| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0111/Э |
| Дугаар | 118 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 118
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат,
Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт А овогт О.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918008510085 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А овогт О.Г, 1982 оны 12 дугаар сарны 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, “Гантиг-Өргөө” ХХК-нд өрлөгийн туслах ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн /охин/ хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн ....... тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Г нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын .......... тоотод А.М маргалдан эрх чөлөөнд нь халдаж, түүний эрүүл мэндэд “зүүн талын зулай, дагзны цөмөрсөн ил хугарал, зүүн зулай, дагз орчимд шарх, цээжний зүүн тал, зүүн бугалганд цус хуралт, хагалгааны дараах байдал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн орчим***** над руу залгасан. Би ажлаа тараад оройн 20 цагийн орчим гэрт нь очиж, бид хоёр 1 шил архи хувааж уусан. Тэгээд А.М гарч явж байгаад оройн 23 цагийн орчим гэртээ орж ирээд надтай маргалдан сүх авч далайсан. Намайг босоод очих үед дахиад сүхээ далайхаар нь би хаалганы хажууд байсан зүйлээр А.М цохисон бөгөөд тухайн үед хүрз байсныг нь мэдээгүй. Тэгээд А.М толгойноос цус гараад байхаар нь “эмнэлэг явъя” гэтэл өөрөө “өглөө болъё” гэсэн. Тэгээд маргааш өглөө нь түргэн дуудаж эмнэлэгт хүргэж өгсөн. Эмчилгээний зардалд 1250000 төгрөг зарцуулсан. Гэм буруугийн асуудлаар маргахгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд эхнэр салаад явахдаа 1 охиноо надад үлдээхээр нь ээждээ үрчлүүлж, гэрчилгээг нь дахин авсан байгаа. Өндөр настай ээж, бага насны охины хамт амьдардаг учир ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-9/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-17/,
-Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хүрзийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 18/,
-Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрзэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19-20/,
-Хохирогч А.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...яг яаж харьсан гэдгээ мэдэхгүй байна. Тэр үед гэрт хүн байгаагүй, би нэг шил архи авчихсан байсан. Тэгсэн чинь ***** гаднаас ороод ирэхээр нь нөгөө архиа хувааж ууж байгаад юунаас болж маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. Тэр үед үүдэнд зуухны урд талд мод жижиглэх гээд тавиур доор барьчихсан байсан сүхийг бариад мод жижиглэж байсан. ***** цонхны хажуу талын буйдан дээр сууж байсан. Тэгээд би босож ирээд *****ыг айлгах гээд барьж байсан сүхээрээ цохих гээд далайсан. Тэгсэн нэг мэдсэн чинь толгой дээр таг гээд хатуу юм цохихоор нь газар унаад толгойгоо барьсан чинь толгойноос цус гараад эргээд даагдахгүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед надаас бүх зүйл болсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24/,
-Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М гэрт Г М хоёр нөгөө архиа уугаад үлдсэн. Тэгээд би явж байгаад шөнө 03 цагийн орчим ирсэн чинь М толгойноос цус гарчихсан, толгойгоо юмаар боочихсон байхаар нь “юу болсон юм бэ?” гэсэн чинь дуугараагүй. Тэгэхээр нь би тэр хоёрыг зодолдсон юм байна гэж ойлгоод унтаад өгсөн. Тэгсэн чинь өглөө эмнэлэг явна гээд 103 дуудаад эмч ирээд “эмнэлэг явна, нэг нь явъя.” гэсэн чинь Гээгий цуг яваад би унтаад үлдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,
-“...А.М биед зүүн талын зулай, дагзны цөмөрсөн ил хугарал, зүүн зулай дагз орчимд шарх, цээжний зүүн тал, зүүн бугалганд цус хуралт, хагалгааны дараах байдал бүхий шинэ гэтмэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч О.Г нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын ....... тоотод А.М маргалдан эрх чөлөөнд нь халдаж, толгойн тус газар хүрзээр цохисоны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн талын зулай, дагзны цөмөрсөн ил хугарал, зүүн зулай, дагз орчимд шарх, цээжний зүүн тал, зүүн бугалганд цус хуралт, хагалгааны дараах байдал” бүхий хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч О.Г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.М эрүүл мэндэд “зүүн талын зулай, дагзны цөмөрсөн ил хугарал, зүүн зулай, дагз орчимд шарх, цээжний зүүн тал, зүүн бугалганд цус хуралт, хагалгааны дараах байдал” бүхий хүнд гэмтэл учирсан бөгөөд хохирогч А.М нь мөрдөн байцаалтын шатанд “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед надаас бүх зүйл болсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24/ өгсөн, шүүхэд “...нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй, гарсан шүүхийн шийдвэрийг хүндэтгэж үзнэ.” гэх хүсэлт ирүүлсэн /хавтаст хэргийн 97/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Г нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, өндөр настай эх, бага насны дүүгийн /охины/ хамт амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 36 сарын хугацаанд эхний 35 сарын хугацаанд сар бүр 280000 төгрөгөөр, сүүлийн 1 сард нь 200000 төгрөгөөр тооцон, нийт 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч О.Г үүрэг болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт О.Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А овогт О.Г-д 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч О.Г оногдуулсан торгох ялын 10000000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш эхний 35 сарын хугацаанд сар бүр 280000 төгрөгөөр, сүүлийн 1 сард нь 200000 төгрөгөөр тооцон, нийт 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч О.Г үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч О.Г анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ