Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 13

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа

            Улсын яллагч Н.Амаржаргал

Хохирогч Б.Б

Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Б холбогдох эрүүгийн 1940000000110 дугаартай хэргийг 2020 оны 01 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хажуу-Улаан суманд төрсөн, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ш.Б

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 11 сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хуушуур хаус” гэх гуанзанд ширээн дээр байсан Б.Б-ы гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад бага хэмжээний буюу 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                 Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Б.Б  2019 оны 11 сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 11 сарын 13-ны өдөр 16 цагийн үед тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуушуур хаус” нэртэй гуанзанд найз Ч  уулзаад хуушуур авч идсэн. Хуушуур хаусанд ороод хаалганы хажуу талын эхний ширээнд найзтайгаа хамт сууж 1 ширхэг хуушуур, 1 аяга цай захиалсан. Манай найз хоол захиалаагүй, хуушуур хаусыг ажиллуулдаг юм. Миний захиалсан хуушуур ирээд идэх гэж байхад Улаанбаатар хот руу дайвар өгч явуулна гэсэн машин маань Соёлын төвийн гадаа ирчихлээ гээд утсаар ярихаар нь өгч явуулах дайвараа аваад гар утсаа ширээн дээрээ орхиод гарсан. Тухайн үед манай найз хуушуур хаусны текэн дээр зогсож байсан. Би гуанзнаас гараад Соёлын төвийн хойд талд ирсэн машинд өгч явуулах дайвараа өгөөд эргээд орж ирээд ширээн дээрээ суутал миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь эхлээд Ч надаар тоглож байна гэж асуутал миний гар утсыг аваагүй гээд байсан. Би Чингүнээс намайг энд байхад ямар хүн сууж байлаа гээд асуухад нэг цагаан тортой юм барьсан, ахимаг насны эрэгтэй хүн байсан, тэр хүн аваад гарсан байж магадгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа хуушуур хауснаас гараад ойр хавиар нь хартал Хүслэн төвийн зүүн талд цагаан тортой юм барьсан эрэгтэй хүн явж байхаар нь дөхөж очоод өөрийнхөө дугаар руу залгасан чинь тэр хүнд миний гар утас дуугарахаар нь тэр ах руу очоод гар утсаа авъя гэж хэлтэл эхлээд “би чиний гар утсыг аваагүй гээд байснаа сүүлдээ эзэнгүй байсан гар утсыг нь авсан юм яадаг юм” гэж хэлээд гаргаад ирэхээр нь гар утсаа булаагаад авсан. Гар утсаа булааж авчихаад явах гэтэл тэр ах намайг явуулахгүй, зуураад, янз бүрээр доромжлоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Миний хар өнгийн Samsung маркийн гар утсыг Ш.Б гэдэг ах гуанзны ширээн дээрээс хулгайлж авсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 28-29 хуудас/

Гэрч Х.Ч 2019 оны 11 сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тус сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хуушуур хаус”-ыг ажиллуулдаг юм. 2019 оны 11 сарын 13-ны өдөр 16 цагийн үед найз Б.Б  ирээд 1 ширхэг хуушуур, 1 аяга цай захиалсан юм. Б.Б  орж ирээд хаалганы хажууд талд байрлах ширээн дээр суусан. Б.Б ыг орж ирэхээс өмнө саарал өнгийн куртиктэй гартаа цагаан өнгийн тортой юм барьчихсан хүн орж ирээд 2 ширхэг хуушуур, аяга цай захиалаад Б.Б суудаг ширээний хойд талын ширээнд сууж байсан. Бид хоёр юм яриад байж байтал Улаанбаатар хот руу дайвар явуулах гэж байгаа юм машин нь хүрээд ирлээ гээд гараад явсан. Удалгүй орж ирээд надаас гар утсаа асуусан тэгэхээр нь байхгүй, юу яриад байгаан гэтэл өгчих л дөө гээд асуугаад байхаар нь сая энд сууж байсан цагаан тортой юм барьсан саарал өнгийн куртиктэй хүн аваад явчихсан юм биш үү гэтэл Б.Б  гараад яваад өгсөн. Б.Б ыг орж ирэхэд тэр хүнээс өөр хүн байгаагүй, би тэр хүнийг Б.Б гар утсыг авч байгааг болон гар утсаа ширээн дээр үлдээж явсныг нь хараагүй. Удалгүй Б.Б тай ярихад утсаа олчихсон цагдаа дээр байна гээд ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-н 08 хуудас/

-Шүүгдэгч Ш.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2019 оны 11 сарын 13-ны өдөр би ганцаараа явж байгаад найзынхаа гэрээс хоолны мах аваад харьж явсан юм. Би мах авсан найзынхаа гэрт гарахаасаа өмнө 0.5 литрийн архи хувааж уугаад дуусахаар нь гарсан. Гэр рүүгээ харьж байх замдаа Соёлын төвийн баруун хойд талд байдаг “Хуушуур хаус” руу хуушуур идэхээр орсон. Би ганцаараа хуушуур хаус руу ороод цонхон талын ширээн дээр суугаад 2 ширхэг хуушуур захиалж авч идсэн. Хуушуураа идэж дуусаад барьж явсан махаа хоол идсэн ширээн дээрээ орхиод босож очоод хуушуурны тооцоог хийгээд эргээд махаа авах гээд ширээн дээрээ очтол миний сууж байсан ширээний хажуу талд байх ширээн дээр нэг ширхэг том дэлгэцтэй, ухаалаг гар утас байхаар нь авсан. Эзэн нь байхгүй, нэг ширхэг гар утас байхаар нь олз гэж бодоод авчихсан. Тэгээд хуушуур хауснаас гэртээ харих гээд гараад явсан. Хуушуур хауснаас гараад гэр рүүгээ харих гэж явж байгаад салхинд цохиулсан юм уу яасан юм юу болсныг мэдэхгүй байгаа, нэг мэдсэн цагдаа дээр ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-н 22-23 хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-н 1 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХK-ийн гаргасан эд зүйлийн үнэлгээ /хх-н 11-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 45 хуудас/

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 56 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111-114/

-Хохирогч Б.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би мөрдөн байцаалтад бүх мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Гар утсаа Ш.Б өөс буцаагаад авсан. Гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг

-Шүүгдэгч Ш.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Б.Б гийн гар утсыг ширээн дээр байхад авсан нь үнэн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч Ш.Б-гийн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 11 сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хуушуур хаус” гэх гуанзанд ширээн дээр байсан хохирогч Б.Б ы гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад бага хэмжээний буюу 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

Хохирогч Б.Б , гэрч Х.Ч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн хөрөнгийн үнэлгээ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

Тухайлбал шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 11 сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хуушуур хаус” гэх гуанзанд ширээн дээр байсан хохирогч Б.Б ы гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад бага хэмжээний буюу 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.     

          Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр,  шунахайн сэдэлтээр үйлдсэн байна. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хэр нь түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгох бол шунахайн сэдэлт гэдэгт өөрт болон бусад этгээдэд эдийн болон эдийн бус баялаг олж авах, эд хөрөнгийн ашиг хонжоо олох гэсэн эрмэлзлээр тодорхойлогдоно.  

Шүүгдэгч Ш.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ буюу гар утасны үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-иар үнэлүүлсэн нь тухайн хэргийг үнэн зөв бодитойгоор шийдвэрлэх боломжтой, хуульд нийцсэн байна дүгнэлээ.

          Хохирогч Б.Б  нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би Самсунг А6 маркийн гар утсаа бүрэн бүтэн олж авсан” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Иймд энэ хэрэгт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ш.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм.

            Тус гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийн хувьд хохирогчийн эд хөрөнгөндөө хэт хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүхээс шүүгдэгч Ш.Б хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Ш.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Ш.Б нь  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  6.5  дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.  

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 56 тоот “шүүгдэгч Ш.Б нь шинж тэмдгийн уналт таталт эмгэгтэй. Дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. Тодорхой үе шаттайгаар явагддаггүй эмгэг болно. Ш.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан. Ш.Б нь мэдүүлэг өгөх чадвартай. Ш.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан. Ш.Б дээрх эмгэг нь уналт таталт өгч, ухамсарт ухаан алдагдсан эмгэг бухимдал үүссэн үедээ өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой болно” гэх шинжээчийн дүгнэлтээр Ш.Б  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч Ш.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Уг ялыг тэнсэх боломжтой” гэх дүгнэлтийг гаргасан байх тул шүүхээс шүүгдэгч Ш.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Б-г хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулах нь зүйтэй байна.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2

дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь: 

 

1.Шүүгдэгч Ш.Б бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Орлой овогт Шагдарсүрэнгийн Бөхмөрөнг хорих ял оногдуулахгүйгээр 01  /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч  Ш.Б  тэнсэгдсэн 01 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б  тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдоогүй, энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй,  шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       М.ЭНХМАНДАХ