Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 00010

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 28 өдөр                         Дугаар 142/ШШ2017/00010                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1984 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Баян-Өндөрийн 03 дугаар гудамжны 128 тоотод оршин суух Их хотынхон овгийн Ууганбаярын Мөнхцэцэгийн /регистрийн дугаар ГЭ86082409/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1980 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Баян-Өндөрийн 03 дугаар гудамжны 128 тоотод оршин суух Хамба овгийн Жасранжавын Бат-Эрдэнэд /регистрийн дугаар ИЦ80031016/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, сар бүр банкинд төлдөг 280 000 төгрөгний талыг нь гаргуулахыг хүссэн  иргэний хэргийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч У.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Ууганбаяр овогтой Мөнхцэцэг миний бие нь Жамсранжав овогтой Бат-Эрдэнэтэй 2008 онд гэрлэлтээ батлуулж хамт амьдарсан. 2008 оны 10 сард анхны охин минь төрж, 2012 онд хүү маань төрж ам бүл 4-үүлээ болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг Баянталын 4-А-25 тоотод 8 жил хамт амьдарсан.Одоо 2 хүүхдийн хамт Булган аймаг Булган сумын 6-р багт ээжийндээ 2015 оны 11 сарын 28-наас хойш хамт амьдарч байна.2015 оны 11 сард ээжийн хамт идшиндээ явж ирээд дүүгийн машиныг Булган аймгийн Хялганат тосгон руу хүргэж өгөөд гэртээ ирэхэд Бат-Эрдэнэ унтлагын өрөөнд чирч оруулан учир зүггүй зодсон.Тухайн үед Бат-Эрдэнэ эрүүл байсан. Зодчихоод гараад явсаны дараа 2 хүүхэдээ орхин Булган аймагт ээж дээрээ ирсэн. Гуяны мах тасарсан учраас 2,3 хоног халууран явж чадахгүй халууран гэртээ хэвтсэн. Тэрнээс хойш Орхон аймагт ирж хороололын хэлтэсийн цагдаагийн хэсэг дээр ирж өргөдөл гомдол гаргасан.Байцаагч Ганзориг гэдэг хүн захиргааны арга хэмжээ авсаныг зодуулсаны зурагтай хавсаргалаа. Ганцхан энэ үйлдлээс гадна өмнө нь өчнөөн зодож байсан. 2 хүүхдээ бодон уучилж, зөндөө уучлалт гуйхад нь дагаж ирж байсан. 2 дахь хүүхдээ гэдсэнд байхад цус нөжөө гоожуулаад хөх няц болтлоо зодуулж байсан. Ээжийнх нь дүү Цогтынд хонож байхад согтуу ирж зодож байхад ах нь босож ирж дүүгээ салгаагүй.8 жил хамт амьдрахдаа зодуулж дарамтанд байсан. Одоо энэ хүнтэй дахин хамт амьдарч чадахгүй учир салах өргөдөл гаргаж байна. Согтуу ирж агсам согтуу тавьж эд хогшилоо эвдэн зоддог удаа дараагийн үйлдэл их. Тэр болгонд нь цагдаа дуудаж өгч чаддаггүй байсан. Утас булааж аван эвдэлдэг байсан. Зодох гэхээр зугтаах гэхээр чирч оруулж ирээд унь, галын хайч, модоор нүддэг байсан. Хоолойг чинь хэрчиж ална, үндсээр нь устгаж ална гэж сүрдүүлдэг байсан. Ах дүү нэрийг нь дуудахад хэн нь ч ирдэггүй байсан. Миний ээж л ирж бид 3-ыг авдаг байсан. Одоо салах өргөдөлөө өгч 2 хүүхэддээ тэтгэмж тогтоолгохыг хүсч байна. Сард 280 000 төгрөг төлдөг, тэр банкны мөнгөний талыг нь сар бүр төлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.         

Хариуцагч Ж.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: “Ж.Бат-Эрдэнэ би эхнэр У.Мөнхцэцэгийн гаргасан гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн тэтгэмж тогтоолгох нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Би эхнэр У.Мөнхцэцэгтэйгээ 2007 онд танилцаад 2008 онд охин Б.Жаргалмаа, 2012 онд хүү Б.Жигмид нар төрж элэг бүтэн сайн сайхая амьдарч байсан. Бид 2010 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан юм. Миний эхнэр У.Мөнхцэцэгийн нэхэмжлэлд бичсэнчлэн би түүнийг хамт амьдарсан 9 жилийн хугацаандаа өчнөөн төчнөөн удаа, зөндөө буюу олон удаа зодож дарамталсан зүйл байхгүй ээ. Гэхдээ хааяа гэр бүлийн хүрээнд маргаан үүсч гар хүрч байснаа хүлээн зөвшөөрч байна. Би үүндээ гэмшиж өөртөө дүгнэлт хийж байгаа. Зодсон гэх тохиолдолдоо хутга мэс хэрэглэж байгаагүй, ална тална, үндсээр нь устгана гэх зэргээр сүрдүүлж байсан зүйлгүй ээ. Ганцхан надад буруу байгаагүй, хэн хэндээ л буруу зөрүү зүйл байсан гэж боддог, У.Мөнхцэцэг хэлэх хэлэхгүй үгээр намайг дайрч үгний их алдаа гаргадаг, ах эгч нарыг надтай хамаатуулан тэр хүмүүсийг эргүү, балайгаар нь дууддаг юм. Энэ асуудлыг би огт тоодоггүй, гэр бүлийнхээ хүрээнд л маргалддаг юм. Би бол хэрүүл маргаанаа тэр доороо мартдаг бол, У.Мөнхцэцэг мартахгүй, өмнөх хэрүүлээ сүүлийн хэрүүлдээ оруулж намайг улам л буруутгаж дайрч давшилдаг.Гэхдээ доо эхнэр У.Мөнхцэцэгтэйгээ буцаад сайхан амьдрая гэдгээ хэлсэн, эхнэр маань ч энэ талаар нааштай хандаж байгаа болохоор би дахиж эхнэрээ гомдоохгүйгээр эвтэй, найртай амьдарч чадна гэж бодож байна. 2015 оны 12 дугааар сараас хойш тусдаа амьдрах хугацаанд бага хүү Б.Жигмид надтай хамт амьдарч, би цэцэрлэгт нь хүргэж орой тарахад нь би өдөр бүр авч, асрамж дутаахгүй амьдарч байгаа ба охин Б.Жаргалмаа 2 удаагийн улирлын амралтаараа аав дээрээ амарсан, “аав, ээжтэйгээ хамт амьдрана” гэж дандаа ярьдаг юм .Ийм учраас миний хүсэл болоод хүүхдүүдийн цаашдын ирээдүйг бодож, У.Мөнхцэцэг бид 2-ыг эвлэрэх боломжоор хангаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч У.Мөнхцэцэг нь хариуцагч Ж.Бат-Эрдэнэд холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, сар бүр банкинд төлдөг 280 000 төгрөгний талыг нь гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч У.Мөнхцэцэг шүүх хуралдаанд “...Ж.Бат-Эрдэнэ архи их уудаг, агсам тавина, надад гар хүрч зодож байсан. Амьд явах эрхээ эдэлж тайван амьдармаар байна. Шүүхээс олгосон эвлэрүүлэх хугацаанд бид эвлэрээгүй тул гэрлэлтээ цуцлуулъя, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна, тэтгэлэг тогтоолгоно.Нэхэмжлэл гаргах үедээ сар бүр банкны зээлд төлдөг 280 000 төгрөгийн талыг Ж.Бат-Эрдэнээс гаргуулах шаардлага гаргасан.Энэ шаардлагаасаа татгалзаж байна.Учир нь үүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч Ж.Бат-Эрдэнэ шүүхэд “...миний хүсэл болоод хүүхдүүдийн цаашдын ирээдүйг бодож, У.Мөнхцэцэг бид хоёрыг эвлэрэх боломжоор хангаж өгнө үү” гэсэн тайлбар гаргаж байсан.

Гэрлэгчид нь 2007 онд гэр бүл болж, 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн тэдний дундаас 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Жаргалмаа, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Жигмид нар төрсөн нь Г-828 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, Г-1672, Г-359 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Зохигчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, гэрлэгчдэд шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч  эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

Хариуцагчид 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагт шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасныг баримтлан шүүх хуралдаан хойшлуулсан.

Дахин 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагч Ж.Бат-Эрдэнэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д заасныг баримтлан хариуцагчийг байхгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Гэрлэгчдийн дундаас төрсөн охин Б.Жаргалмаа, хүү Б.Жигмид нарыг асрамжиндаа авна гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдийн асрамжийн хувьд маргаантай байгаа.

Шүүх энэ байдлыг харгалзан үзэж Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэнг шинжээчээр томилсон боловч шинжээчээс “...2 хүүхдийн цаашдын асран хамгаалал, нөхцөл байдлын талаар Шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн тайлбар ирүүлсэн.

Охин Б.Жаргалмаагийн шүүхэд өгсөн ээжтэйгээ амьдарна гэсэн санал, хүү Б.Жигмэд бага насны, эцэг, эхийн зүгээс хүүхдүүдэд тавих анхаарал, халамж зэргийг харгалзан хүүхдүүдийн одоогийн амьдарч буй орчин нөхцөлийг заавал өөрчлөх шаардлагагүй гэж үзэж Б.Жаргалмаа, Ж.Жигмид нарыг эх У.Мөнхцэцэгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байгаа ба Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Ж.Бат-Эрдэнээс 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” тооцож нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно гэж заасан.

Ж.Бат-Эрдэнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан түүний 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгийн дүн 1 024 800 / амжиргааны доод түвшин 170 800 х12 сар=2 049 600 төгрөгийн 50 хувь 1 024 800 / төгрөгнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 29 145 төгрөг, 2 хүүхдийн 58 290 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч сар бүр банкны зээлд төлдөг 140 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, зохигчдын дунд дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдав.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 58 290 төгрөг гаргуулан төрийн санд үлдээх нь үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч У.Мөнхцэцэг, хариуцагч Ж.Бат-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Жаргалмаа, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Жигмид нарыг эх У.Мөнхцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Жаргалмаа, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Жигмид нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Ж.Бат-Эрдэнээс гаргуулан У.Мөнхцэцэгт олгосугай.

4.Нэхэмжлэгч сар бүр зээлд төлдөг  140 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, зохигчдын дунд дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 58 290 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай. 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА