Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 130

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгч С.П /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.П-т холбогдох эрүүгийн 1918007290564 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт С.П 1982 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, баяжуулалтын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Үйлдвэрийн ........... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.П нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө 05 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран” зочид буудалд дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, цагдаагийн ахлах ахлагч Х.О албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан албаны автомашинд суулгах үед нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн, эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөх явцад мөн нүүрэн тус газар нь 1 удаа мөргөж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр :

 

-Шүүгдэгч С.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд нэг харсан чинь цагдаа нар орж ирээд намайг авч явах гээд байсан би эсэргүүцсэн. ...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,

 

-“Наран” зочид буудлын хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хавтаст хэргийн 6/,

 

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7/,

 

-Хохирогч Х.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...”Наран” зочид буудлын гадаа миний нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн, Эрүүлжүүлэх саатуулах байранд нэг удаа мөргөсөн.

...надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9/,

 

-Гэрч Ч.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид гурав тус этгээдийн 2 гарыг ард нь гавлаад автомашины арын суудалд суулгаад ахлах ахлагч Н.О хаалга хаах гэтэл өөдөөс нь нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөөд авсан. Эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгөх явцад жолооч ахлах ахлагч Х.Отгонбаярын зүүн хөмсгөн тус газар нэг удаа мөргөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12/,

 

-Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...улаан өнгийн биеийн тамирын цамц өмссөн 178 см орчим өндөртэй, 35 орчим насны согтуу эрэгтэйг авч гарч ирээд машинд суулгах гэтэл шаардлага эсэргүүцэж “суухгүй, намайг яах гэж авч явах гээд байгаа юм, пиздагийн цагдаа нар ингэдэг байхгүй юу?” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би машинаас бууж очоод “яагаад цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцээд байгаа юм бэ?, бид иргэний гомдлын дагуу таныг цагдаагийн байгууллагад авч очиж шалгах гэж байна” гэж хэлтэл “та муу сайн нар чаддаг юм бол суулга” гэж хэлээд миний зүүн талын энгэрээс бариад авахаар нь бүрэлдэхүүний алба хаагч нарын хамтаар гарыг нь тавиулж, ард нь гавлаад машины ард суулгахад жолооч, ахлах ахлагч Х.О нүүрэн тус газар нэг удаа өшиглөөд авсан. Тэгээд эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгөх явцад дахин шаардлага эсэргүүцэж, жолооч ахлах ахлагч Х.О нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/,

 

-Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө С.П согтуу над руу агсам тавиад байсан. Тэгээд агсам тавиад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд өглөөний 05 цагийн орчим цагдаа нар ирээд С.П эрүүлжүүлэх байр руу авч явах гэтэл эсэргүүцээд “үгүй” гээд эхэндээ хэрэлдээд байсан. Дараа нь цагдаа нар хүч хэрэглэж байгаад гавлаад аваад гарсан. Тэгсэн чинь намхан жижиг биетэй цагдаагийн хувцаснаас П татаад байсан. Тэгээд П тэр цагдаа руу “би чиний чигчий хурууг хугалчих уу?” гээд орилоод байсан. Тэгж байгаад цагдаа нар аваад гарсан. Гадаа гараад юу болсныг хараагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,

 

-“...Х.О биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч С.П нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө 05 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран” зочид буудалд дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, цагдаагийн ахлах ахлагч Х.О албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан албаны автомашинд суулгах үед нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн, мөн эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөх явцад мөн нүүрэн тус газар нь 1 удаа мөргөж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч С.П хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.О эрүүл мэндэд хохирол учраагүй болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 23/ нотлогдож байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь “...надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч С.П гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.П нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.П нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлын харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт С.П-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б овогт С.П-т  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих  ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.П оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.П энэ хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Пүрэв-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ