргалдсан. Миний баруун гар луу гараараа цохихоор нь “та яагаад хүн цохиод байгаа юм бэ?” гэхэд “яадаг юм бэ? чамайг цохихоор” гэхэд нь “хүн цохих хуультай байдаг юм шүү” гэсэн чинь “яадаг юм” гээд дахиад миний зүүн гар луу цохиод намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд татсан чинь миний куртикний цахилгааныг татсан. Тэгснээ “би чамайг гаргахгүй гэж байна” гээд хаалга руу гүйж гараад гаднаас нь хаах гэхээр нь би хөл, гараа хавчуулаад мөрөөрөө нэлээн түлхэж байж хаалга онгойлгосон чинь явуулахгүй гээд нүүр лүү самардаад нүдний шилийг унагаасан. Тэгэхээр нь би “нүдний шил унагаачихлаа, би явмаар байна. Өчигдөр бас 12 цаг хүртэл байгаад оройтсон биз дээ? Өнөөдөр эрт харимаар байна” гэхэд миний 2 гарны бүдүүн хэсгээс 2 гараараа барихаар нь би тавиулах гээд зөрүүлээд өөрийнх нь гарны бүдүүн хэсгээс барьсан чинь Ө багшийн гар гулгасаар байгаад миний баруун гарын дунд хуруунаас атгахаар нь “та гар хугаллаа шүү дээ, тавь л даа” гэсэн чинь “яадаг юм чиний гарыг хугалахад” гэхээр нь “өвдөж байна шүү дээ, тавь” гээд гарыг нь тавиулаад “би ерөөсөө эрхлэгчийг дуудлаа” гэхэд өөрөө цаашаа “эрхлэгч ээ” гээд орилоод явсан. Тэгээд эрхлэгч гарч ирээд “яасан юу болсон юм бэ?” гэхээр нь “намайг явуулахгүй байна” гэхэд Өнөдөржаргал багшийг “чи чинь одоо болтол туслах багшаа явуулахгүй, одоо явуул явуул” гэснээ надад “яасан Сараа юмаа хийж дуусаагүй байгаа юм уу?” гэхээр нь би “сандлаа угаагаагүй байгаа, маргааш ирээд цэвэрлэчихнэ” гэсэн чинь “за за” гээд намайг явуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8/,
-Гэрч А.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...19 цагийн орчимд гарчихаад ороод ирэхэд 1 давхарт байдаг бага бүлгийн ахлах багш Ө туслах багш Стэй үүдэнд маргалдаад С гарах гээд Ө багшийг түлхчихсэн, Ө багш гаргахгүй гээд гараас бариад түлхсэн байдалтай байж байхаар нь би “боль” гээд салгасан. Тэр үед нэгнийх нь шил унасан гээд юм яриад байсан. Тэгээд би жижүүрийнхээ сандал дээр очоод суусан чинь тэр 2 эрхлэгчийг дуудна гээд орилоод байснаа С удалгүй гараад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9/,
-Гэрч Ч.Гэийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны сүүлээр манай баг охин Ивээлийн багш Ө, туслах багш Стэй маргалдсан гэж сонсогдож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,
-Гэрч Т.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил тараад Ө багшийн ангид бага бүлгийн сургалтын хөтөлбөр компьютер дээр шивж байсан. Тэгсэн чинь Ө багш туслах Сийг “ангиа цэвэрлээч” гэхэд “яриач яриач” гээд хэрүүлийн маягтай харьцсан. Тэгээд тэр 2 маргалдаад байхаар нь “болиоч” гэж хэлчихээд үргэлжлүүлээд юмаа хийж байсан. Тэгээд тэр 2 маргалдаад үүдний хэсэгт очсон. Эрхлэгч ирээд салгаад байх шиг сонсогдож байсан.
...тэр 2 хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ түлхэлцсэн. Тэрнээс бол зодоон цохион хийсэн, нэг нэгнийхээ эрх чөлөөнд халдсан зүйл миний нүдэн дээр лав болоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16/,
-Гэрч О.Эжын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаа хийж байхад 19 цагийн орчимд манаач Г орж ирээд “дарга аа, Ө багш туслах багштайгаа зодолдоод байна шүү дээ.” гэхээр нь гүйгээд очтол ангийнхаа үүдний хаалга дээр С багш гадуур хувцсаа өмсчихсөн гарах гээд Ө гаргахгүй гээд үүд алдлаад зогсчихсон зууралдсан байхаар нь “хүүе ээ, юу болж байгаа юм бэ? болиоч та хоёр” гээд болиулсан.
...С багшийн нүдний шил нь хугараад шалчийсан, “гарны энэ эвгүй болчихлоо” гээд гарынхаа хурууг барьсан байсан. Яг аль гар нь гэдгийг мэдэхгүй байна. Ө бол “намайг цохисон” гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18/,
-Гэрч Н.Эчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С багш ажлаа хүлээлгэж өгч байхдаа надад “Ө багштай маргалдаад маажуулсан, хуруугаа гэмтээсэн” гэж байсан. Аль гар гэдгийг нь мэдэхгүй нэг гарынхаа дунд хурууг боосон байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,
-Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 28/,
-“Л.Сийн биед баруун гарын 3 дугаар хурууны 2 дугаар үеийн холбоосны гэмтэл, зүүн сарвуу, баруун гуя, шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 919 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30/,
-“М.Өын биед зүүн бугалганд шинэ цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 11 дүгээр сарын 07-ны өдрийн 936 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36/,
-Шинжээч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Л.Сийн биед үүссэн гэмтлийн баруун гарын 3 дугаар хурууны 2 дугаар үеийн холбоосны гэмтэл, зүүн сарвуунд үүссэн гэмтэл нь гэмтсэн хэсгийг чанга атгах, мушгих үед буюу ноцолдооны үед үүсэх боломжтой. Харин баруун гуя, шагайнд цус хуралт гэмтэл нь хаалганд буюу ямар нэг зүйлд хүчтэй хавчуулагдах үед үүсэх боломжтой гэмтэл юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 160/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь ... хохирогчийг зодож, цохиогүй тул цагаатгаж өгнө үү... гэж мэтгэлцэж байна.
Гэвч хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... дугаар цэцэрлэгт хохирогч Л.Сийг “ангийн цэвэрлэгээг маргааш үргэлжлүүлж хийнэ” гээд харих гэхэд шүүгдэгч М.Ө нь “явуулахгүй” хэмээн маргалдан хохирогчийг цохисон, үснээс нь зулгаасан, улмаар шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо барилцсан, М.Ө нь ангийн хаалгыг гаднаас нь түлхэхэд Л.С нь ангийн хаалгыг онгойлгох зорилгоор биеэ хавчуулж түлхсэн зэрэг үйл баримтууд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч А.Г, Т.М, Ч.Гэ, О.Эж, Н.Эч нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд баруун гарын 3 дугаар хурууны 2 дугаар үеийн холбоосны гэмтэл, зүүн сарвуу, баруун гуя, шагайнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 919 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч Э.Отгончимэгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа ба хохирогч Л.Сийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...М.Ө багш бид хоёр барьцалдах үед миний баруун гарын дунд хуруунаас бариад, дээш нь тулгасан. Шүүгдэгч хаалганы цаанаас түлхэх үед миний хөл хавчуулагдан хөхрөлт үүссэн.” гэх удаа дараагийн мэдүүлгээр шүүгдэгчийн үйлдэл хангалттай нотлогдож байна.
Хохирогч Л.Сийн биед учирсан “баруун гарын 3 дугаар хурууны 2 дугаар үеийн холбоосны гэмтэл, зүүн сарвуу, баруун гуя, шагайнд цус хуралт” бүхий гэмтлийг шүүгдэгч М.Ө учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч М.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Л.С нь харааны шилний үнэ 100000 төгрөг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасагт үзүүлсэн шүүх сэтгэцийн үзлэгийн төлбөр 60000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр 8000 төгрөг, нийт 168000 төгрөгийг нэхэмжилж байх боловч шүүх сэтгэцийн үзлэгийн төлбөр 60000 төгрөгийг төлсөн тухай Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэц тасгийн тодорхойлолт бүхий баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч М.Өаас 60.000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Ст олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин бусад хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Ө нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.Өд анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт М.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б овогт М.Өд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч М.Өд оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.Өд үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч М.Өд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Өд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ