| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0071/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2020-03-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 127
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.О-д холбогдох эрүүгийн 2018001500111 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Э.О 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, эмэгтэй, 39 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн ......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.О нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн .......... тоотод Б.А-ийн эрх чөлөөнд халдаж, хөлөөрөө тийрч унагасны улмаас эрүүл мэндэд нь “зүүн гарын шуу ясны битүү хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А та намайг өшиглөж унагаагаад миний гарыг хугалчихсан гэж надад хэлэхээр нь би уучлалт гуйсан.
...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,
-Хохирогч Б.А Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3/,
-Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай ээж *****гийн төрсөн өдөр болж ах дүү нар манайд буюу Санжинт багийн ........ тоотод ирсэн. Тэгээд бүгд цай унд ууж, дараа нь архи дарс пиво уучихаад гэгээ тасархаас өмнө бүгд гэр лүүгээ явцгаасан. Харин ээжийн төрсөн ах болох М өөрийн эхнэртэйгээ үлдсэн бөгөөд хөдөөнөөс ирсэн манай ээжийн дүү А нөхөртэйгээ хамт манайд үлдсэн. Тэгтэл М ахын эхнэр нь болох О эгч архи уучихаад согтож М ахыг “нохой *****, чи намайг гадаа хонуулдаг, хүмүүс чамайг угаасаа нохой гэж дууддаг” гэх мэт үг хэлж хэл амаар нөхрөө доромжилсон. Мөн манай ээжийг “гуйлгачин авгай, чи ямар сайндаа шороо ухаад явдаг юм” гэх мэтээр доромжлохоор нь би ээжийгээ өмөөрч өөдөөс нь “чам шиг авгай хэн болчихоод хүмүүсийг ингэж доромжлоод байгаа юм, манайхаас гарч зайл” гэж хэлсэн чинь О эгч буйдан дээрээсээ босож ирээд миний үснээс зулгаахад М ах салгасан ба О эгч ирж М ах руу дайрч “Шарын голын чинь цагдаа үйлчлэхгүй, чи ах дүү нартайгаа нийллээ” гэх мэтээр маргасан ба би дундуур нь орсон чинь намайг хөлөөрөө тийрч газар унагах үед би гараа эвгүй дарж унаад гэмтээсэн.
...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 7-9/,
-Гэрч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр миний төрсөн өдөр болж манай гэрт буюу Санжинт багийн Ойчдын ***** тоотод садан төрлийн хүмүүс миний төрсөн өдөрт ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа манайд ирсэн зарим хүмүүс явцгааж миний төрсөн ах М болон сүүлд хамт амьдарч байгаа О, мөн Г, түүний эхнэр А нар үлдсэн. Ингээд би хэсэг унтаж амарч байтал гэрт хүмүүс шуугиад дуугархаар нь би “юу болов оо” гээд босоод ирэхэд миний охин А “гар хугарчихлаа, ээж” гэж хэлсэн.
...манай охин А газар унасан байхаар нь би татаад босгоод иртэл “ээж ээ, О эгч намайг өшиглөж унагаад гар хугалчихлаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/,
-Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Ингээд архи ууж байхад ***** архи уугаад согтоод агсам тавиад А маргалдаад хэрэлдээд сүүлдээ барилцаж авсан. Тэгэхээр нь би босож салгачихаад хөл өвдөөд байхаар нь би буцаад орон дээр хэвтсэн. Тухайн үед бас би архи уугаад зарим зүйлийг нь санахгүй байна, нэг мэдсэн чинь А “ёо ёо гар” гэж орилсон. Тэгээд А гараа сойсон байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,
-“зүүн гарын шуу хэлбэр зөв биш. Хугарсан байж болзошгүй, рентгэн зураг авахуулах шаардлагатай.” Гэх Дархан-Уул аймгийн Шарын гол сумын эмч н.*****гийн тодорхойлолт / хавтаст хэргийн 14/,
“...Б.А биед зүүн гарын шуу ясны битүү хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр буюу хүчтэй цохигдох, дарж унах үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 180 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 16-17/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Э.О нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Ойчдын ........... тоотод Б.А эрх чөлөөнд халдаж, хөлөөрөө тийрч унагасны улмаас эрүүл мэндэд нь “зүүн гарын шуу ясны битүү хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 180 шинжээчийн дүгнэлт /хэргийн 16-17/-ээр нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Э.О хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсаны гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А эрүүл мэндэд “зүүн гарын шуу ясны битүү хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 41/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Э.*****ад анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Э.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б овогт Э.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Э.О оногдуулсан торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Э.О үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ