Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00022

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 03 өдөр                             Дугаар 142/ШШ2017/00022                                               Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1973 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-41-45 тоотод оршин суух Бэсүд овгийн Балдангийн Хишгээгийн /регистрийн дугаар ФБ73102509/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1979 онд төрсөн, 37 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн 17 дугаар гудамжны 05 тоотод оршин суух Монгол овгийн Энхбатын Үнэнбатад /регистрийн дугаар ФВ79052619/ холбогдох зээлээр худалдсан гар утасны үнэ 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Хишгээ, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Хишгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Үнэнбат нь ажил дээр ирж гар утас зээлээч дүү нь найдвартай өгнө гэсээр Самсунг с4 утас гэрээ хийж гарын үсгээ зуран зээлсэн. Тухайн үед нөхөртэй маань нэг байгууллагад ажилладаг болохоор итгээд өгсөн. Утсаар байнга ярьж гэр орноор нь олон удаа очсон. Сүүлдээ утас нь холбогдохгүй, ажлаар нь очиход Солонгос явсан байсан. Солонгосоос ирэхээр нь ажил дээр нь очиход өгнө өгнө гэж хэлж, үл тоосон байдалтай байдаг. Иймд миний 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Э.Үнэнбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Хишгээ эгчид 200 000 төгрөг өгөх ёсгүй, 50 000 төгрөгийг нь өөрийнх нь данс руу нь шилжүүлсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Хишгээ хариуцагч Э.Үнэнбатаас зээлээр худалдсан гар утасны үнэ 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...2015 оны 12 дугаар сарын 05-нд Н.Үнэнбат эхнэрийн хамт ирээд 2 ширхэг S4 маркын гар утас 2 ширхэгийг авсан.Нэгийг нь 220 000 төгрөгөөр авсан.Эхнэр нь утасны мөнгөө төлж дуусгасан.Харин Э.Үнэнбат утасны үнийг төлөөгүй.Тиймээс Э.Үнэнбатаас утасны үнэ 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч Э.Үнэнбат шүүхэд “Миний бие Хишгээ эгчид 200 000 төгрөг өгөх ёсгүй, 50 000 төгрөгийг нь өөрийнх нь данс руу нь шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргасан.

Зохигчдын хооронд гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч Э.Үнэнбатын гарын үсэг бүхий “...2015 оны 12 дугаар сарын 05-нд Э.Үнэнбат нь самсунг S4 маркын гар утас 1 сарын хугацаатай зээлэв.Үнэ 200 000 төгрөг үлдэв” тодорхойлолтоор тогтоогдож байна.

Хариуцагч Э.Үнэнбат дээрхи үйл баримт болсон тухайд маргаагүй, харин нэхэмжлэгчид 50 000 төгрөгийг төлсөн учраас 200 000 төгрөг төлөх ёсгүй гэж мэтгэлцэж, энэ тайлбартайгаа холбогдуулан Б.Хишгээд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 50 000 төгрөгийг түүний Хаан банкны 5094083016 дугаар данс руу шилжүүлсэн орлогын мэдүүлэгийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Нэхэмжлэгч 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр түүний Хаан банкны 5094083016 тоот дансанд 50 000 төгрөг шилжиж ирсэн тухайд маргаагүй.

Зохигчид S4 маркын 200 000 төгрөгийн гар утасыг 2015 оны 12 дугаар сарын 05-нд зээлээр худалдаж, худалдан авсан нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа ба ийнхүү худалдан авсанаас хойш хариуцагч 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 50 000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Э.Үнэнбатаас гар утасны үлдэгдэл төлбөр болох 150 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Үнэнбатаас 150 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хишгээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Үнэнбатаас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хишгээд олгосугай.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

      4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛСАН ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА