Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 803

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Хохирогч В.Эрдэнэбат,

Шүүгдэгч Г.Д , түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Д д холбогдох эрүүгийн 1806 08830 0532 дугаартай хэргийг шүүх 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Тамир суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялаа эдэлж байгаа, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Г.Д .

    

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.Д  нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусдын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Консул товер” хотхоны 126 тоот орон сууцыг иргэн В.Эрдэнэбатад өөрийн байр мэтээр ойлгуулж, “байрны урьдчилгаа өг” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар 18.480.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5037561967 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан

үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Эрдэнэбат мэдүүлэхдээ: “...Г.Д  эгчтай анх уулзахад “байрыг асуудалгүй авч өгнө, үлдэгдлийг банкнаас авч өгнө” гэж хэлж байсан. Манай эгчийн найз Содбаатар гэдэг хүн Г.Д  эгчтэй намайг танилцуулсан. Би хүнээс мөнгө зээлээд тэр өрөө дарахын тулд 2018 онд Солонгос улс руу ажил хийхээр явсан. Хүний зовлонгоор жаргал хийж байгаа юм шиг одоо энд гэмшиж байна гээд сууж байна. Энэ мөнгийг бага багаар төлнө гэх юм хэзээ төлж дуусах нь тодорхойгүй. Сард 25.000 төгрөгийг аваад хэзээ энэ төлбөр төлөгдөж дуусах вэ, одоо хүртэл энэ өр ширээ дарах зорилгоор байнга ажил төрөл хийгээд явж байна. Хохирлоо бүрэн барагдуулмаар байна.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч В.Эрдэнэбатын өгсөн мэдүүлэг /хх-25-27/, гэрч В.Туяагийн өгсөн мэдүүлэг /хх-29-30/, Хаан банкны дансны хуулга /хх-28, 92-95/, гэрч Н.Батчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-33-34/, “Эс Си Эм” ХХК-ийн болон Г.Д  нарын хооронд байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц, хөрөнгө оруулалтын гэрээ, “Эс Си Эм” ХХК-ийн болон Б.Мөнх-Эрдэнэ нарын байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц, хөрөнгө оруулалтын гэрээ /37-41/, шүүгдэгч Г.Д гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-51/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-55-75/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.Д  нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусдын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Консул товер” хотхоны 126 тоот орон сууцыг иргэн В.Эрдэнэбатад өөрийн байр мэтээр ойлгуулж, “байрны урьдчилгаа өг” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар 18.480.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5037561967 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.Эрдэнэбатын өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын эхний долоо хоногт манай эгчийн найз Б.Содбаатар гээд хүн над руу залгаад “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул товер” гээд хотхонд хямдхан 2 өрөө байр зарна, миний таньдаг хүн байгаа 10 жилийн нэг ангийн эмэгтэй байгаа” гэсэн. Тэгээд намайг “Г.Д  гэдэг хүүхэнтэй холбогд” гээд 99863788 гэсэн дугаар өгөхөөр нь би тэр даруйд нь залгасан чинь “байр байгаа очоод үзээ” гэсэн. Тэгэхээр нь маргааш нь очоод үзэх гэсэн чинь “миний авах байрны түлхүүр байхгүй” гээд борлуулагч нь доод давхрын яг адилхан 2 өрөө байрыг үзүүлсэн. Тэгээд үзээд Г.Д  гэх хүүхэн рүү залгаад “урьдчилгаа хэдэн төгрөг өгөх вэ, байраа хэдэн төгрөгөөр зарах вэ” гэсэн чинь “би байраа 97 саяаар зарна” гэсэн. Тэгээд “одоо 10 хувь болох 18.480.000 төгрөг урьдчилгаа болгоод өгчих” гэсэн. Тэгэхээр нь 2017 оны 10 дугаар сарын       10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Сувдан сондор хотхоны 1-1 тоотод байх ажлын байран дээр нь очоод Г.Д  гэх хүүхэнтэй уулзаад 5037561967 гэх “Хаан” банкны дансыг аваад 10% болох 18.480.000 төгрөгөө “Жоби 72” “Хаан” банк гэсэн газраас өөрийн 5072039674 гэсэн данснаас шилжүүлсэн. Тэгсэн чинь Г.Д  нь “2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэхэд чиний зээлийг бүтээгээд байранд чинь шууд оруулна” гэсэн. Тэрнээс хойш залгаж асуухаар 2018 оны 3 дугаар cap хүртэл “чиний банкны зээл бүтэхгүй байна” гэж хариу хэлдэг байсан. Сүүлдээ “мөнгөө авъя” гэхээр “мөнгө чинь банкинд дансанд байршсан байгаа болохоор болохгүй байна” гээд байдаг байсан. Тэрнээс хойш намайг 2018 оны 9 дүгээр сард Солонгос улс руу эмчилгээнд явсан хойгуур төрсөн эгч В.Туяа миний авах гэсэн байранд 2018 оны 10 дугаар сард очиж үзэхэд хүн ороод амьдарч байсан. Тэгээд ажил дээр нь очиход тэндээ байхгүй байсан. Тэгээд асуугаад сураглахад хорих 461 дүгээр ангид залилан хийгээд хоригдож гэсэн.” /хх-25-27/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Туяагийн өгсөн: “...Тэгээд маргааш нь Б.Содбаатар, В.Эрдэнэбат хоёр Г.Д тэй очоод уулзаад байрыг нь үзсэн гэсэн. Тэгээд манай дүү В.Эрдэнэбат нь урьдчилгаа 10 хувь болох 18.480.000 төгрөгийг Г.Д гийн дансанд шилжүүлж байсан. Тэгээд удахгүй байрандаа орно гээд байж байтал асуудал сунжраад л байсан. В.Эрдэнэбатыг Солонгос руу эмчилгээнд явсан хойно нь худалдан авах гэж байгаа байрандаа очиход өөр айл орсон байсан. Г.Д тэй цагдан хорих 461 дүгээр ангид очиж уулзахад “мөнгийг чинь эргүүлэн өгнө” гэж хэлж байсан.” /хх-29-30/ гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Содбаатарын өгсөн: “...2017 оны намар манай ангийн охин болох Г.Д  нь “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Консул товер” хотхонд 2 өрөө байр зарна” гэж өөрөө надад хэлж байсан. Тэгээд би зүс таних В.Эрдэнэбатын эгч В.Туяатай таараад ойр зуурын ярьж хөөрөхөд байр авах санаатай байгаа талаар надад хэлсэн. Тэгээд би Г.Д гийн байрыг санал болгон В.Эрдэнбатыг уулзуулсан. Хэдэн төгрөгөөр хэрхэн зарж байгаа талаар нь бол мэдээгүй. Нэг нь зарна, нөгөө нь авна гэж байсан болохоор хэлсэн. Энэ явдлаас хойш хэн хэнтэй нь уулзаагүй сар гаран болж байгаад В.Туяатай таарахад “байрандаа ороогүй байгаа, чи өөрөө хөөцөлдөж өг” гэж хэлсэн. Г.Д  болохоор “болно бүтнэ” гээд яриад л байдаг байсан.” /хх-31/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батчимэгийн өгсөн: “...Би “Эс си эм” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилладаг. Манай компани нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол 79 дүгээр байрны “Консул товер” гэх сууцыг захиалан бариулсан. Тус орон сууц маань 2 дугаар орцны 126 тоот 49.57 метр квадрат бүхий 2 өрөө байрыг худалдан авахаар Г.Д  гэх эмэгтэй 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн манай компанитай орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан боловч Г.Д  нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 11.532.500 төгрөгөө огт төлөөгүй. Тэгээд төлөхгүй байж байгаад 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлийн шаардлагын улмаас өөрийнхөө дүү Мөнх-Эрдэнийн нэр дээр өөрийнхөө гэрээгээ шилжүүлэх хэрэгтэй байна гээд хүсэлт гаргасан учир манай компани Г.Д тэй хийсэн гэрээг цуцалж Мөнх-Эрдэнэ гэх хүнтэй гэрээг нь шинэчлэн байгуулсан боловч Мөнх-Эрдэнэ нь мөн урьдчилгаа мөнгөө болон зээлийн материалаа огт бүрдүүлж өгөөгүй. Тэгээд манай компанийн зүгээс Должинсүрэн, Мөнх-Эрдэнэ нартай гэх хүмүүсээс урьдчилгаа мөнгөө болон зээлийн материалаа бүрдүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч уг хүмүүс өнөөдөр, маргааш хийнэ гэж явж байгаад сүүлдээ утсаа авахаа болиод сураггүй алга болсон. Иймд манай компани уг хүмүүстэй байгуулсан гэрээгээ цуцлагдсан гэж үзэж тус оныхоо 11 дүгээр сард уг байрыг нь дараагийн худалдан авагчдаа борлуулсан юм.” /хх-33-34/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Д гийн яллагдагчаар өгсөн: “...Миний нэрээр байр захиалгын гэрээ хийгдэж миий дансаар мөнгө орсон нь үнэн. Гэхдээ би энэ мөнгийг өөртөө авч хэрэглээгүй учир ял сонсоход хэцүү байна.” /хх-107-108/ гэх мэдүүлэг,

 

В.Эрдэнэбатын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 18.480.000 төгрөгийг В.Должинсүрэнгийн 5037561967 дугаартай дансанд шилжүүлсэн баримтын хуулбар /хх-28/,

 

“Хаан” банкны 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн АЮ67072061 регистрийн дугаартай Г.Д  нь 5037561967 дугаартай харилцах данс эзэмшдэг тухай 29/5205 дугаартай албан бичиг, дансны хуулга /хх-92-95/,

 

“Эс Си Эм” ХХК болон Г.Д  нарын байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц, хөрөнгө оруулалтын гэрээ, “Эс Си Эм” ХХК болон Б.Мөнх-Эрдэнэ нарын байгуулсан 2017 оны 7 дугаар сарын сарын 31-ний өдрийн орон сууц, хөрөнгө оруулалтын гэрээ /хх-37-41/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-55-75/ гэх зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Г.Д  нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусдын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Консул товер” хотхоны 126 тоот орон сууцыг иргэн В.Эрдэнэбатад өөрийн байр мэтээр ойлгуулж, “байрны урьдчилгаа өг” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар 18.480.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5037561967 дугаарын дансаар шилжүүлэн авч залилахдаа эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

 

Шүүгдэгч Г.Д  зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч, төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж авсан нь бусдын эд хөрөнгийг авах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно. Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Г.Д гийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусдын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Консул товер” хотхоны 126 тоот орон сууцыг иргэн В.Эрдэнэбатад өөрийн байр мэтээр ойлгуулж, “байрны урьдчилгаа өг” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар 18.480.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5037561967 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

        Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Д гээс 18.480.000 төгрөгийг гаргуулж хохирогч В.Эрдэнэбатад олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Г.Д гийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ял шийтгэлийг оногдуулах нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Урьд шүүгдэгч Г.Д  нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлэж байгаа бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 5 жил 6 сар 27 хоногийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан 407 дугаар хорих ангийн тодорхойлолтоор тогтоогдсон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1-д заасан “ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Г.Д д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 8 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор буюу оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэхыг ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Д  энэ хэрэгтээ 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 23 хоног цагдан хоригдсон ба үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулах нь тооцохоор тогтов.

 

Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Г.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Г.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Д гийн цагдан хоригдсон 23 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Г.Д д оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэхыг ялыг 6 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Г.Д д оногдуулсан 6 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Д гээс 18.480.000 төгрөгийг гаргуулж хохирогч болон В.Эрдэнэбатад олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Д д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС